Эрдмийн хамт олон гэдэг нь магистрын дипломын ажил, боловсролын доктор (Ph.D), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимол, судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг хийдэг хамт олныг хэлдэг.
Гэтэл 2021 оны 3-р сарын 09-ний өдөр ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн (ФТХ)-ийн захирлын сонгон шалгаруулалт болж ФТХ-ийн нийт ажилчдын хурал зохион байгуулахад аж ахуйн (үйлчлэгч, жолооч, нярав, нягтлан зэрэг) 17 ажилтан, төслийн гэрээт 9 ажилтан гээд Эрдмийн хамт олонд хамаарахгүй хүмүүс оролцжээ. Санал хураалт будлиантай болсон тул миний бие ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байсаар 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тушаал гаргаж Ж.Даваасамбууг ФТХ-ийн захирлаар томилов.
Хариу өгөхгүй томилгоо хийсний маргааш нь ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулах комиссын ахлагчаас надад хаяглан хөдөлмөрийн гэрээтэй бүх ажилчид, захирал сонгон шалгаруулах санал хураалтанд оролцох эрх, үүрэгтэй гэх тайлбарыг бичгээр өгөв. Эндээс үзэхэд ШУА, тэндээс томилсон Захирал сонгон шалгаруулах комисс нь ёс төдий сонгон шалгаруулалт явуулж, санаатайгаар санал хураалтыг будлиантуулан өөрсдийн хүнийг захирлаар томилж байгаа дүр зураг харагдана.
Энэ явдлаас үүдэн хариу нэхсэн доорх асуултууд надад байна.
– “ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын 2.4.7-д “нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүрээлэнгийн эрдмийн хамт олонд танилцуулах, санал авах ажлыг комисс зохион байгуулна” гэсний дагуу миний бие Шинжлэх Ухааны Академийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2018-2025/, ШУА-ийн ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, тухайн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн “Үндэсний тэргүүлэх эрдмийн байгууллагын сүлжээнээс олон улсын эрдмийн байгууллагын сүлжээнд өрсөлдөх чадвар бүхий тогтолцоо руу” хэмээх өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Гэтэл шинжлэх ухааны асуудлыг хэлэлцэн сонголтоо хийх ёстой “эрдмийн хамт олон”-ы маань шийдвэрлэх хэмжээний их саналыг эрдэм шинжилгээний ажилтанд үл тооцогдох үйлчилгээний ажилтнууд эзэлж байгааг хараад ихэд гайхсан бөгөөд журмынхаа үг үсгийг яагаад мөрдөөгүйн учрыг ШУА-ийн удирдлага тайлбарлаж чадахгүй байна.
– Хэрэв Эрдмийн хамт олон буюу эрдэм шинжилгээний ажилтнууд бус нийт ажилчдын хурлаас эрдэм шинжилгээний байгууллагын захирлыг сонгох юм бол салбарынхаа өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулан танилцуулах чухам ямар хэрэгцээ шаардлага байна вэ? Хүрээлэнд хэрэгжиж буй суурь судалгааны төслийн бүтээмж, олон улсын судалгааны төв, олон улсын төсөлд хамрагдах, физикийн шинжлэх ухааны салбарын хөгжил гэх мэт хөгжлийн ба шинжлэх ухааны бодлогын талаар ярих хэрэг байна уу?
– Энэ логикоор Эрдмийн хамт олон гэдэгт үйлчлэгч, жолооч, нярав, нягтлан хамаардаг юм бол “Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг” гэх магистрын дипломын ажил, боловсролын доктор (Ph.D), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимол, судалгааны ажлын тайлангийн хуралд эдгээр хүмүүсийг заавал оруулан хэлэлцүүлэх хэрэгтэй бус уу?
– Энэ зарчмаа тууштай баримталбаас цаашид ШУА-ийн ерөнхийлөгчийг ШУА-ийн нийт академичдийн хурал буюу Их чуулганаас сонгож, Ерөнхий сайд батламжилдаг ёсыг халаад нийт ард иргэд дундаасаа, эсвэл ШУА-ийн бүх ажилтан, түүний дотор жолооч, үйлчлэгч, нярав, нягтлангаа оруулж сонгодог болох нь зөв бус уу?
– Аливаа улс орны эрдэмтдийн шударга өрсөлдөөн, хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны ололт амжилтыг дагуулдаг дэлхийн жишиг бий. Харин тэрхүү эрдэмтэн-захирлыг үйлчлэгч, жолооч, няраваар сонгуулахыг хүлээн зөвшөөрч, дэмждэг хүн ШУА-ийн ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын шинжлэх ухаан, технологийн зөвлөх байгаа нь туйлын харамсалтай. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй дээрх маргаантай асуудлаар уулзалт зохион байгуулахаар удаа дараа оролдсон боловч хариу өгөхгүй байгаа тул ийнхүү олон нийтэд мэдээлж байгааг та бүхэн ойлгоорой. Цаашид энэ асуудлаар би зохих газруудад гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно.
ЖИЧ: Би энэхүү бичвэрээрээ хүнийг мэдлэг боловсрол, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаагүй бөгөөд харин Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилготой ШУА, түүний харьяа хүрээлэнгүүдэд үүсээд байгаа улс төржилт, албан тушаалын булхай, хууль бус сонгон шалгаруулалт, ШУА-д бугласан ашиг сонирхлын бүлэглэлүүд хэрхэн Монголын шинжлэх ухаан, технологийн салбарыг доройтуулж, өөрсдийн явцуу ашиг сонирхолд нийцүүлэхээр хичээж байгааг олон нийтэд илчлэхийг хүссэн болно.
Доктор С.САРАН 2021 оны 4-р сарын 30
Discussion about this post