-Кинонууд ар араасаа хийгдэж байна. Та эднийг үздэг үү, ер нь хэр зөв гэж боддог вэ?
-Технологийн дэвшил боломжтой холбоотойгоор хагас сонирхогчийн технологиор кино хийх боломж их болсон. Яахав хүний эрхийн асуудал. Тэр утгаараа хүний үг хэлэх эрхийг бид хорьж болохгүй ш дээ. Бид муулаад ч нэмэргүй, магтаад ч нэмэргүй үзэгдэл. Шилжилтийн үед ийм үзэгдэл байдаг, юмс байр байрандаа очоогүй л байна. Нэг хоолны газрынхан кино хийсэн байна лээ. “Би чамд хайртай 2” гээд…Тэд бас зориглоод кино хийсэн нь болж байна. Ер нь миний сонссоноор энэ кино, ”Боолын гэрээ” хоёр л гайгүй орлого олсон юм билээ. “Ану хатан”, “Ларьдма” хоёр гайгүй байх шиг байна. Тэгэхдээ хэвийн кино бизнесийн түвшинд бол биш. Кино хэвийн бизнес байхын тулд тухайн газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүсийн 6 хувь нь үзчихдэг байвал кино бизнес байна гэдэг. “Бөгжний эзэн” юмуу, “Хүн аалз” шиг хүчтэй реклам сурталчилгаа явуулбал хүмүүсийн 15-20 хувь нь үзчихдэг, сурталчилгаагүй 6 хувь нь үздэг байвал хэвийн бизнес. Монголын хэмжүүрээр бодоход нэг киног 150 орчим мянган хүн асуудалгүй үзчихдэг бол тэр нь шоу бизнес гэж ярих боломжтой. Гэтэл манай рекорд нь 44 мянган хүн үзсэн “Жинжиймаа” кино юм даа. Тэр болтол дотоодын зах зээл дээр ямар нэг юм хийх хэцүү болчихоод байгаа юм. Жишээлбэл “Ингэн нулимс”, “Шар нохойн там”-ыг европт 400 мянган хүн үзсэн байгаа юм. Европын хэмжүүрээр энэ бага тоо, үзээгүйтэй адил. Европт 300 гаруй сая хүн байгаа ш дээ. Оросоо оруулбал бүр бага тоо гарна. 1 хувьд ч хүрэхгүй. Хойд Америк, Японд гарсан болохоор 1 сая хүн үзсэн. Тэгэхээр энэ бол бизнес. Хэрвээ дорвитой юм бодвол бид гадагшаагаа л гарах ёстой. Миний хувьд гадныхантай хамтарч захиалга авч ажиллаж байгаа.
-“Янаг дурлалын дууль”-ийг хийсэн. Тэр үед байраа ломбарданд тавьж кино хийлээ гэж ярьдаг байсан?
-Байраа ломбарданд тавьж кино хийнэ гэдэг хамгийн муу менежмент. Би тийм юм хийж байгаагүй. Энэ киног хийх хүртэл дэврүүн сэтгэлтэй байсан. Кино хийгээд л мөнгө олоод алаад хаячихъя л гэж бодсон. Жаахан мөнгө олсон. Энэ киног 30 гаруй мянган хүн үзсэн. Энэ киногоо насанд хүрэгчдэд зориулж гаргасан болохоор үзэгчдийнхээ тоо 50 хувиар багасгачихдаг. Киноны гол үзэгчид 13-19 насныхан. Гэтэл 18-аас дээш насныхан үзнэ гэхээр гол үзэгчдээ хасаад хаячихаж байгаа юм. Тэгэхэд чамлахааргүй орлого олсон. “Ээждээ үнсүүлэхсэн” гэдэг кино хийсэн. Дуусахын даваан дээр студи нь тарж бутрах маяг ороод нөгөө хүмүүстээ өгсөн. Тэр бол хамаагүй, ямар нэг зохиогчийн эрх хуваалцах сонирхол байхгүй. Бие дааж уран сайхны кино хийгээгүй ээ, хүмүүсийн киног л зөндөө хийж өгсөн. Биднээр хийлгэсэн кинонууд нь энд тэнд түрүүлчихсэн явж л байдаг. Хүмүүст кино хийж өгөх нь бидний бизнес юм даа.
-Сүүлийн үед яагаад өөрийн нэрээ гаргаж кино хийхгүй таг болчихсон юм бэ?
-Дотоодын зах зээл дээр их хэцүү. Яг үнэнийг хэлэхэд үр дүн багатай байна. Эртний Грекийн домогт Сезиф гэдэг нөхөр Зевс бурхнаас шийтгэл авсан байгаа юм. Том чулууг уулын орой дээр өнхрүүлж гаргах ёстой. Орой дээр арай гэж авчрангуут нөгөө Зевс нь буцаагаад ёроол рүү нь түлхэж унагаад Сезиф нь ахиад дээш нь гаргаад л байдаг. Одоо кино хийх гэдэг яг л түүн шиг ажил болж байна. Монголын зах зээлд кино хийгээд орох оронтой л болсон байх. Бүр юу ч олдоггүй гэж хэлэхгүй. Маш их хөдөлмөр зараад багыг олж байгаа учраас үр дүнгүй санагддаг. “Хүрлээ “Боолын гэрээ”-г хийгээд 200 саяыг олсон юм гэнэ билээ” гэж шагшраад байдаг. 50 хувийг нь шууд кинотеатр нь авна. Тэгэхээр 100 сая л үлдэнэ. Киног 50 саяар хийсэн гэж байгаа. 50 сая үлдэнэ, маркетингийн зардал хасагдана. Кинотеатр маркетингийн зардлаас хуваалцдаггүй. Тэгээд үлдсэн мөнгөө хэдэн хүн хуваах уу, юу үлдэх үү хэцүү ш дээ. Тэгээд хэдэн сар ажиллаж нэг кино хийсэн байгаа. Ингэж бодохоор хэцүү, харин кинотеатр бол зүгээр сууж байгаад мөнгө олоод байна. Тэгэхээр би чулуу өнхрүүлмээргүй байна. Яахав болсон болоогүй юм хийгээд кинотеатрт гаргаад байж болно. Би бүгдийг нь гэж хэлэхгүй, гэхдээ одоо энэ гарч байгаа кинонуудын гуравны нэг нь бидний оролцоотой бүтэж байгаа. Ер нь кино мундаг бизнес. Шинэ Зеланд улс бодлогоор 300 сая доллар зараад “Бөгжний эзэн” кино хийхдээ 13 өөр газар зураг авалтыг нь хийсэн. Одоо тэр киног үзсэн үзэгчид тэр зураг авсан газрыг нь үзэх гээд шуурч байна. Сая Египет яваад ирлээ. Муми 1,2 кино гарснаас болоод жуулчид оволзож байна. Жилдээ 33 сая жуулчин авдаг юм биш үү. Манайх чинь хажууд нь инээдтэй, бүх хилээр орж ирсэн хүнээ жуулчин гэчихээд 300 мянган хүн ирсэн гэдэг. Жуулчны компаниар 100 мянган хүн л ирдэг гэсэн. Кино үзээд сэтгэл нь хөдлөөд ирж байгаа хүн бол жинхэнэ жуулчин. Манайд үүргэвчтэй аялагч ирээд айлаар хоноод л тараг сүүг нь үнэгүй ууж байгаад л явчихдаг. Уг нь бид жуулчны компаниар оруулж ирж, нөгөө хэдээ саах ёстой байхгүй юу. Манайх жуулчдыг дагаад морь тэмээ хөтлөөд явдаг хүнийг ад үзээд байдаг. Уг нь тэд байж л байх ёстой л доо. Жуулчидтай газар тийм л байдаг. Худлаа бид хажуугаас нь Монголын минь нэр төр гэх ямар ч хэрэггүй л байхгүй юу.
-Таныг улстөрчидтэй л их хамтарч ажиллах болсон гэдэг. Сая ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцох шиг боллоо?
-Үгүй ээ. Тэр бол би бишээ. Хүн андуурсан юм шиг байна лээ. ИБМҮТ-өөс хайхад Батсайхан гэдэг нэр 9000 гаруй байдаг юм билээ. Ер нь 1960-70-аад оны дунд хүртэл түгээмэл өгч байсан нэр юм шиг байгаа юм. Би улс төрөөс их хол ш дээ. Бид баримтат кино хийгээд л явж байгаа.
-Та мэргэжлийн найруулагч мөн үү?
-Мэргэжил бол кино найруулагч. Яахав намайг мужаан хийж байсан гэсэн л байна лээ.Одоо тэр болгоны араас яваад байлтай нь биш дээ.
-Найруулагчид их таарамжгүй бие биенээ үгүйсгэдэг. Ер нь ямар кинонд дуртай вэ?
-Таалагдсан уу, таалагдаагүй гэдэг сонин асуудал. Би өмнөх үеийн киног бүгдийг нь үзсэн. Тэгэхэд хоёрхон кино л таалагддаг. Балжинням гуайн “Сүүдэр”, Жумдааны “Тэнгэрийн сахил” хоёр. Тэгсний төлөө бусдыг нь үгүйсгэлээ гэж үзэж болохгүй. Тэр бол миний л таашаал. “Тунгалаг тамир” бол маш гоё кино юм гэж ярьдаг хүмүүс байдаг, тэр бол тэдний л асуудал. Надад “Тунгалаг тамир”, “Ардын элч” таалагддаггүй. Тэглээ гээд тэрийг үгүйсгэж байгаа юм биш. Урлагийн таашаал гэдэг их зовлонтой зүйл. Надад бол надаас өөр хүн хийсэн учраас гэдэг үнэлэмж байхгүй.
-Монгол киноноос хоёр кино л таалагддаг гэлээ. Харин найруулагчдаас хэнийг сайн найруулагч гэж үнэлдэг вэ?
-Бямбаа гээд нэг залуу байдаг. “Нохойн орон”, “Хадаг” энэ тэрд оролцсон. Тэрний кино надад таалагддаг. Балжинням гуай бол зүгээр. Жумдааны “Тэнгэрийн сахил” нь бүр төгс болсон гэж хэлэхгүй ч их сонин болохоор дажгүй гэж бодсон. Харамсалтай нь Жумдаан дахиж юм хийсэнгүй, жуулчны бизнес хийгээд л яваад байх юм. Тэр гурваас өөр хүн цээжээр хэлж чадахгүй байна.
–Сүүлийн үед “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”-ийг хийсэн Батболдыг сайн найруулагч гэлцдэг. Танд ямар санагддаг вэ?
-Би “Боолын гэрээ”-г үзээгүй, интэрнетээс л харсан. Тэр найруулагч яг одоогийн Монголын дундаж үзэгчийн таашаалыг мэддэг шинжийн юм билээ. Манайхан эрлийздүү Энэтхэг, Солонгос маягийн холимог, уярал муяралын юм явж байснаа, боевикдоод хэрцгий зүйл цус нөж ороод л, ийм юманд дуртай даа, тэрийг л олоод хийчихсэн байна лээ. Өөрөө яг тийм нэг сайхан дунджийн төлөөлөгч байна л даа. Яг тэрүүгээрээ явсан бол юм дуулгах байсан л даа. Тэгэнгүүт кино хийснийхээ дараагаар яахав өмнөх үеийн найруулагчдын дүр загвар байдаг, мундаг урлаг хийх гээд өөрийнхөө натур шинжээ алдчихсан. Одоо “Завхан” Батсүх гээд дуучин байнаа. Ард түмний сайхан төлөөлөгч, ямар ч рекламгүй торох, зовох юмгүй дуулаад л… Би телевизээр хараад шүтлээ ш дээ. Бөхийн өргөө дүүрэн үзэгч, баруун тийшээ микрофоноо барингуут, баруун эгнээнийхэн бүгд дуулаад л, зүүн тийшээ дохингуут зүүн талынхан бүгд дуулаад л, алж байнаа. Гэтэл манай рок поп од гээд догь царай гаргаад байсан нөхдүүд “Алгаа ташъя, алгаа ташъя, дагаад дуулаарай” гээд орилоод байдаг, сүүлдээ яасан бэ ч гэж байх шиг. Нөхөр Батсүх бол тэгэх ямар ч шаардлага алга. Микрофоноо дохингуут үзэгчид хөлсөө урсгаад дагаж дуулаад л. Батсүх яг байх ёстой газраа, хийх ёстой ажлаа хийж байна. Тийм учраас амжилт олж байна. Одоо Батсүх би дуурь дуулна, рок дуулна, стилээ өөрчилнө гэвэл хүн сонсохгүй. “Чингэс хаан”-ы Жаргалсайхан ч их зөв явж байна. Стильдээ үнэнч тууштай явахаар үзэгчээ хадгалж байна. Өтөлснөөс үхсэн биш гээд хип хоп дуулна гээд явбал хүн амьтны нүд ам солийгоод хачин болно, үзэгчдээ алдана биз дээ. Яг тэрэн шиг Батболд түүгээрээ л явах байсан юм. Миний мэдэж байгаагаар “Гоёлын даашинз” шиг нэг Америк кино байдаг. Нэг хөөрхөн охин ээжийнхээ 1000 долларын жакетыг өмсөж байгаад муухай болгоод өрөнд ороод сургуулийнхаа доожоогүй залуугаас 1000 доллар зээлээд, оронд нь хүүхдүүдийн нүдэн дээр үерхдэг дүр эсгэдэг. “Гоёлын даашинз”-ыг үзээгүй, гэхдээ тийм л байх гэж бодсон. Тэр чинь 1987 оны кино.
-Сая нэг хэсэг Чингисээр өвчиллөө. Та энэ тухай кино хийсэн үү?
-Үгүй ээ. Чингис хааны түүх их том учраас янз бүрийн талаас нь “мэрнэ” ш дээ. Аварга том бяслагийг янз бүрийн хулгана мэрдэг шиг. Миний хувьд өөрийн онцлог, сэтгэлгээ юм уу даа, олон хүн хуйлруулаад л өргөн далайцтай юм сэтгэж хийж чаддаггүй. Бидэнд нэг бэлдсэн төсөл байгаа. Тэр зүгээр л Тэмүжиний бага нас, монголчуудын төрт ёсны тухай ойлголтыг харуулахыг хичээсэн юм. Чингис хааны үг байна, “Алд бие маань алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэж. Эсвэл долоон буудлын Должин эмээ Төрийн сүлд өршөө гээд л байдаг. Төр гээд ямар нэг биет зүйлийн тухай сэтгэлгээ байнаа даа. Энэ чинь өөр үндэстэнд байдаггүй ойлголт. Чингэс хаан ч гэсэн ахуй төр минь бүү алдар гэж хэлэхдээ 800 жилийн өмнө энэ саарал ордон битгий нураад унаасай гэж хэлээгүй л байх.Тэр үзэл санаа Монгол хүн хэрхэн төлөвшиж, яаж бий болдог юм гэдгийг Чингис хааны бага насаар харуулсан жижигхэн 10 гаруйхан дүртэй кино хийх төсөл байгаа.
-Найруулагч Наранбаатарыг “Янаг дурлалын дууль” кинондоо тоглуулж гаргаж ирсэн. Ер нь та яагаад жүжгийн найруулагчаар ажилладаггүй юм бэ?
-Гаргаж ирэх ч юу байхав. Наранбаатартай уран бүтээл дээр санаа нэгдэж ойлголцож чаддаг. Сая Хюгогийн зузаан романыг жүжгийн зохиол болголоо. Наранбаатар санал тавиад буусан учраас зөвшөөрсөн. Надад буухгүй бол хийхгүй л дээ. Би тайзны ажил хийж үзсэн. ”Адам Ева” жүжгийг хийсэн. Кино бол өөр, тайз их төвөгтэй юм билээ. Ний нуугүй хэлэхэд надад байхгүй сэтгэлгээ их шаардах юм билээ. Тэрнээс хойш би тайзны хүн биш юм байна гэж бодоод хийхээ больсон. “Бооцоо” жүжгийн найруулагчаар ажиллаач гэсэн санал тавьж л байсан, “би чадахгүй ээ, харин сайн залуу олж өгье” гээд Наранбаатарыг санал болгосон. Энэ нь ч алдаа байгаагүй.
-Киночид хошин урлагийнхан үзэгчид хувааж байна гэж үздэг? Ер нь хошин урлагийнхныг хэр үнэлдэг вэ?
-Киночид хошин урлагт зайгаа тавьж өгвөл арчаагүй л хэрэг болно байх. Тэднийг давах аргаа бодох ёстой. Нээлттэй нийгэм юм чинь олонхийн сонирхолд тулгуурлана ш дээ. Сүм нь ямар байна, лам нь тийм байна гэсэн үг бий. Сүмд байгаа хүмүүс бүгдээрээ марзан юманд дуртай бол яах юм. Тэгээд л тэд оршин тогтноод юмаа хийж яваа биз. Зүгээр л нэг оюутан хүүхэд 360 градус гээд нэг хошин юм хийгээд мөнгө олсон гэсэн. Тэгээд л явах хэрэгтэй ш дээ. Урлаг уран сайхантай холбогдуулж ярихад хошин урлаг чинь Аристотелийн үеэс л дорд үзэгдэж ирсэн юм. Бүр манай эриний өмнөх үеийн тэр онолч “Хошин урлаг бол дорд зүйлээ” гэж хэлсэн байдаг юм. Молерын жүжгийг Францад зөндөө олон тоглогдоод хүн үздэг байсан ч дээдсийн хүрээнд дорд үздэг хавчдаг явдал байсан юм. Хошин урлаг нэгдүгээрт андуурал байдаг, авгайгаа андуурна, хоёр цүнхээ андуурна, нэрээ андуурна. Хоёрт бүтэлгүйтэл юм уу гажиг явдал үзүүлдэг. Гурав дахь нь бол ерөөсөө элэглэх, одоо Багабанди, Нямдорж энэ тэрийг дууриагаад л байна ш дээ. Солонгос кино, оддын эрэлд энэ тэрийг дууриана. Ямар ч агуу хошин жүжигчин энэ гурваас хэтэрч чадаагүй, Чаплин ч чадаагүй. Хошин урлагийг жаахан тийм гээд байгаа нь баялаг бус байдалд байгаа юм.
Discussion about this post