Монголын рок попын тогоонд өөрийн гэсэн өвөрмөгц дуу хоолойгоороо хүч түрэн орж ирсэн дуучдын нэг бол Д.Маралжингоо билээ. Хоолойн цараа, өнгө, донжоороо бусад дуучдаасаа илт ялгардаг Маралжингоог мэргэжлийнхэн чадалтай, ховорхон хоолойтой, ирээдүйтэй дуучин гэж үнэлдэг. Элдэв хэл аманд тэр болгон холбогдоод байдаггүй түүнийг театр киноны нэрт жүжигчин Цэрэннадмид агсны зээ охин гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй аж. Жүжигчин Цэрэннадмид агсанг Ч.Лодойдамбын зохиол “Тунгалаг тамир” киноны тахар Бадарч, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрийн дүрээр нь ард түмэн сайн мэднэ. Бид залуу дуучин Б.Маралжингоотой уулзаж амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Чи анх дуулж гарч ирэхдээ мяраалаг охин байсан. Удалгүй жин хасаж маш гоё болсон. Өндөр үнэтэй эм ууж турсан гэдэг үнэн үү?
-Би багаасаа л унаган махтай мяраалаг охин байсан. Манай аавын талынхан өндөр нуруутай, бие томтой хүмүүс байдаг болохоор дуурайсан байх. Анх дуулж гарч ирэхдээ бараг 80 гаруй кг жинтэй байсан нь үнэн. Гэхдээ би бусдын ярьдаг шиг өндөр үнэтэй тураах эм ууж тураагүй. Өөрийнхөө уйгагүй хүч хөдөлмөрөөр фитнессээр хичээллэж турсан. Манай ээжийн эмэгтэй дүү фитнессийн багш, би жингээ хасах гэж үнэхээр хичээж хичээллэсэн. Зарим хүн фитнесст хэдэн удаа яваад шантраад орхидог бол би ёстой гүрийсэн дээ. Тэр үед ээж аавтайгаа хамт байсан болохоор тэд маань их дэмжиж зоригжуулдаг байсан. Ямар ч эцэг эх үр хүүхэдээ амь насаараа тоглох зүйл хийлгэхгүй шүү дээ. Нэгэнт би урлагийн хүн болж олны өмнө гарч байгаа болохоор өөртөө анхаарал тавих хэрэгтэй гэж бодсон. Өөхөө соруулсан энэ тэр гээд худлаа мэдээллүүд их гардаг байсан.Ээж аав минь намайг тийм алхам хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Одоо бол би 53-57 кг-ын хооронд л хэлбэлздэг. Дахиж таргална гээд хоолоо сойж дэглэм барьдаггүй. Гадуур явж байхдаа хүссэн үедээ хооллодог. Тоглолтоо тараад орой болсон ч хамаагүй хооллочихдог. Хамгийн гол нь спортоор тогтмол хичээллэж жингээ хассан болохоор нэмэгдээгүй гэж боддог. Хүн тэвчээртэй байх юм бол зорьсон юмандаа хүрдэг гэдгийг биеэрээ мэдэрсэн.
–Ингэхэд анх яаж яваад дуучин болчихсон бэ? Хэн нэгний нөлөө байсан уу?
-Манай гэр бүлийнхэн бүгд урлагт дуртай, хөгжим их сонсдог байсан болохоор намайг анх ХБК-ийн төгөлдөр хуурын ангид оруулсан юм. Хөгжмийн сургуульд би 7 жил төгөлдөр хуурч мэргэжлээр сурсан. Мэргэжлийн багш маань Ардын жүжигчин ТШ Л.Цогзолмаа гуайн охин Н.Ганчимэг багш байсан. Маш их зарчимч, өндөр шаардлагатай сайн багшаар хичээл заалгасан даа. Тэгээд 7 дугаар ангид байхдаа дуучин болохоор шийдсэн. Анх ээж FM-ээр зар явахыг сонсоод надад очиж шалгуулаач гэж санал тавьсан. Маргааш нь би өөрөө автобусаар явж байгаад “дуучин болох хүсэлтэй хүүхдүүд шалгаруулж авна” гэхийг сонсоод Дашка ахын студи дээр очиж шалгуулаад орсон. Дашка ахын дамжаанд сурч байхдаа дуучин болоход авьяасаас гадна маш их зүйл сурах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. Ер нь би багаасаа цэцэрлэгт байхаасаа л эхэлж дуулж бүжиглэдэг байсан. Ээж маань намайг хэлд ороогүй байхдаа л хөгжим тавихаар хэмнэлд нь тааруулж бүжиглэдэг их сонсголтой хүүхэд байсан гэж ярьдаг юм. Тэгээд төгөлдөр хуураа орхиж дуучин болсондоо хэзээ ч харамсдаггүй. Намайг багад манай гэрт маш ховор пянзнууд байдаг байсан. Аав минь Элвис Пресли, Битлзийн дууг их сонсоно. Бас Чайковскийн хөгжмүүдийг их сонсдог байсан нь хөгжимд дуртай болоход их нөлөөлсөн. Манай гэр бүлийнхэн хөгжмөөс амьдралынхаа гэгээлэг бүхнийг олж авдаг байсан нь дүү бид хоёрыг урлагийн замд хөтөлсөн. Эрэгтэй дүү маань одоо нэг амьд хөгжмийн хамтлагт тоглодог. Аав ээж хоёр маань ажиллаж байгаа газраа нэг зун хүмүүсийн чөлөөт цагийг өнгөрүүлэхэд зориулж асар барьж ажиллуулахад би очиж дуулж байсан. Дүү маань хамтлагтайгаа ирж тоглоход олон хүн ирж үзээд үнэхээр гоё байсан. Урлаг бол манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг болохоор аав ээж хоёр маань биднийг их дэмждэг юм.
-“В” продакшн тарсанаас хойш дуучин Маралжингоо нам жим болсон. Хаагуур юу хийгээд байна гэж зарим хүн сонирхож байгаа байх. Уран бүтээлийн олз омог ихтэй биз дээ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна.
-Би анхнаасаа л чөлөөт уран бүтээлч байсан. Одоо ч хэвээрээ. Ямар нэгэн байгууллагад харьяалагддаггүй гээд зүгээр суугаагүй. Байнга л эрэл хайгуул хийж сайн уран бүтээл хийх гэж явдаг. “В” продакшнтай 2 жил хамтарч ажиллаад гэрээгээ дуусгаад гарсан. Мэдээж Болд ахаас өмнө нь хэнээс ч сураагүй их зүйл сурсан. Бичлэг болгоноос их юм мэдэж авдаг байсан. Хөгжмийн тал дээр Рагугаас ч их зүйл сурсан. Би өөрөө хөгжмийн талдаа их сонирхолтой. Дуулах ур зүй, хөдөлмөрлөх тал дээр рок попын ах эгч нараасаа өдийг хүртэл суралцаад явж байна. Анх дөнгөж 15 настайдаа Номинжин, Хаянаа ах хоёртой хамтарч СГЗ Л.Балхжавын хөгжим, СГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Чамайгаа алдмааргүй байна” гэдэг сайхан дууг дуулж рок попын тогоонд хөл тавьж байлаа. Заримынх нь хүүхэдтэй нас чацуу байсан болохоор намайг бүгд дэмжиж, тусалж чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг байсан. Тоглолтон дээр энд тэнд таарахад өхөөрдөж их урам өгдөг байсан. Ялангуяа УГЖ Насантогтох эгч их сайхан зөвлөгөө өгдөг байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. “В” продакшнтай хамтарч ажиллаж байхад Болд ахын ээж Ж.Цэцгээ багш дуулах ур зүйн тал дээр үнэтэй зөвлөгөө өгч хоолойны дасгал уншуулдаг байлаа. Мэдээж хөгжим бүжгийн коллежид 7 жил төгөлдөр хуурч мэргэжлээр сурсан болохоор тодорхой хэмжээнд хөгжмийн онол, нотны мэдлэгтэй байсан ч сайн дуучин болоход амьсаагаа зөв хувиарлахаас эхлээд маш их зүйл сурах хэрэгтэй гэдгийг илүү сайн мэдэрсэн. Ойрд би дуучин ВХ-тэй хамтарч нэг гоё дуу хийж байгаа. Удахгүй клипны зураг маань дуусч үзэгч сонсогчиддоо дуугаа хүргэнэ. Маш гоё дуу болсон гэж бодож байгаа.
-Сүүлийн үед охид бүсгүйчүүд ялангуяа урлагийнхан гадаад үзэмжиндээ их анхаарч хүссэнээрээ засал хийлгэдэг болсон. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Үнэндээ би ямар ч засал хийлгээгүй. Магадгүй 40 нас гараад ирэхээр яахыг мэдэхгүй байна. Тэр үед хүсвэл хийлгэхэд болохгүй юм байхгүй шүүдээ. Би байгаараа байх ёстой гэдэг хүмүүсийг үгүйсгэдэггүй, бас ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа эмэгтэйчүүдийг ч үгүйсгэдэггүй. Эмэгтэй хүн яагаад гадаад үзэмжиндээ анхаарч болохгүй гэж. Гадныхан бол энэ тал дээр маш их чөлөөтэй байдаг гэсэн. Манайхан болохоор янз бүрээр яриад байдаг. Энийг би ойлгодоггүй юм. Намайг хамраа засуулсан гэдэг гэсэн. Би эцэг эхээс заяасан унаган төрхөөрөө байгаа. Энд тэнд байнга шилтэй явдаг болохоор зарим үед шилэн дээгүүрээ харахаар хамрын үзүүр хавчигдаж харагддаг юм билээ. Энийг би сүүлд нь анзаарсан. Хүмүүс “чи хамраа өндөрсгөсөн юм уу” гээд байхаар шилээ аваад харуулахаар үгүй юм байна гэж үнэмшдэг. Зарим эмэгтэйчүүд засал хийлгээд илүү гоё болчихсон байгааг хараад буруу биш юм байна гэж боддог.
-Олны танил бүсгүйчүүдийн хувийн амьдралыг хүмүүс их сонирхдог. Үерхдэг залуутай гэж сонссон. Хурим найрын тов гарах болоогүй юу?
-Одоогоор хүнтэй сууж айлын эзэгтэй болох гэж яарахгүй байна. Бодож санасан, хийхээр төлөвлөсөн ажил их байна. Нуулгүй хэлэхэд би үерхдэг залуутай байсан. Хэсэг хугацаанд хамт амьдарсан. Бид одоо жирийн сайхан харьцаатай найзууд хэвээр үлдсэн. Тэрнээс учиргүй суух барих дээрээ тулаагүй л дээ. Одоо би дүүтэйгээ хамт амьдарч байгаа. Ирээдүйд сайхан хань ижил, үр хүүхэдтэй болж зөв түвшин амьдрана гэж боддог. Одоогоор яг төдийд хүнтэй сууна гэж төлөвлөсөн зүйл алга. Гадагшаа явж сурах юм уу, өөрийгөө илүү хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарах бодолтой байгаа. Би дуулахаас гадна хөгжимд их дуртай.
-Чөлөөт уран бүтээлчид голдуу ямар нэгэн бизнес эрхэлдэг. Хувьдаа ямар нэгэн бизнестэй юу. Уран бүтээл хийгээд тодорхой хэмжээний мөнгө олдог ч амьдралд хангалттай хүрэлцдэггүй гэж уран бүтээлчид ярьдаг юм билээ.
-Тэр ч үнэн шүү. Би хувийнхаа хэрэгцээг өөрөө болгочихдог. Тэр болгонд ээж ааваасаа тусламж авдаггүй. Надад хувийн бизнес ямар нэгэн мөнгө олдог бизнес байдаггүй. Өндөр хэрэглээтэй хүн биш болохоор бусдын адил бүх зүйлээ зохицуулаад л амьдарч байна. Залуу хүн болохор аль болох өөрөө бүгдийг хийх гэж зүтгэдэг. Тэрнээс мөнгө төгрөгтэй хүнтэй сууна ч гэдэг юм уу ямар нэгэн материаллаг тал руу шунахыг хүсдэггүй. Манай аав ээж биднийг маш зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Биднийг багаас нь бие даалгасан болохоор ээж аавынхаа гарыг харж амьдрах дургүй.
-Танай аав ээжийг хөрөнгө чинээтэй хүмүүс гэж ярьдаг. Аль нутаг, усны хүмүүс вэ?
-Аав минь Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул хүн бий. Одоо Замын-Үүдийн гаальд ажилладаг. Ээж минь хотод төрж өссөн. Даатгалын газар ажилладаг. Хоёулаа ажил ихтэй болохоор хотод хааяа л ирдэг юм. Би ойр ойрхон ээж аав руугаа дүүгээ дагуулаад очдог. Намайг урлагт хөтөлсөн хүн бол манай аав. Аавын минь удамд сайн уртын дуучин хүмүүс байсан гэдэг. Харин ээжийн минь аав олон сайхан кино, жүжигт тоглосон жүжигчин хүн байсан. Намайг төрөхөд өвөө маань байхгүй байсан ч тоглосон кинонуудын дүрээр би сайн мэднэ. Ээж маань аавынхаа тухай гоё гоё дурсамжнууд их ярьж өгдөг. Ээжийг 8-р ангид байхад өвөө маань өнгөрсөн юм билээ. Үр хүүхдүүдээс нь урлагийн мэргэжилтэй хүн гараагүй ч өвөөгийнхөө удмыг залгаж би дуучин болсон. Өвөө маань залуудаа Завханы Соёлын ордонд ажиллаж байгаад хотод ирсэн юм билээ. Хамт ажиллаж байсан жүжигчид нь их авьяастай, ухаантай жүжигчин байсан гэдгийг сонсоод бахархдаг. Би хүүхэд байхдаа “Би Завханых” гэж их ярьдаг байсан. Аавтайгаа багаасаа хөдөө их явна. Загас барихад хажууд нь хараад л суудаг байлаа.Энэ зун Завхан явахаар төлөвлөсөн байгаа. Гадаад явахаасаа илүү Монголынхоо үзэсгэлэнт байгальтай нутгаар их аялах дуртай. Аавтайгаа олон сайхан газраар хамт явсан. Айлын ганц охин болохоор аавтайгаа илүү амь байдаг юм.
-Чамайг хөдөө явж байхдаа осолд орж байсан гэдэг. Хэр сайн жолооч вэ?
-Би Хөвсгөл аймаг руу ажлаар явж байгаа осолд орж байсан ч азаар гэмтэл бэртэл аваагүй. Хөдөө явах их дуртай болохоор алтан шар замдаа их сүсэглэдэг. Дараа нь хотод дахиж осолд орсон болохоор их хянамгай явахыг хичээдэг. Энэ машинаа бариад яг жил болж байна. Жолооч болгон замын хөдөлгөөний дүрмээ бариад соёлтой явбал асуудал гарахгүй гэж боддог. Гэхдээ гэнэтийн санамсаргүй осол хэцүү л дээ.
-Зохиолын дуучид сургууль төгсөөд ганц хоёр жил дуулаад СТА болчихдог. Чи олон жил дуулж байна. Шагналын тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ямар ч шагнал хүнд урам зориг өгч, улам сайн ажиллах эрч хүч өгдөг. Би ер нь шагнал авъя гэж дуулдаггүй. Хар багаасаа бүр цэцэрлэгт байхаасаа л дуулсан. Миний хүсэл мөрөөдөл бол урлагийн хүн болох л байсан. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, уран бүтээл хийж ард түмэндээ ая дуугаа өргөөд явж байгаа нь надад том олз болохоор шагнал авах гэж яарч улайрдаггүй. Тодорхой хэмжээний уран бүтээл хийчихээд үнэлүүлэхэд сайхан шүү дээ.
-Бие даасан тоглолтоо хэзээ хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? Эгшиглэн, Агиймаа та гуравыг мөнхийн өрсөлдөгч гэж ярьдаг. Хэр ойр дотно харьцаатай явдаг вэ?
-Ойрын үед тоглолт хийх бодолгүй байгаа. Хүмүүс урам өгч тоглолтоо хийгээч гэж хэлдэг л юм. Магадгүй 3, 4 жилийн дараа хийж болох л байх. Цаг хугацаа нь болохоор гоё тоглолтууд хийнэ дээ. Тоглолт хийхэд хөрөнгө мөнгөнөөс гадна зохион байгуулах сайн баг хэрэгтэй. Бид чинь бор зүрхээрээ явдаг болохоор одоо ингэнэ тэгнэ гээд шууд дайраад орох боломж байхгүй. Миний хувьд Эгшиглэнгээс арай өмнө дуулж гарч ирсэн. Хүмүүс биднийг өрсөлдөгч гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Эгшиглэн, Агиймаа хоёрыг би хэзээ ч өрсөлдөгчөө гэж бодож байгаагүй. Эгшиглэн бид хоёр их дотно найзууд. Манай Эгшиглэн маш өвөрмөгц гоё тембртэй сайн дуучин ш тээ. Уран бүтээлээс гадна хувь хүний хувьд бид 2 сайхан нөхөрлөдөг. Агиймаа маань сайхан бүсгүй, сайн дуучин бид сайхан харьцаатай явдаг. Бид гурав рок попын өмнөх дуучдаасаа үлгэр авч сайн уран бүтээл хийх зорилготой л явдаг.
Ярилцсанд баярлалаа.
Discussion about this post