• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭХ НУТАГТАА БУЦСАН Ч АМЬДЫН ЗОВЛОНД УНАСАН ТҮҮХ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/29/2026
in Соёл урлаг
0
ЭХ НУТАГТАА БУЦСАН Ч АМЬДЫН ЗОВЛОНД УНАСАН ТҮҮХ
ЭХ НУТАГТАА БУЦСАН Ч АМЬДЫН ЗОВЛОНД УНАСАН ТҮҮХ
Археологич, доктор Ankhbayar Batsuuri найз маань нэг өдөр залгаж “Шинжааны судлаач Ба.Батжаргалын орчуулсан Хань улсын яруу найрагч Цай Вэнжи (蔡文姬), Тан улсын яруу найрагч Лю Шан (刘商) нарын бүтээлийг яруу сайхнаар шүлэглэж өгөөч” гэж хүссэний дагуу миний бие чадан ядан гүйцэлдүүлсэн билээ. Судлаач И.Алтансүх энэ хоёр шүлгийг 2018 онд хэвлүүлсэн “Урианхайчуудын цана, цуур, хөөмэйн соёлын түүхэн уламжлал” номдоо оруулсан юм.
Нийтийн тооллын 195 онд Өмнөд Хүннүчүүд Хань улс руу довтолж, нэрт эрдэмтэн Цай Юний охин Цай Вэнжи-г Хөнань дахь эцгийнх нь гэрээс булааж авчээ. Тэр үеийн “Гурван улс”-ын нэгийг захирч байсан алдарт Цао Цао жанжин дотнын найз нь охиноо алдаад гашуудаж буйг хараад ихэд өрөвдөж, туслахыг эрмэлзэж байв. Цай Юн нас барж, Цао Цао жанжин цаг төр төвширсний дараа Хүнннү нарт ихээхэн алт, хас эрдэнэ төлж охиныг нь буцааж авахад Хүннүгийн модон цуурын аялгуунд 12 жил гансарсан Цай Вэнжи хоёр хөвгүүн төрүүлсэн байжээ.
Хүннү нар Цай Вэнжи-г зүгээр ч буцааж өгөлгүй, хоёр хүүг нь барьцаанд авч үлдсэн юм. Гүн гэрийн хатагтай бэтгэртэл санасан эх нутаг, эцгийн голомтдоо ирж, элэг дэвтсэн ч “царай муутай” хөвгүүдээ мөрөөсөх эх үрийн амьдын хагацалд унаж, улмаар НТ 207 онд “Ху-гийн цуур хэмээх 18 бадаг” шүлгээ туурвисан гэдэг.
Энэ шүлгээс санаа авч 566 жилийн дараа 773 онд Тан улсын сод билэгт яруу найрагч Лю Шан адилхан сэдэв, ижилхэн хэлбэртэй шүлэг бичсэн нь эх шүлэг шигээ алдаршсан билээ. Дашрамд дурдахад, тус хоёр шүлгийн нэгийг урьд нь урлаг судлаач, доктор Л.Эрдэнэчимэг орчуулж 2002 онд “Гүн гэрийн гүнж Цай Вэнжигийн цуурын 18 аялгуу” нэрээр хэвлүүлсэн юм.
Харин эдгээр зураг Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейд хадгалагдаж буй, Хятадын Мин улсын үеийн нэр нь үл мэдэгдэх зураачийн “Ху-гийн цуур хэмээх арван найман бадаг” шүлэгт зориулж урласан цуврал бүтээл болой. 18 бадгийг зураг бүрд нэг нэгээр нь хавсарган бичжээ.
Хань улс (НТӨ 202-НТ 220)-ын гүнж, яруу найрагч Цай Вэнжи
Орчуулагч Ба.Батжаргал (Шинжааны Монгол)
Шүлэглэсэн До.Болдхуяг
ХУ-ГИЙН ЦУУР ХЭМЭЭХ АРВАН НАЙМАН БАДАГ
Нэг
Төрж өсөхөд минь амар амгалан байж дээ
Түүнээс хойш Хань улсын төр доройтов
Тэнгэр өршөөлгүй болж хагацал үймээн тарилаа
Газар энэрэлгүй болоод цөвүүн цагт төрүүлжээ
Өдөржин хатгалдаж байлдаад хаалга зам аюултай
Үхэж үрэгдсэн цэрэг, энэлж зовсон түмэн
Утаа тоос хөндийг бүрхэж, улайрсан дээрэм догширлоо
Ухаан санаа ээдэрч, дэг журам ч алдагдлаа
Харийн заншилтай нүүр тулахад амаргүй юм
Ичгүүр сонжуурт унахад хэндээ ч хэлэх билээ дээ
Цуураа нэг эгшиглүүлж, ятгатай хоршин хөгжимдөвч
Цухалдсан зүрхний минь хилэнг хэн ч тааж мэдэхгүй ээ
Хоёр
Ху нарын албадлагаар ураг барилдав
Хөөрхий намайг авч тэнгэрийн хаяа руу хөдөллөө
Өндөр уулс хөндөлдөөд харих зам тоймгүй
Өлөн салхи үлээж, элс шороогоор шуурна
Ху нарын олонх нь догшин хорт могой мэт
Хуяг хэдэрч, саадаг үүрснээ ид бах болгоно
Хоёр чавхдас хөглөөд амиа тэвчмээр санагдлаа
Ховдолт зүрх минь үхээд өөрийгөө зүхэж суунам
Гурав
Хань улсыг гэтэлж Ху-гийн хотоор орлоо
Хаант төрөө алдаад түшиж тулах юмгүй
Хар эсгий дахтай, яс янгинаж явлаа
Ханхлах малын шивтэрт хамар цоргиж байлаа
Үдшээс үүр хаяартал харанга хэнгэрэг дуугарна
Ху-гийн газрын шуурга хуаран хүрээг харангадуулна
Байдал юугаа хараад гуравдугаар бадгаа тэрлэв
Багтарсан уур хилэн хэзээ дарагдах юм бол доо
Дөрөв
Уугуул нутаг шөнө өдөргүй санагдана
Уйтгар гунигт баригдаад өөрөө л би шанална
Захгүй их гачланд сэтгэл эзгүйрч хоосорлоо
Заяа муутай эм харийн орноор хэсүүчиллээ
Ааш зан ондоо болохоор орох байх газаргүй
Санаа бодол өмнөө учраас хэл ус ч нэвтрэхгүй
Үзэж өнгөрүүлснээ бодохоор яасан их зовлон бэ
Дөрөвдүгээр бадгийг бичихэд даанч их гомдолтой
Тав
Өмнийг зорих шувуудад захидал даймаар санагдана
Өнөөх галуудыг ирэхэд сураг сонсмоор бодогдоно
Өндөрт нисээд бараа нь тасрах жигүүртнүүд
Өр эмтэлж, сэтгэл үймрүүлээд бэрх байна аа
Тал сарыг ширтэн хөмсгөө зангидаж, ятгаа илнэ
Тавдугаар бадаг хөлдүү, бодол даанч алсад
Зургаа
Анхны хяруу унахад осгох шахаж явлаа
Айраг махаар өл даръя гэхнээ хоол болохгүй
Зөн билгийн шөнөөр Лүнгийн ус уйлж хайлна
Зүүдэндээ ч болов Цагаан хэрмийг харъя гэхнээ даанч хол
Зурайсан өдрүүдийг дурсахад туулсан зовлон л бодогдоно
Зургаадугаар бадагт гуниг халиад хөгжимдөхөө болилоо
Долоо
Нар шингэхээр салхи босож энд тэндээс хүүгэнэ
Навсарч салбарсан сэтгэлээ хэндээ ч уудлах билээ
Өргөн хөдөө эзгүйрч харуулын цонж үргэлжилнэ
Өтгөс буурлаа дорд үзэж, залуусаа магтана
Өвс ургаж, ус урсахаар голын хөндийд буудаллана
Үхэр хонь талаар нэг тарж шоргоолж шиг үймнэ
Доншуучлан нүүж, нутаг сэлгэн хонь адуугаа бэлчээнэ
Долоодугаар бадагт занал төрж энд сууснаа зүхэв
Найм
Нүдтэй бол тэнгэр яагаад хардаггүй юм бэ
Шидтэй бол сахиус юундаа ийн зовооном
Тэнгэрийг би гутаагаагүй атал намайг яахин шийтгэв
Сахиусыг би гундаагаагүй байтал юунд намайг орхив
Наймдугаар бадгийг бичээд гуниг минь ширгэх шиг болов
Намуухан аялгуу төгсөхөөр сэтгэл минь эгж гуниглав
Ес
Газар хөвөөгүй, тэнгэр ч хаяагүй
Гансарсан сэтгэл дахиад тэнийнэ ээ
Энэ амьдрал нүд ирмэхийн зуур унага шиг давхиж одно
Идэр залуу насандаа хөөрч баясаж чадсангүй дээ
Хөх тэнгэрээс асууя гэхнээ
Хүйтэн царайлахыг нь яалтай
Өлийж харахнээ үүл манан хөшиглөнө
Есдүгээр бадагт сэтгэлээ хэнтэй хуваалцнам бэ
Арав
Хэрэмт хотын дээгүүр дайны гал дүрэлзэнэ
Хэзээ дуусах юм бол оо, энэ их алалдаан
Харуулын цонжид түймрийн дөл тулж очно
Ху-гийн газрын шөнийн салхинд сар хийснэ
Уугуул нутаг алсрахаар сураг чимээ тасарна
Уйлъя гэхнээ дуу гарахгүй уурандаа багтарна
Альхан насны үйлээр зовж зүдэн, хагацаж салав аа
Аравдугаар бадагт гуниглан бэтгэрч цусаар уйллаа
Арван нэг
Амьдарсны эцэст нохойн үхлээр үхэмгүй байлтай
Алд биеэ өргөсөн сэтгэл минь даанч ондоо байнам
Далавчтай бол нисээд харихыг хүснэм
Даанч хайртай нутагтаа ясаа тавья уу гэсэн юм аа
Наран саран ээлжилсээр харь газар удлаа
Намайг таалсны үрээр хоёр ч хүүхэд төрлөө
Хэвлээсээ төрүүлсэндээ ичнэ гээд ч яах билээ
Хэнгэнэтэл санаа алдсаар харийн газар өсгөлөө
Арван нэгдүгээр бадагт энэрэх сэтгэл төрөв
Аюулхай цээжийг минь гомдол цөхрөл урна
Арван хоёр
Хаврын салхин цагаа олж жаврын үзүүрийг уяраав
Хань улсын тэнгэрийн хөвгүүн эв найрыг тогтоожээ
Ху, Чан бүгдээрээ цовхчин бүжиглэж дуулна
Хоёр улс эвлэрч цэрэг дайчдаа татлаа
Нанхиадын элчтэй гэнэт таартал зарлиг дамжуулав
Намайг мянган жин алтаар арилжин байж чөлөөлөв
Амьд гарсандаа баярлаад ариун эзэнтэй учирлаа
Амны салиа нь арилаагүй үрстэйгээ ахин уулзах завшаангүй
Арван хоёрдугаар бадагт гуниг баяр тэгшхэн
Аяа хагацахын сэтгэлд төгөлдөр гэж үгүй ээ
Арван гурав
Эдэлж дуусаагүй ч золоор бүрэн бүтэн буцлаа даа
Энгэртээ хүүгээ тэврэхэд цамцан дээр нулимс нь дусна
Нанхиадын элч тосож, дөрвөн үхэр хөллөсөн тэргэнд суулгав
Насан балчир хөвгүүн минь уйлж хайлахыг хэн ч сонсох билээ
Үхэж амьдрах хийгээд учирч уулзахыг бодлоо
Үрийнхээ төлөө зовоход үдийн наран ч хурцгүй
Өдөт жигүүртэй ч болоосой, үтэрхэн нисээд харихсан
Үхрийн сажилсан алхаа газар хороож гавихгүй юм
Арван гуравдугаар бадагт аялгуу бачимдаж гасалбай
Аюулхай зүрх эмтрэхийг хөндлөнгийн хүн мэдэхгүй ээ
Арван дөрөв
Өөрийн нутагтаа харих замд нуган үр минь дэргэд алга
Өр зүрх минь шимшрээд өлсөж умдаасаж явлаа
Өнгөт орчлонгийн жамаар хамаг бүхэн бадарч бөхнө
Өнчирч ганцаардахын эрхэнд сэтгэл гээч гандаж хатна
Уул өндөр боловч засал чимэг хэрэггүй
Унтах нойрондоо учрах л таатай байнам
Үрийнхээ гараас хөтлөөд баярлаж хөөрөх юм
Өглөө сэрээд өр зүрх минь амсхийлгүй шархирна
Арван дөрөвдүгээр бадагт асгарсан их нулимстай
Аяархан долгилох голын усыг дагаад мөрөөдөж суунам
Арван тав
Арван тавдугаар бадгаа аялга хэмээн нэрлэв
Аюулхай дүүрэн хилэнгийн аясыг хэн мэдэх вэ
Эсгий гэрт амьдарсан ч зан араншин минь ондоо
Эргэж ирсэн маань ч бурхан тэнгэрийн ивээл билүү
Эх нутагтаа ирээд асар баярлаж ханав
Элгэндээ нуусан гуниг маань хоног өдрөөр нэмэгдэнэ
Саран наран ээлжилж, санаснаар болж өгөхгүй
Сайхан үрээсээ салсан намайг бүү тарчилгаач
Үүлтэй тэнгэр алсраад хагацлын гашууныг амсав
Үхэж амьдрах хувь тавилангаа хаанаас ч хайх билээ
Арван зургаа
Арван зургаадугаар бадагт ахиад л санагалзал дүүрэн
Алсын тэртээд хүү минь бий, өөрөө би энд байнам
Ургах нар, шингэх сарнаар учрахыг мөрөөдөвч
Уулзаж ер чадахгүй ээ, элэг эмтрэн халаглана
Алтанзул цэцгийг харахад цээжнээс гуниг амтагдана
Алтан ятгаа чавхдавч яасан их уйтгар вэ
Үрээсээ салсан өдөр уугуул нутгаа зорьсон юм
Үлэмжийн хилэн замхрахад буцах хүсэл төрнө
Цусан нулимстай өндийж хараад зовлонгоо тэмтэрнэ
Ху-гийн үрийг төрүүлээд хорвоод юунд адлагдав
Арван долоо
Арван долоодугаар бадагт зүрх минь шимширнэ
Алсын уулс хөндөлдөөд аяны зам элчилгүй
Хүрэх газраа санаад ухаан сэхээгүй байлаа
Хүүгээ орхисон болохоор үргэлж санаж бэтгэрнэ
Дархан хил дээр шарилж шарлан хувхайрчээ
Дайны талбарт цайсан яс, илд, зэв хатгаатай
Аясын салхи шуураад хавар, зунаар ч зэврүүн
Амьтай бүхэн өлсгөлөнд нэрвэгдээд хавирга нь хэрзийнэ
Эргэж буцах эсэхээ яаж мэдэх вэ, Чан-Ань хотод оров
Итгэл найдвар мохоод нулимс самсаа хатав
Арван найм
Ху-гийн цуур угаас Хүннүгээс үүдэлтэй
Хуур ятгын аязтай адилхан хэмнэлтэй
Арван наймдугаар бадагт аялгуу төгссөн боловч
Алдарч сэмрээд аанай л мөрөөсөн санагалзнам
Ширхэг хулс боловч сав шимийн бүтээл
Шимширч гундах, сэргэж баярлах нь сэтгэлийн аяс
Ху-гийн нутаг, Нанхиад орон хоёр ондоо араншинтай
Хурмастын хаяа алсраад хүү минь тэнд, би энд
Уудам боловч орчлон намайг даанч багтаахгүй
Уур хилэн минь дэвэрч хөхрөгч тэнгэрийг дүүргэнэ
НТӨ 202-НТ 220 он
Тан улс (618-907)-ын яруу найрагч Лю Шан
Орчуулсан Ба.Батжаргал (Шинжааны Монгол)
Шүлэглэсэн До.Болдхуяг
ХУ-ГИЙН ЦУУР ХЭМЭЭХ АРВАН НАЙМАН БАДАГ
Нэг
Хань улсын төр доройтож, дөрвөн харь догширлоо
Хаа сайгүй хатгалдан тулалдаж, олзлолдон байлдана
Хамгаа зориулж хүн болгосон хөөрхий аав ээжээсээ
Хагацаж салахын гашууныг энэ өглөө л үзлээ
Цонхны дэргэд тольдон суухад нам тайван байлаа
Цонхигор царайгаа сувдан унжлагаар халхлах бас хэцүү
Зэрлэгүүдийн морьт цэрэг довтолж ирснээс хойш
Зээл гудамж, газар сайгүй Ху нартай тааралдана
Зэвний хурц ирэнд охин заяагаа даатгах
Цөвүүн цагийн эрхээр Ху-гийн тоосыг дагалаа
Хоёр
Агтны нуруунд ачигдаад хязгаар нутгийг чиглэв
Амиа егүүтгэе гэхнээ үхэж бас үл чадна
Арга барагдам өмхий, тэд лав хүн биш ээ
Архиран догшрох чоныг тайтгаруулж үл болмуу
Хахир хүйтэнд гэлдэрсээр Тэнгэр уулыг өнгөрлөө
Хавсарга салхинд гуядуулсаар Ху-гийн нутагт дөхлөө
Хаашаа ч харсан харанхуйлаад шувуу нисэж үзэгдэхгүй
Хаяа хязгааргүй элсэн манханд зүгээ ч үл мэдмүү
Гурав
Хөл гар хүлэгтэй, ялтан мэт цагдуулж
Хөврөх элдэв бодлоо гаргаж хэлэх газаргүй
Хүчээ шавхан байж сэгсийсэн гэзгээ хайчиллаа
Хүйтэн мах зулгааж, умдаасахын эрхэнд цус ууж явлаа
Эцэс болохоо мэдсэн бол сэтгэлд амар байлаа
Эхнэрээ болгоно гэвэл амьд яваад ч яах билээ
Эрвээхий хөмсөгнөөс болсныг мэдсэн бол гэж бодохоор
Эхнээсээ дорой байснаа санаад дэмий л гутарна
Дөрөв
Уул усны зам хэчнээн уртыг анзаарах сөхөөгүй
Уугуул нутаг минь хаана байгааг ухаарах тэнхэлгүй
Уулгалуулах үеэр цөс зориг даанч мохоо байжээ
Улирах цагийн эрхээр өнгө гэрэл минь бөхжээ
Харамхан зүүдний хүлгээр гэртээ хариад ирлээ
Хатуу битүү орчноос сургаа яаж дуулгах вэ
Хаяа хярхаггүй Ху-гийн тэнгэр миний үгийг сонсохгүй
Хасын цагаан саран намайг таниад ч хэрхэх билээ
Тав
Өвстэй толгойд сууж, булгийн тархинд хонож явлаа
Өмсөж гарснаас хойш солиогүй хувцсыг минь салхи үлээж цоолно
Хонины өөхөн тосоор гэзгээ тосолж самнасангүй
Хурган дотортой дах нь хүртэл буруу энгэртэй
Үнэгэн хормой, халиу нударгатай дээлнийх нь үнэр танарыг яана
Өдөр нь хэдэрч яваад, шөнө нь хөдөрч хэвтэнэ
Эсгий гэр нь улирал тоолон нүүж нэгэн газар тогтохгүй
Ээлжлэх хоногийн уртыг барахад мөн ч бэрх байнам
Зургаа
Хаврын урь богиныг хэлээд яах ч билээ
Ху-гийн хувхай газарт цэцэг мод ч алга
Газар, тэнгэр урвах ч билүү хэн яаж мэдэх вэ
Гагцхүү умар зүгийн долоон бурханд залбирмуу
Овог нэр, сураг чимээ огтоос үгүй
Он жил ээлжилсэн ч дөжирсөн мэт аниргүй
Ам хэл байлаа гээд ямар нэмэр байх билээ
Авах өгөхөө хүртэл хуруугаа барилцаж мэдүүлнэ
Долоо
Эр эмгүй нум сум агсаж явна
Эдний адуу мал хөр цасан дээр хэвтэнэ
Ийш тийш алхсан ч эрх чөлөө хаанаас байх
Ингэж тэгж амьдрах ч өөрийн минь санаа биш ээ
Сайхан Чиүцигийн биюүг гансран байж сонслоо
Сүй-Эгийн пийпаа шөнийн гүнд уйтгарлуулна
Сар мандана, шөнө бүхэн цэлмэгийг хэлэх үү
Санаж явбал нэг л өдөр нутагтаа харих нь лавтай
Найм
Төрсөн гэртээ хэтэрхий эрх танхи өсжээ
Төөрсөн ангаахай авчраад үймүүлж түйвээж явжээ
Зүггүй хол хаягдаад нутгаа санан бэтгэрнэм
Зөгнөж мэдсэн бол анхнаасаа ордны авхай болох байж
Ху-гийн нутгийн салхи исгэрч жихүүн өдөр дуусна
Хурмастын цэгээн заадас үүрийн гэгээнд хучигдана
Гаравч оровч нутаг буцахыг мөрөөснө, даанч бүтэхгүй
Гансарсан сэтгэл торонд орсон шувуу мэт цовхчино
Ес
Тэр өдөр шаньюйгаас Су И асуусан гэнэ билээ
Тэгтэл хонгор галуугаар захиа дамжуулсан гэдэг
Түүн шиг цусаараа захидал бичсэн ч яах вэ
Түүндээ түмэн гунигаа дайсан ч бас яах вэ
Ху-гийн хөхөлт хүүхэд морь унаж давхина
Хүчит нумаа эвшээлгэн хол ойргүй харвана
Хун галуугаар захиа дайхаас сэрэмжлэх зарлиг буулгав
Ху-гийн элчилгүй хязгаарт шувуу буух ч биш дээ
Арав
Тэсэхүйеэ бэрхээр доромжлуулж, өмхийг нь жигшиж явлаа
Тэнгэр газарт хилэгнэн Ху нарыг занаж байлаа
Тэрслүү Ху-гийн үрийг хаяя хэмээн санавч
Тээж төрүүлснээ бодоод аяа бас чадсангүй ээ
Өөдгүй царай, этгээд хэл нь уур хүргэвч өр өвтгөнө
Өөдсийн чинээ балчирхан түүнтэй ижилдэн даслаа
Өдрийн зовлон, шөнийн зүдгүүр, өнгөрүүлсэн бүхэн санаанд илхэн
Өрнөөс унаж, өврөөс зүүгдсэнийг нь бодохоор уярахаас ч яах вэ
Арван нэг
Нар сар ээлжилсээр өдөр хоног үргэлжилнэ
Наашлах цагийн үзүүрт Нангиад минь байх ч болоосой
Өвөл зунгүй хээр хонож, хөр цас дэрлэж явлаа
Өвсний сөл тасарч, ус гол хөлдөхөөр жил тойрно
Хятад газар тодорхой цаг тоололтой
Хязгаар нутагт нар, сар, мичдээр баримжаална
Хонгор галуу хэдэнтээ ирж төдөнтөө буцлаа
Холхи сарыг мохтол ширтсэн ч санаж л суунам
Арван хоёр
Хоосон сав худагт унахад хонгинох дуу хадна
Хонгор нутгийнхаа зүг нүдээ ширгэтэл ширтсээр сэтгэл минь үхэв
Холоос буухиа элч гэнэт ирээд овог нэрийг минь асуув
Хоорондоо хятадаар ярьж, аятай сураг дуулгав
Сэтгэл зүрх, зүүдээрээ хэдэнтээ нутаг буцсаан би
Сэрэхэд харин тэр бүхэн гансрал зовлон л нэмнэ
Олон шөнийн зүүд минь биеллээ олох нь энэ үү
Огшиж цалгисан хөөр баяраа барьж дийлсэнгүй
Арван гурав
Тэрсхэн хоёр хөвгүүн хормой хотноос зуурна
Тэнд нь хоцроосон ч хожим үгүйлэгдэж таарна
Үнсэнд хаясан шалз шиг орхиод явахад хэцүү еэ
Үнэндээ Ху-гийн үрийг үлдээсэн ч гомдолгүй мэт
Холын замыг эвхсээр хилийн харуул дээр ирлээ
Хойноос чимээ сураг, нэхэл дагуул алга
Аньсага бүрхсэн нулимсанд сар эмтэрч үзэгдэнэ
Араас үр, өмнөөс нутаг чангаана
Арван дөрөв
Өст Ху-гийн хүүг төрүүлсэндээ ичлээ гээд яах вэ
Өрнөөс унасан үр гэж тал талдаа хэлнэ
Гарын арван хуруу урттай богинотойн адил
Гансрал зовлон ив ижилхэн элж дуусна
Төрхөмдөө очиход ижий аав минь алга
Төөрөлдсөн заяаны эрхээр үхэл амьдралаар зааглагджээ
Өмнөд газрын салхи өр зүрхийг сэмрүүлж
Өмөлзсөн сэтгэлийг минь ар хойшоо чангаана
Арван тав
Санаа алдахад хэнхдэг цээж давчидна
Салж яахин явлаа гэж өөрийгөө дэмий л зүхнэ
Санасан сэтгэлийг минь хэн яаж мэдэх билээ
Салганаж үймрээд, барьсан тавьснаа умартана
Баяр гуниг ээлжлэн сүлэлдэнэ, бас болоогүй ээ
Баахан сэтгэл үймрэхдээ өөрөөсөө дэмий асууна
Эх үрийн хайрыг амьддаа хуваалцаж чадаагүй ч
Энэрэнгүй чанараасаа өшөө хорсол уяад яах ч билээ
Арван зургаа
Эхлээд очиход тэнгэр нь бөртийх ч үүлгүй байжээ
Эргэж ирээд Ху-гийн газар он удсанаа мэдвэй
Өндөр тэнгэрийн нар хаахна жаргадаг болоо вэ
Өмнийг зорих нүүдлийн шувуудын бараа тасарна
Алаглан үелэх манхан өөд ухаан санаа алдуурна
Ая зан нь мэдэгдэхгүй хонгор галууны араас явлаа
Аян зам дуусаагүй атал агт морь улдлаа
Аяны хүний бараагүй байтал дэргэдэх өвс гандлаа
Арван долоо
Ху-гийн нутаг хүрэх алсын зам бүрэлзэнэ
Хонгор элс, цагаан үүлс ялгалгүй бөмбөлзөнө
Хүлэг ангаад цас цавчлан өвсний үндэс зулгаана
Хүн цангаад мөс хагалан задгай усаар умдаална
Хэцэт Яньшан ууланд хилийн харуул үзэгдэх шиг болов
Хэнгэргийн дуу гарч хятад айлын бараа харагдах шиг болов
Хурдан урагш тэмцвэл хаанахын нутаг билээ
Ху-гийн газар ясаа тавиагүй минь зол боллоо
Арван найм
Нутагтаа дахин ирээд элгэн садантайгаа учрав
Ногооны хашаа дүүргээд хаврын өвс хөхөрнө
Хүчтэй дүрэлзээд дэн бөхөж, үнс нь овоорно
Хүйтэн булгийн усаар биеэ угаахад хаш мэт гэрэлтэнэ
Алчуур барьж хүндлэл үзүүлэх ёс маань хүртэл сайхан
Аялгуут хөгжим тоглоод туулсан бүхнээ ухаарлаа
Хилийн дээс алхсанаас хойш 12 жил улирчээ
Ху-гийн цуурын эгшигт л гансарсан сэтгэл минь үлджээ
618-907 он
Previous Post

ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ДАЛД ЕРТӨНЦ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ЭХ НУТАГТАА БУЦСАН Ч АМЬДЫН ЗОВЛОНД УНАСАН ТҮҮХ
  • ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ДАЛД ЕРТӨНЦ
  • Яруу найрагч Р.Чойном ба улс төрийн хэлмэгдүүлэлт
  • “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны хооронд зохион байгуулж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.