МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ, АУ-Ы МАГИСТР Д.САЙНСАЙХАН: ХҮНДЛЭЛ НЬ ДАГАН БАЯСАХ СЭТГЭЛИЙГ ҮҮСГЭДЭГ 
–Нийтийн үйл гэж юу вэ?
– Нийтийн үйл гэж байна аа. Мэдээж муу үйлийн үрд зовж, сайны үрээр жаргана. Тэгэхээр нийтээр сайхан амьдрахын тулд сайн, мууг ялгадаг байх хэрэгтэй юм. Үүний тод жишээ “Эвтэй 4 амьтны үлгэр” гэж байдаг шүү дээ. Нэг хаант улсад дөрвөн өөр төрлийн, өөр бие хаатай амьтан зөв үзэл бодлоор нэгдсэнээр газар орон нь тэгширч, өвс ногоо урган дэлгэрч, улс орон нь хөгжин дэвждэг. Энэ бол нийтийн үйлтэй холбоотой. Бид ч нийтээрээ сайн сайхан зүйлд өөрсдийгөө залж жолоодох боломжтой шүү дээ.
Монголчуудын дунд бүхнийг өмнөх цаг руугаа чихээд, муу үйл хийсэн болохоор одоо зовоод байна гэх ойлголт түгээмэл байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт юм. Бид үүнийг өөрчилж болно. Тэр нь юу юм гэхээр нийтээр бусдын сайн сайханд даган баясаж сурах, өөрөөр хэлбэл даган баясах сэтгэлийг өөрсдөдөө дадуулах юм.
Бид киноноос хардаг. Сайн тал нь ялаад дуусдаг шүү дээ. Энэ бол тохиолдол биш, ертөнцийн хууль. Тиймээс бид мууг ерөөс дадуулж болохгүй. Хүний мууг хараад, улыг нь шагайгаад эсвэл нэгнээ шүүмжлээд муугаа арвидуулаад байвал томорсоор нийтийн үйл болоод явчихаж байгаа юм. Улмаар зовлонгийн шалтгаан нь болно. Биднийг хүүхэд байхад нэгнийгээ битгий өөлж шоолж гоочилж бай, чи өөрөө тийм болчихно гэж сургадаг байсан. Нээрээ л тэгдэг байсан даа. /инээв/
– Тэгвэл бид даган баясах сэтгэлийг хэрхэн дадуулах вэ?
– Зарим хүмүүс “Фейсбүүкт дандаа муухай коммент биччихээд байдаг” гэж хэлдэг. Шалтгааныг асуухад “Ганцаардаад, стресс, бухимдал их болоод тэгдэг. Биччихээр нэг л тайвширдаг юм” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бухимдлаа гаргах орон зайгүй учраас цахим орчинд илэрхийлж байгаа хэрэг.
Заримдаа миний ярилцлаган доор ч янз бүрийн зүй бус зүйл биччихсэн байхыг хардаг. Стрессээ гаргаж, тайвшрах юмгүй болохоор бичдэг байлгүй хөөрхий гэж боддог юм. Багш нар маань “Энэ ертөнц дээр харагдаж байгаа зүйлийг шууд дүгнэж болохгүй” гэж хэлдэг байсан. Учир нь бид харсан өнцгөөрөө аливааг шүүмжилж, шууд дүгнэх нь л алдаа юм. Аливаад түргэн хандсан хүмүүс л алдсан байдаг.
Хэрвээ бусдын сайн сайхан яваад чи чин сэтгэлээсээ баярлаж сурвал даган баясах сэтгэл төрнө. Ингэж чадвал тэр хүний хураасан буянаас ч илүү буян хураах боломжтой. Буян хурааснаараа амжилтанд хүрэх, илүү сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ. 
-Нийтийн үйл нь нэг хүнээс эхлэх нь ээ?
–Тийм ээ, өөрөө л засрах хэрэгтэй. Хүн бусдыг өөрчлөхийг эрмэлздэг ч үнэн хэрэгтээ эхлээд өөрийгөө таньж, засах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө танина гэдэг хамгийн хэцүү. Тэгэхээр орчин болон ойрын найзаа л харчих.
–Орчин бас их чухал санагддаг.
– Маш их нөлөөтэй. Хүн орчноосоо суралцаж, орчноосоо өөрийгөө бүтээдэг. Тиймээс сайн яваа, амжилттай хүмүүсээ хараад бахархаж, хүндэлж сурах хэрэгтэй. “Энэ хүн хичээл зүтгэл, буянаараа ийм амьдралыг бүтээжээ. Тэр “Амжилтын жор”-оос нь би ч бас суралцъя” гэж бодож чадвал өөр дээрээ сайн дадал төлөвшүүлж эхэлдэг.
Хүндлэл нь даган баясах сэтгэлийг үүсгэдэг. Эсрэгээрээ атаархал амжилтыг хаадаг.
Үнэндээ муу, сайн хүн ч гэж байхгүй. Хүн бүрт сайн, муу хосолдог. Сайныг нь хараад байвал сайн нь цуглаад л байна. Мууг нь хараад байвал муу нь цуглана. Муулаад шүүмжлээд байвал сайнд хүрэхгүй. Өөрөө л муу дорой явна. Энэ шалтгаанаа мэдэхгүй “Үзүүлье, ном уншуулъя” гэх хүмүүс байна аа. Гэхдээ хүн хүний оюуны төвшин, буяны хэмжээ өөр болохоор яалтай вэ. Хүмүүс буяныхаа хэмжээгээр л амьдардаг. Засрахгүй үхээд дараа төрөлдөө ойлгох нь бий. Зарим нь зовж байж ойлгодог. Нөгөө хэсэг нь зовохгүйгээр урьдчилж мэдээд, засаад сайхан амьдардаг нь ч байна. Тэгэхээр энийг бид заахгүй. Өөрийнх нь үйлийн үр, буяны хэмжээ заадаг.
Ярилцсан: П.Ундраа



Discussion about this post