Хатагтай Хетти Гринийг Дэлхийн хамгийн баян, бас нарийн, харамч эмэгтэй гэдэг байв. Тэрээр олон жилийн турш хуучирч муудсан ганц хар пальто өмсдөг байжээ. Гэвч тэр насан эцэслэхдээ тэр цаг үеийнхээ нэг ч эмэгтэй бүтээж чадаагүй, гар хүрч үзээгүй асар их хөрөнгийг үлдээсэн юм.
Тухайн цаг үеийнхээ хамгийн баян эмэгтэй, басхүү бидний үед хүртэл домог болон яригдаж бичигдэн буй Хетти Грин (Hetty Green) 1834 онд Массачусетс мужид төржээ. Эцэг нь эх халим агнуурын бизнес эрхэлдэг, багаасаа л аавдаа сонины санхүүгийн нүүрийг чангаар уншиж өгдөг байжээ. Унших дадал амьдралд хамгийн чухал нь эндээс харагдана. Сонины бизнесийн мэдээг аавдаа чанга дуудан уншиж өгсөөр байгаад хэдхэн жилийн дараа тэрээр Уолл Стритийн банкируудын дийлэнхээс илүүтэйгээр хувьцаа, бонд, ипотекийн зээлийг ойлгодог болжээ.
Түүний санхүү бизнесийн томьёо хэзээ ч нууц байгаагүй бөгөөд тэр “Хөрөнгө босгоход тийм ч агуу нууц байхгүй. Би юмсын үнэ унаж, хэн ч тоохгүй байх үед худалдаж аваад; үнэ нь өсөж, хүмүүс түүнийг авах гэж улайрах хүртэл хадгалдаг. Таны хийх ёстой бүх зүйл бол эд юмсыг хямд аваад, үнэтэй зарахад л оршино” гэжээ.
Ихэнх хүмүүс зүрхэлдэггүй, одоо ч гэсэн. Харин хатагтай Хетти зах зээл бүхэлдээ айдаст автан сандарч байхад худалдан авалт хийдэг байжээ. Худалдан авах байтугай хэний ч тоож харахгүй үл хөдлөх хөрөнгө, айсандаа бүгдийг хямдруулан зарж байсан хувьцаа, бусдын хэдийнэ үнэ цэнгүй болсон гэж үзсэн бонд бүрийг авдаг байлаа. Харин дараа нь хашир анчин ангаа сахин суух мэт тэр хүлээж чаддаг байв. Зах зээлийн үнэ өсөж, эрэлт ихсэн бүгдээрээ авахаар хошуурах үед тэр аль эрт хямд худалдаж авсан зүйлсээ үнэ хүргэн, өөрөө үнийг тогтоож зардаг.
1907 онд санхүүгийн хямрал Уолл Стритийг нөмөрч, хэд хэдэн банк дампуурахад тэрээр бэлэн мөнгөтэй байсан цөөн хүний нэг байлаа. Бизнесийн асар их ухаантай Хетти Нью-Йорк хотыг дампуурлаас аврахад зориулж 1.1 сая ам.долларын зээл олгож байжээ. Тэр үед эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй, улс төр, санхүү бизнес эрчүүдийн гарт бүрэн төвлөрч байсан цаг үе.
Сонгуулийн эрх ч үгүй үед ганцхан эмэгтэй улсынхаа хамгийн хүчирхэг хотыг санхүүгийн аюулаас аврахад тусална гэдэг гайхамшиг гэхээс өөр юу гэх вэ…
1916 онд нас барах үедээ тухайн үеийн ханшаар ойролцоогоор 100 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан байжээ. Энэ хөрөнгө түүнийг тухайн цаг үеийн дэлхийн хамгийн баян эмэгтэй болгосон юм. Хэвлэлүүд түүнийг “Уолл Стритийн шулам” гэж нэрлэдэг байж. Энэ нь эмэгтэй хүн тухайн үеийн бүх эрчүүдийг зах зээл дээр хожиж байгаа нь тэдэнд эвгүй, тааламжгүй санагдсанаас эрчүүдийн “захиалгаар” гэх үү, тэгж нэрлэжээ.
Хетти Грин хатагтай бизнесийн алтан зарчим, стратегийг хожим эдийн засагчид “Эсрэг чиглэлийн хөрөнгө оруулалт” (Contrarian Investing) гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь зах зээлийн тухайн үеийн нийтлэг сэтгэл зүйн эсрэг чиглэлд худалдан авч, зарахыг хэлдэг ажээ.
Хөрөнгө оруулагч Уоррен Баффет үүнийг “Бусад хүмүүс шуналтаж байх үед айж эмээн, бусад хүмүүс айж эмээж байх үед худалдан авах шуналтай бай” гэж товч тодорхойлжээ.







Discussion about this post