Арван жилдээ “гахай” хочтой, “эх орны алтан гурав” сурдаг байсан жаахан хүү амьдралын олон даваа гүвээг давахдаа давж, бүдрэхдээ бүдэрч явсаар Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хүртсэн юм. Д.Хадбаатар аварга таван жил дараалан төрийн наадамд зодоглохдоо уран мэх, дайчин барилдаанаараа үзэгчдийг суудал дээр нь босон суутал өндөлзүүлж явсаар түрүүлж, үзүүрлэн Улсын арслан цолтны эгнээнд шилжсэн байна. 200 литрийн поошигтой ус өргөж, модонд гацчихсан “ГАЗ-53” машиныг ганц түлхээд л гаргачихдаг, 200 кг орчим жинтэй хязаалан үхрийн махыг нэг их түүртэхгүй өргөөд явчихдаг байсан нь түүний хэр хүчтэн, хэр бөх байсныг илтгэнэ хэмээн хожмоо нөхөд нь дурссан байдаг. Тэрээр өргөж шидэх, дүүгүүрдэх, өлгөж хавирах зэрэг гол мэхүүдтэй байсан ба бяралхаж барилддаг аварга байсан гэж бөхийн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Аварга өсөлтийн оргил үедээ 196 см өндөр, 182 кг жинтэй, 48 размерийн гутал өмсдөг байсан нь Монгол бөхийн сүр хүчийг илтгэхээр.
“Ганган шилтэй засуул
“
Дурсамж: 1971 оны зургадугаар сар, цэрэгт ирээд яг жил болох гэж байхад нь “Алдар” нийгэмлэгийн зуны нээлтийн арга хэмжээ болов. Байлдагч, бэлтгэлийн тамирчин Д.Хадбаатар спортын төрлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа хүмүүст билет таслах ажил хийгээд үүдэнд зогсож байлаа. Үүдээр орж байгаа хүмүүс “Чи нэг барилдаад үзээч. Аль аймгийн бөх вэ” гэж асууна. Харсан хүн болгон бөх болгож хараад байхаар нь нийгэмлэгийнхээ барилдаанд зодоглоод үздэг ч юм билүү гээд багш, дэд хурандаа Даш дээр яваад очсон байна. “Нөхөр дэд хурандаад, байлдагч Хадбаатар. Би нийгэмлэгийн бөхийн барилдаанд барилдаж болох уу” гэж шууд асуучихсан байна. Харин Даш багш нь Хадбаатарын барилдах сонирхолтой байгааг мэдээд нийгэмлэгийн нээлтийн барилдаанд барилдах зөвшөөрөл өгчээ. Ингээд цэрэг хувцастай Хад анх удаагаа бөхийн тэмцээнд орж барилдав. Нэгийн даваанд Монгол Улсын заан Адьяатай таарч, төвөггүйхэн давлаа. Хоёрын даваанд улсын заан Барамсайтай таарч барилдаад мөн л давчихжээ. Анх удаа барилдаж үзсэн Хад улсын хоёр ч том цолтой бөхийг угсруулаад өвдөг шороодуулчихлаа. Ангийн захирагч, хамт алба хааж байгаа цэргүүд Хадбаатарт баяр хүргээд сүйд болов. Гурвын даваанд түүнийг дархан аварга Х.Баянмөнх амлан авчээ. Баянаа аварга ид байсан үе. Их удаан барилдаж, Баянаа аварга олон жилийн туршлагаараа давлаа. Хоёр давсан Хадбаатарыг “Сайн барилдах хүүхэд байна” гээд “Алдар” нийгэмлэгийн багш нар нь түүнд зориулж, зодог шуудаг хийлгэжээ. Ингэж л Хадбаатар аваргын сэтгэл зүрхэнд барилдах хүсэл асаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Хадбаатар аварга пейж



Discussion about this post