ХАЙРЫН БУРХАН БУЮУ БАТМӨНХИЙН САРАНТУЯА /хөрөг/
Монгол Улсын гавьяат жүжигчин, дууны яруу найрагч Б.Сарантуяа гэгч гил хар шөнийн гэгээн туяа мэт анирлангуй, чандаган цагаан өдрийн час улаан туяа мэт асарлангуй, сарны аялгуу нарны ааг амтагдсан зүүдэн хонгор нас мэт нэгэн ажээ. Зоргоор туулах он жилүүд нь дуун тамгатай, зоригоор туучих омголон сэтгэл нь дуун домогтой, золгоод учрах зүрхэн эгшиглэн нь дуун хадагтай тэрбээр Зууны манлай гэнэм. Тэр дуучин бөлгөө. Сарантуяа гэгч шөнийн мянган одод чимээлэн чагнах сарны аялгуу мэт, хөхөмдөг модот уулсын цаанаас элсхийн мандах нарны гэгээн туяа мэт даяарын шидэт долгис бөгөөд дуун ертөнцийн эрхэмсэг хатан хаан заяатны төрх бүрдмэл нэгэн ажээ. Тэр ихэмсэг, эрхэмсэг, эрчимлэг үзэгдэнэ. Тэр хайрын дууч бурхан бөлгөө. Батмөнхийн Сарантуяа дуучин хоёр зууны зааг дээр хоёр их соёлын уулзвар дээр арга билэг, уламжлал, шинэчлэлийн бэлгэдэл болон гарч ирсэн их уран бүтээлч, эстрадын нэгэн онцгой үзэгдэл юм. Түүний дуулах нь зүүний сүвэгчээр сарны туяа садарч зөн билгийн наран шувуу болон нисч зүрхэнд мянган одод зэрэг гэрэлтэх мэт ажаам. Ерээд оны дуучин Б. Сарантуяагийн үнэлэмжийн оргил нь “Зууны манлай эстрадын дуучин” /1999/ цол юм. “Зууны мэдээ” сониноос хэрэгжүүлсэн энэ төсөлд шалгарч өөрийн овог болтлоо нэршсэн “Зууны манлай” дуучин болохдоо тэр ердөө л 29 настай байсан юм. Тэр шалгаруулалтад сэтгүүлчдийн санал нөлөөтэй байсан, би ч бас саналаа өгч байсан билээ. Бүхэл зууныг төлөөлөх уран бүтээлчийн зиндаанд түүний залуу нас үл саад болсон нь тухайн үед ч одоо ч ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн түүний уран бүтээлийн замналаас тодорхой харж болно. Хоёр мянгаад оноос дуучин Б.Сарантуяагийн уран бүтээлийн оргил оргилуун даацтайхан жилүүд эхэлсэн билээ. Тэрээр эхний арван жил дараалан цомог хэвлүүлж тоглолтоо хийж үзэгч түмэнд амьсгал авах зай чөлөө өгөхгүй эзэгнэж байв. Тэрээр Монголын рок поп урлагийг зуун дамжин төлөөлөх эрх бүхий онцгой нэгэн бөгөөд уран бүтээлийнх нь 40 жил бол түүний амьдрал, уран бүтээлийн үндсэн дэвсгэр хөг нь билээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн уран бүтээлийн 40 жилийн 20 жилд нь миний бие ийнхүү уран бүтээлээр андлан нөхөрлөж ирсэндээ бахархаж байна. Тэр бол итгэж болох, бас нөхөрлөж болох шулуун шударга, ил тод, ойлгомжтой хүн. Үнэндээ Монголын дуучид дотроос оддын амьдралаар амьдарсан сонгомол дуучин гэвэл Сарантуяаг л би нэрлэнэ. Түүн шиг уран бүтээлээр насан туршдаа хэлбэрэлтгүй дагнан ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа урлагт эргэлзэл үгүй зориулсан нь хуруу дарам цөөхөн. Тэр нэг л зангаараа, нэг л зарчим, туурштай үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн. Би түүнд тохиосон нэг үйл явдлыг мартдаггүй юм. Б.Сарантуяа 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин алдар цолоор шагнуулсан. Шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулахдаа “Ардын жүжигчин” гэж уншсанаа “гавьяат жүжигчин” гэж залруулж билээ. Ерөнхийлөгчийн зарлигийг ингэж андуурах тохиолдол огт байсангүй. Би ч түүнийг алдаа бус гэж боддог. Учир нь Батмөнхийн Сарантуяа 40 жилийн турш Монголын рок поп урлагт чин үнэнчээр хүчин зүтгэж, манлайлж ирсэн бөгөөд үнэндээ Ардын жүжигчний үүргийг гүйцэтгэж хөгжлийн түүчээ болсоор байна Зууны манлай эстрадын дуучин, Пентатоник наадмын гурван удаагийн шагналт, “Алтан микрофон” наадмын шагналт, “Гэгээн муза” шилдэг туслах эмэгтэй дүр, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяагаас Монголын рок поп урлагийн хөгжлийн шинэ зууны шинэчлэлийн дараагийн шинэ давалгааг хүлээх, хүсэх эрх үзэгч бидэнд урдын адил хүлээлт болон үлдэж байна.
МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар




Discussion about this post