Ариунаа, Сараа хоёрыг тайзнаас буу, залуучуудад зайгүй тавьж өг гэх нь бий. Урлагт арын хаалга байдаггүй. Тиймээс л 30-40 жил тайзан дээр бат зогсож, олон зуун хит дууг төрүүлсээр яваа билээ. Зарим дуучид бие даасан тоглолт хийхдээ, хүний өөрийн, хуучин нойтон, ардын гадаадын хамаагүй баахан олны чихэнд хоногшсон дуу хамж шимээд дуулчихдаг. Харин Сараа, Ариунаа, АЖ Жавхлан тэргүүтэй цөөн дуучид тоглолтдоо аль дуугаа дуулах вэ гэж цахим санал асуулга явуулж, тэр дагуу сонсогч, фэнүүд нь саналаа өргөнөөр өгч байдаг. МУГТ Т.Ариунаа өнгөрсөн намар Төв цэнгэлдэхэд, саяхан М аренад тоглолтоо хийлээ.
МУГЖ Б.Сарантуяа ирэх 06 сарын 06-нд Төв цэнгэлдэхэд хийх тоглолтдоо бэлдэж, урлагт зүтгэсэн 40 жил тоглолтдоо дуулах 40 дуугаа санал асуулгаар оруулахаар ажиллаж байна.
Ариунаа, Сараа хоёр 2005 онд Ерөнхийлөгч Н.Баганбандиас МУГЖ цол хэдхэн хоногийн зайтай авсан. Анх Т.Ариунаа МУГЖ болоход “Үүнийг сонссон Сараа аягатай цайгаа алдаж асгав” гэсэн шар мэдээ түгэж байлаа. 1990-ээд оноос тайзнаас буугаагүй, урлагт ч, хэвлэлд ч, ард түмэнд ч нөлөөтэй хоёр хатагтай рок попын өнгийг тодорхойлж явна. Цаашид ч Сараа, Ариунаагийн үе хэмээн яригдаж үлдэнэ байх. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоор энэ хоёр Ардын жүжигчин авахаар өрсөлдөж, тодорхойлолтоо Ерөнхийлөгчийн Тамгын газар явуулсан гэх юм билээ. Хэрхэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэх биз ээ.



Discussion about this post