Ийм аймшигт хэрэг Налайх дүүргийн 2- хорооны …-р байрны подвалд гарчээ. Өдгөө 52 настай, Хятадад 25 жил амьдарсан эмэгтэй Б. … нь согтуурсан үедээ подвалын давхарт түрээслэн амьдарч байсан байрандаа цус харвалтын улмаас өөрийн асрамжид байсан төрсөн эхийгээ асрамжлах хугацаанд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдал, ар гэрийн сэтгэл зүйн дарамт зэргээс шалтгаалан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, хоолойг гараар боож алсан хэрэгт холбогджээ. Амь хохирогчийн бага охин нь “… Манай эгч 2000 онд хятад иргэнтэй суугаад Хятадад 25 жил амьдарсан. Жилд 1-2 удаа ирдэг. Манай ээж 1988 онд эгчийг 7-р ангид, намайг 4-р ангид байхад ааваас салаад өөр хүнтэй суугаад явсан. Энэ талаар эгчид жаахан гомдол байдаг байсан. Ээж 2023 онд тархинд цус харваад хүнд хагалгаанд орсон. Эгч хоёр хоногийн дараа урдаас ирээд ээжийг дөрвөн cap асраад буцаж явах шаардлагатай болоод хятад явсан. Ээж бүрэн асаргаанд орсон цагаас зан харилцаа хэцүү болж, бусдыг тайван байлгахгүй үглэж яншиж, ямар нэгэн худлаа зүйл зохиож ярьдаг, үхмээрээр байна хурдан үхүүлдэг ном байвал уншуулаад өгөөч гэдэг байсан…” гэжээ. Шүүгдэгч Монголд ажиллахаар ирсэн хятад эмэгтэйг ээжийнхээ асаргаандаа туслуулах нөхцөлөөр подвалын байрандаа хоолыг нь даан үнэгүй суулгадаг байжээ. Гэрч болсон хятад эмэгтэй “… Би 2025 онд Монголд ирсэн. Эгч чи манай ээжийг асарч бай, би чамайг байр хоол үнэгүй байлгаж байя гэсэн. Эгч ажилдаа явахаар нь би ээжийг нь хааяа түшиж босгож явдаг. Эгч орой ажлаасаа халамцуу ирэхэд ээж нь загнаад байгаа бололтой юм хэлж орилдог, эгч уурлаад ээжийгээ бөгс, цээж рүү нь цохидог. Тэгээд надад хандаж хятадаар би яагаад ээждээ муухай хандаж байгаад гайхаж байна уу, намайг бага байхад орхиж явсан, одоо надаас халамж нэхэж байна, энэ хүн халамж авах эрхгүй гэсэн. 2025 оны 11-р сарын 08-ны өдөр эгч ажилдаа яваагүй. Өдөр нь надад ээж намайг тамлаад байна, би ээжийгээ алаад цагдаа дуудаад шоронд явна, чи ээжид архи хийж өг гээд дөрвөн хундага архи хийлгэж өгүүлсэн. Эгч байрнаас гарч орохдоо хаана мэдэхгүй архи уугаад согтуу болоод байсан. Тэгээд 18 цагийн үед эгч ээжийнхээ хоолойг гараараа бооход би гурван удаа салгасан. Эгч бараг 5-6 удаа боосон, чамд хамаагүй хол бай гэж намайг загнасан, би айгаад холдоход ээж нь хөдөлгөөнгүй болсон…” гэжээ. Харин шүүгдэгч “… Ээж харваж хэвтэрт орсон цагаасаа зан харилцаа хэцүү болж асарсан хүнтэйгээ таарахгүй болсон. Сүүлдээ харах хүнгүй болсон. Би Хятадын Ухань хотод гэртээ хоёр cap асраад буцаагаад Монгол руу дүү рүүгээ явуулсан. Дараа нь буцааж аваад ахин хоёр сар харсан. Мөн Эрээн хотод хоёр cap асраад буцаагаад явуулсан. Тэгээд харах хүнгүй боллоо гэхээр нь Улаанбаатард ирээд “Залуус” хороололд 5-9 cap байр түрээсэлж асарсан. Сүүлдээ мөнгөгүй болоод хятад компанид сарын хоёр сая төгрөгийн ажилд орж 350 мянгаар подвал түрээсэлсэн. Өдрийн цайнаар ирж хооллож эмийг өгдөг, орой живхийг нь сольж усанд оруулдаг. Надад өдөрт ээжийн хажууд байлгах хүн хэрэгтэй тул хятад эмэгтэйг авчирсан ч сайн харж чадахгүй байсан. Ээж өдөр шөнө ч байсан үхэх юмсан гэж үглэж орилж хэн рүү ч хамаагүй хэдэн зуун удаа залгаж эргэн тойрны хүмүүсээ залхаасан. Тэд ээжийн дугаарыг авахгүй блок хийсэн. Би энэ байдлыг тэсвэрлэж чадахгүй сүүлдээ ажлаасаа ирэхдээ заавал пиво уугаад согтож байж унтдаг болсон. Ээж унтуулахгүй шөнөжин дууддаг тул дутуу уусан үедээ нойргүй хонодог. Тухайн өдөр ажлаас ирэхдээ нэг том Сэнгүр пиво авч ээжээс нуугдаж наад талын том зааланд уусан. Уул нь согтож байж орж унтана гэсэн чинь согтоогүй, согтохгүй бол ээж шөнө унтуулахгүй гэж бодоод дахин том Сэнгүр пиво авч уугаад тасраад унасан. Өглөө ажилдаа явах гэхэд шартаад байсан учир лаазтай пиво авч уугаад дүүгийн шилжүүлсэн мөнгөөр хоёр лаазтай пиво, 0.33 литрийн Хараа архи авч гэртээ орох үед ээж, хятад эмэгтэй хоёр унтаж байсан. Удалгүй ээж сэрээд хятад эмэгтэй босгож шээлгээд цайг нь эмтэй нь өгсөн. Би пиво уугаад унтсан. Нэг сэрээд архиа ууж байхад ээж ахин үхмээр байна гээд үглээд эхэлсэн. Согтуудаа гэнэт уур хүрээд би таныг алаад өгье гээд очоод шууд орон дээр нь дарж багалзуурдахад хятад охин намайг салгасан. Намайг холдоход ээж ингэж байхаар чи намайг нэг мөр алаач гэхээр нь би дахин очиж боосон. Хэсэг хугацааны дараа ээж дуугүй болчихоор нь санаа амраад өөрөө ч тайвширсан. Тэгээд бичлэг хийж дүү рүүгээ явуулсан …” гэжээ. Дүү нь “…эгчийн фейсбүүк хаягаас чатаар нэг бичлэг ирсэн байсныг үзэхэд эгч ээжийн хажууд суугаад нэг гартаа утсаа барьсан нөгөө гараараа ээжийг багалзуурдсан байдалтай, ээж аягүй амь бөхтэй юм гэж хэлж байсан, би айгаад устгасан …” гэжээ. Шүүх энэ хэргийг саяхан хэлэлцээд шүүгдэгчид 13,6 жилийн хорих ял оноожээ. Ах дүүс нь гомдолгүй гэж мэдүүлжээ.


Discussion about this post