Энэ явдал 2024 оны 10-р сард Өвөрхангай аймгийн төвд болсон агаад хэрэгтэн нь “Ганданпунцоглин” хийдийн лам Б.П гэж тогтоогдсон. Тэрээр машиндаа эр нөхрийг нь эзгүйчлэн “дагуулж гардаг” эмэгтэй болох Д … -г суулган явж байхдаа нөхөр Л.М-тай нь таарч багалзуурдуулжээ. Тэгээд сандарч амь тэмцэхдээ гарыг нь хазаад шууд хаазаа гишгэж урагшилж бас ухран өмнө хойно байсан машинуудыг ямбийлгаж нийтдээ таван машин мөргөсөн ноцтой осол гаргасан. Эхнэрээ ламбугайд алдах дөхсөн эр “… Тухайн өдөр аавын хамт хашаанд нь жорлонгийн нүх ухаж байсан. Тэгэхэд дүү О.А нь 16 цаг 36 минутын орчим Агаа дүү нь танд үнэн гэсэн бүхнээ хэлэх гэсэн юм, та ирэх болж байна уу гээд мессеж явуулахаар нь гэртээ очсон. Тэгэхэд манай хүү таныг ажилд явахад нэг ах пивотой орж ирээд ээжийг дагуулаад гардаг, ээж өглөө 06 цагийн үед орж ирдэг” гэсэн. Тэгээд биднийг гэрээс гарахад тэр дагуулж авч явдаг гэх хүн нь машиндаа манай эхнэрийг суулгаад ирсэн. Тэр хүн манай хоѐр хүүхдийг суу п-даануудаа гэсэн. Би уурандаа очоод буугаад ир гээд мөрнөөс нь татахад баригдсандаа айж балмагдаад хойшоо гэдийгээд намайг аллаа гээд орилсон. Тэгээд хаазаа гишгээд шууд эхний Prius 11 машиныг мөргөсөн. Мөргүүлсэн машин хүчиндээ өмнөө байсан Nissan advan машиныг мөргөөд зогссон. Тэр хооронд би машиныг нь унтраасан чинь миний гарыг хазсан. Тэгтэл ахин асаагаад ухрах араандаа хийж хойно байсан Prius 20 машиныг мөргөсөн. Мөргүүлсэн машин мөн ардаа байсан Prius 30 машиныг мөргөсөн. Ахин урагшаа араандаа хийгээд урдах Honda insight машиныг мөргөсөн. Тэр үед хүмүүс ирж машиных нь копудыг сөхөн аккумляторыг нь салгаж байж хөдөлгөөнгүй болгосон. Манай эхнэр М.Д нь Б.П гэх ламтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд манай гадаа зогсож байсан. Энэ нь миний хардах шалтгаан болсон …” гэжээ.
Хэдийгээр ламбугай нөхөр хоёр сүрхий зодолдоогүй ч орилж чарлалдан тэрийгээр нэг юм болжээ. Газар дээрээ “гардуулсан” ламбугай хамгийн их орилсон гэнэ. Гэрч нар “…Машиныг чинь мөргөчихлөө гэхээр нь гүйгээд очтол хоѐр залуу машин дотор орилолдоод ноцолдож байсан. Би хажуугаар нь шургаж ороод машиныг нь унтраасан. Гэсэн ч жолооч нь би явмаар байна, аллаа гэж бүр аймаар чанга орилж тийчлээд 2-3 удаа асаахад тухай бүр нөгөө залуу унтрааж байсан. Тэгтэл гар хазчихлаа гээд орилсон. Би нэг залуутай хамжин копудыг нь сөхөж аккумляторыг нь салгаж байж зогсоосон …” гэжээ.
Машин дотор ламбугайтай нөхөр нь ноцолдож байхад “хэнгэрэгийн дохиур” эмэгтэй зүгээр л хараад сууж байсан гэнэ. Энэ хэргээс болж олон машины засварын мөнгө нэхэгдсэн бөөн зарга үүссэн. Их мөнгөний хохирол гарсан тул ламбугай болон түүнд эхнэрээ эзгүйчлүүлсэн эр хоёр “эвлэрч” ярилцаад хувааж төлжээ. Хамгийн их буруутнаараа ламбугай гурван машины хохирлыг барагдуулсан бол нөхөр нь хүн сайтай эр тул хоёр машины төлбөрийг төлжээ. Өөр хүн бол бүх хохирлыг ламбугайгаас гаргуулна гэж гэдийх атал тэрээр “Бид хоёрын үйлдлээс болоод бөөн асуудал үүссэн учир хурдан шийдвэрлэхийн тулд би хоёр машины төлбөрийг төлсөн. Prius тээврийн хэрэгслийн хохиролд 500 мянгыг өгсөн. Honda insight машины эзэнд өөрийн Allion маркийн машинаа шилжүүлж дээр нь бүх торгууль татвар болох 350,000 төгрөгийг нь төлж өгсөн. Оронд нь мөргүүлсэн Honda insight-ыг авсан …” гэжээ. Энэ хэрэг хоёр жил шахам шалгагдаад саяхан шүүхээр оржээ. Ламбугай хүүхдүүдийг нь “суу п-дануудаа” гэж хэлээгүй гэжээ. Харин багалзуурдуулаад айж сандран амиа хамгаалахаар нөхрийх нь гарыг хазсанаа хүлээсэн. Шүүх ламбугайг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн нэг саяар торгожээ. Мөн нөхрийн хоёр машины хохиролд төлсөн нийт 1,6 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар болсон байна.


Discussion about this post