АН-ын гишүүн, дэд сайд асан Даваагийн Нямхүү хатуу боловч үнэн үгтэй улстөрч. Төрж өссөн Увс аймагтаа УИХ-д нэр дэвшээд бүдэрсэн. Нутгархаг Увсынхаа улстөрчдийг улалзтал хэлдэг, АН-аа ч шүүмжилдэг Д.Нямхүү цахим хуудастаа ингэж бичжээ.
“Бүгдээрээ тог тасалсан гэж хэн нэгнийг муулж шуугилдаж байх шив. Увсынхан Чойжоог, Хөвсгөл Даваасүрэнг, Ховд Бямбацогтыг сонгодоггүйшдээ. Энэ олон сонгогдсон гэж гайхуулдаг новшууд зүгээр л мөнгөний сүлжээ байгуулчаад санал худалдаж авдгийг бүгд мэддэг. Ялангуяа тухайн аймгийхан бүүр сайн мэддэг. Аугаа баян Монгол эх орныг минь сөхөртөл домог түүхтэй ард олныг минь гуйлгачин болтол зайдалсан хүмүүс бол олон удаа санал худалдаж авч төрд суудал эзлэн баялгийг маань луйвардаж түүнийхээ нэг хэсгээр дахин санал худалдаж авдаг тэр л гишүүд. Амьдралыг тань залж буй хуулиудыг баталж, Засгийн газрыг бүрдүүлдэг, Үндсэн хуулинд энэ улсын дээд эрх мэдлийг эзэмших эрх олгогдсон хүмүүс бол УИХын гишүүд. Зөвхөн тэднээс л юуны түрүүнд хариуцлага нэхэх ёстой. Шинэ нийгэмд шилжсэн 30 гаруй жилд олон сонгогдож дархлагдсан гишүүд бүх эрх мэдлийг атгаж ирсэн. Ганц удаа сонгогдоод эднийг дийлэхгүйгээ ойлгож холдсон зөв бодолтой хүмүүс зөндөө байлаа. Сүүлдээ эд нар хоорондоо байлдаж эхэлсэн ( Жишээ нь: Увсын Чойжоо Хүрлээгийн дайн) одоо ч үргэлжилж байна.
Хуулийнхан (Цагдаа, шүүх, цэц, прокурор, АТГ) бас л тэднийг дагаж хуваагдахаас аргагүй болсон яагаад гэвэл хуулийг нь өөрчлөөд атгандаа хийчихсэн болхоор ажил амьдралаа үрэхгүйн тулд бөхийхөөс өөр яах билээ. Түүнээс мэдээж тэдний дунд эх орноо хайрлаж дотроо шаналж байгаа өчнөөн хүн байгаа нь ойлгомжтой. Одоо яах вэ??? Нэг хэсэг шуугилдаж хэрэлдээд дахиад хэвээр үлдэх үү?
УИХ-ын гишүүд 126 болж олон шинэ залуус орж ирсэн. Тэд юу хийхээ мэдэхгүй, хуучин хулгайч нарт яг шоронд анх орж ирээд архаг гэмт хэрэгтнүүдэд дээрэлхүүлж байгаа хоригдол шиг дарамтлуулж байгааг бид харж байна. Тэднээс ганцхан хууль эхлээд баталж өгөхийг гуйцгаая. Монгол Улсын Ерөнхийлөгчийг өмнө нь 2-хон удаа, одоо бүр ганцхан удаа сонгогдох эрхтэй гэж хуульчилсан мөртлөө УИХын гишүүд яагаад хязгааргүй сонгогдох эрхтэй байгаа юм бэ? Гэтэл манай улс Ерөнхийлөгчийн биш Парламентын засаглалтай шүү дээ. УИХ-ын гишүүн 2 удаа л сонгогддог байхад яагаад болохгүй байгаа юм бэ? Дараа нь ёс зүйтэй болоод улс маань хөгжсөн үед өөрчлөнө биз. Хуульчдаа энэ хуулийг боловсруулж олон нийтийн саналыг авч өгөөч! Шинэ гишүүдээ та нарыг дэвшүүлсэн намын дарга нартаа та нар өргүй шүү. Ирээдүйд хулгайчийн тоонд орж үр хүүхдүүддээ хараалгаж явахгүйн тулд, туулсан амьдралаараа насны эцэст бахархаж, үлдээсэн нэр төртэй байхын тулд энэ хуулийг баталж өгцгөөнө үү. Сонгуулийг шударга явуулах эхний алхам болог эндээс ирээдүй эхэлдгээс хойш…” гэжээ.


Discussion about this post