Хүний зүүж шүтэж явдаг сахиус амийг нь авардаг гэдгийг харуулсан хэрэг Хан-Уул дүүргийн 11-р хороонд орших “Зайсан Гейт” зочип буудалд найз нарын дунд гарсан хутганы хэргээс харагджээ. Энэ хэрэг 2022 онд гарсан агаад өдгөө гуравдахь жил рүүгээ орон шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Хэрэгт багын найзууд болох Б.Бямбагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар холбогдсон. Зочид буудлын эзэн Б.У мөн л найз нь гэнэ. Тухайн өдөр хоёр найз “Зайсан караоке”-д сууж байгаад орой нь найзынхаа буудал руу очжээ. Буудлын эзэн ч өрөө гарган хүлээн авч виски авчруулахаар болсон. Гэтэл уух юмаа хүлээж байх хооронд хоёр найз муудалцжээ. Хохирогч болох Б.Бат-Эрдэнэ нь “ерөнхийдөө Бямбагэрэл намайг доош дарж харьцдаг бөгөөд тухайн үед ч тийм хандлага гаргаж томорсон. Тэгэхээр нь “чи ер нь яагаад байгаа юм” гээд зодолдсон. Зодолдоод эр хүмүүс шиг тэврэлдээд эвлэрсэн ч ахиад л дүрэлзэж босож ирээд намайг цохихоор нь би зөрүүлж элэгдсэн чинь газар атирч унаснаа муухай орилж босоод хоёр давхар руу гүйгээд явсан. Тэгээд хутга барьж орж ирээд “чамайг алсан ч яадаг юм, алнаа чамайг” гээд дайрахаар нь би тэмцэлдээд зүүн гартаа хутгалуулсан. Хоёр удаагаа цээж рүү хутгаараа зооход зүүж байсан сахиусыг онож би азаар амь мултарсан. “Энэ ерөөсөө намайг алахаар шийдэж” гээд цааш нь түлхээд гарч зугтсан чинь араас гүйцэж ирээд миний бөгс рүү хутгаараа зоосон. Тухайн үед азаар У хутгыг нь булааж авч шидээд тэвэрч арай гэж болиулсан. Би металл кулонтой зүүлтийг сахиус байдлаар байнга зүүдэг” гэжээ.
Хохирогч тэр даруй ахыгаа дуудсан агаад тэрээр “Дүүг хутгалсан залуу алтан гинж гаргаж ирээд авах уу гээд дараа нь бенз логотой түлхүүр гаргаж ирээд бас авах уу гээд томорч томорч гараад явсан. Тэнд байсан найз нь болсон явдлын талаар ярихдаа цээжин тус газарт хутгаар зоосон гэхдээ орохгүй байсан, дараа нь өгзөг рүү нь бас хутгалсан гэсэн. Дүүгийн футболкийг харахад цээжний хэсэгт зүсэгдсэн, бас металл сахиус зүүсэн байсан. Сахиус нь хурц үзүүртэй зүйл орсоноос хонхойсон, хэлбэр нь алдагдсан байсныг гараараа тэгшилж өгөөд энэ сахиус амийг нь хамгаалжээ гэж бодсон” гэж мэдүүлжээ. Харин бусад гэрч нар хохирогч сахиус зүүснийг нотлоогүй байна. Энэ хэрэгт тэрхүү сахиус гол баримт болсон гэнэ. Анхан шатны шүүхээс сахиус хэмээх кулонд хэрэг гарсанаас хойш хоёр жилийн дараа шинжилгээ хийсэн, кулоны товгор гурвалжин дунд хэсэгт хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүдийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй гэж дүгнэжээ. Ингээд улсын яллагчийн оруулж ирсэн хүнийг санаатай алахыг завдсан гэх зүйлчлэлийг нь хөнгөрүүлэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн шүүгдэгчийг 600 мянган төгрөгөөр торгосон. Харин прокурор үүнийг нь эсэргүүцсэн ч давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй байна. Түүнээс гадна зодоон болох үед хохирогч нь нууцаар бичлэг хийсэнийг эхнэр нь гаргаж иржээ. Тэрээр “шүүгдэгч нь манай нөхрийг хоёр удаа цохичхоод машин авах уу, алтан гинж авах уу, би чамайг зүгээр байлгахгүй, хүн явуулна гэр бүлийг чинь оролдоно, ш-на гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Хүн явуулна гэж хэлснийг сонсоод орцонд хөлийн чимээ дугарангуут цочдог сэтгэл санааны хувьд маш хүнд байна” гэжээ.


Discussion about this post