• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/09/2025
in Хүмүүс
0
NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
Энхбаярын аав өндөөр шар хүнийг би хар залуугаасаа таньдаг байлаа. Санкт-Петербургийн их сургуулийн сэтгүүлчийн анги төгсч ирээд ажилласан анхны буянтай газар маань Монголын Үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сонин. Үйлдвэрчний Төв зөвлөлийн харьяанд Амралт, сувиллын хэрэг эрхлэх газар нэртэй хүчирхэг бүтэц багтах ба доор нь “Оргил” рашаан сувилал гэх мэт томоохон амралт, сувиллын газрууд хамаарна. Намбар гуай “Оргил” рашаан сувиллын boss. Бас эмч нь. Цэвэр мэргэжлийн хүн. Улс төржиж, карьер хөөж, дарга болох гэж чичирч байсан гэж огт дуулаагүй. Ажилдаа дуртай, хариуцлагатай, социализмын үеийн нягт нямбай боловсон хүчний нэгэн.
Түүний том хүү Энхбаярыг би Зохиолчдын хорооны дарга байхаас нь гадарлана. Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, орос, англиар ус цас ярьдаг, орос хэлнээс оросын шилдэг зохиолчдын өгүүллэгүүдийг монгол хэлнээ гаргуун хөрвүүлдэг, орчин цагийн сэхээтний нэгэн тод дүр байлаа. Харин эцгээсээ ялгаатай нь тэр амбицтай, харизмтай, албан тушаалын гишгүүрээр шат ахих сонирхолтой нэгэн болох нь анзаарагддаг байсан.
Миний бодоход түүний амьдралын замналыг 1992 он огцом эргүүлсэн болов уу. Тэр жилийн нэгдүгээр сард дөнгөж батлагдаад байсан шинэ Үндсэн хуулийн дагуу явагдсан парламентын анхны сонгуульд орчуулагч Энхбаяр ялалт байгуулж, Төрийн ордонд орж ирлээ. Түүнтэй хамт сэтгүүлч Б.Ганболд, хожим “Үнэн” сонины эрхлэгч болсон Ц.Ганбат нарын “будаг нь ханхалсан” залуус МАХН-аас нэр дэвшин Их хуралд сонгогдоод мөн л Төрийн ордны босгоор алхаж орж ирэв. Тухайн үедээ тэд олон жилийн түүхтэй, хуучирч хоцрогдсон эрх баригч намд дэвшилтэт үзэл санаа, зарчим, хандлагаараа арай илүү ялгарч байв. Залуу гишүүд басхүү улс төрийн амбицтай байлаа. Тэд үгсэж, Энхбаярыг үеийнхээ төлөөлөл болгон П.Жасрай гуайн Засгийн газрын танхимд багтаахаар хөөцөлдсөн нь амжилттай болж Энхбаяр Монгол Улсын Соёлын сайд боллоо.
Үүнээс хойш Намбар гуайн хүү албан тушаалын шатаар тасралтгүй өгссөн. Түүн шиг Монгол төрийн тэргүүн-Улсын Ерөнхийлөгч, төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ын дарга, Улсын Ерөнхий сайд хэмээх төр улсын хамгийн дээд гурван албан тушаалыг дараалан хашсан хүн за даа бараг байхгүй байх. Нацагийн Багабанди гуай Ерөнхийлөгч, Их хурлын дарга болсон ч Ерөнхий сайд байгаагүй, Миеэгомбын Энхболд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, парламентыг удирдаж үзсэн ч Төрийн тэргүүний сэнтийд өрсөлдөөд дэлхийн аварга самбочин Халтмаагийн Баттулгад “өвдөг шороодсон”. Энэ утгаараа бол Энхбаяр яахын аргагүй азтай, одтой эр.
Нөгөөтэйгүүр тэр бас азгүй улс төрч. Одоогоор Монгол Улсын 6 Ерөнхийлөгчөөс “аав”-ынд суугаад гарсан цор ганц хүн бол Энхбаяр. Зүгээр ч нэг тэнд морилоогүй, тэргүүн хатагтай О.Цолмонг эхэр татан уйлуулж, “улайдаггүй” Улаан, ТБД Тэрбишдагва нарын журмын нөхдөө ташраар нь хүчин мөхөсдүүлж, одоогийн сайд Э.Батшугарын зориг зүрхийг чангалж, оймсоо гозолзуулан шорон руу ачигдсан эмгэнэлт хувь заяа зөвхөн түүнийх. Шоронд өлсгөлөн зарлаж, нэгдсэн 2 дугаар эмнэлгийн сэхээний тасагт 24 цагаар дусал залгуулж, тус эмнэлгийн дарга, эмчийн өргөсөн тангарагтаа чин үнэнч Баясгалан том улс төрчийнх нь хувьд долигнож бус, эмчлүүлэгч өвчтөндөө энэрэн нигүүлсэх сэтгэлээр хандаж эм тариа цутгасны ачаар үхлийн хаалга татаад амьдралд эргэн ирсэн шийртэй шазруун эр. Сөүлд олон сар жилээр гэрийн хорионд шахуу байж, эцэж турж, нүднээс гарч, өнөөх л нүүр дүүрэн инээмсэглэл, мах мариагаа бүрмөсөн гээж, энэлж шаналсан монгол төрийн тэргүүн бол зөвхөн Намбар гуайн хүү.
Саяхан пэйсбүүкээр шинэ үеийн Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан 6 эрхмээс хэн нь хамгийн сайн ажилласан бэ? хэмээх асуулга явж харагдана лээ.
Миний бие Монгол төрийн 4 Засгийн газарт зөвлөж явсан хүний хувьд Монголын 3.5 сая хүнээс гагцхүү ганцад нь тохиох аз гийж Улсын Ерөнхийлөгч болсон эрхмүүдийг хэнийг нь ч муулж хэрхэвч чадахгүй. Мэндсайханы Энхсайханыг боловсон аргаар огцруулсныг нь илчилж ном бичсэний төлөө өс зангидаж, карьерын минь оргил цэг-Хонконг дахь Ерөнхий консулаас хугацаанаас хавьгүй өмнө татуулж дамшиглаж байсан 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид би таагүй ханддагаа нуудаггүй. Гэвч 1989 онд нүргэлсэн Ардчилсан хувьсгалыг оройлон манлайлж, монголын малыг малчдад өгч, Таван толгойн хувьцааг нийт иргэддээ өгье хэмээн уриалан тэртээ 2006 онд “Өдрийн сонин”-д “Эрдэнийн хувь” гарчигтай өгүүлэл нийтлүүлж, дэлхийн удирдагч болох мөрөөдөлдөө шатаж, Швейцарын Давост Худалдаа хөгжлийн банкны сая ам.доллараар “Mongolian night” хэмээх тансаг үдэшлэг зохион байгуулж, Улаанбаатарт өндөр зардалтай, дуулиант ASEM-ийн чуулганыг зохион байгуулж, хатагтай А.Меркель нарын зангарагтай удирдагчидтай патиар татуулан нүүр дүүрэн инээмсэглэж асан захчин эрийг бурхан байсан уу буг байв уу гэдгийг түүх, цаг үе л шударга шүүх биз ээ. Хээгүй П.Очирбат, хийгүй Н.Багабанди, Улаанбаатарын дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн дипломоо зэрэг ахиулж Харвардын дипломоор өнөө хүртэл солиогүй, Монголын жудог Олимпийн тавцанд түлхэн гаргасан, Ерөнхийлөгч-Төмөр замчин, Хятадын удирдагч Ши Жиньпинийг Улаанбаатарт төрийн айлчлалаар буухад машины цувааных нь эсрэг урсгал сөрөн гүйж сахилгагүйтсэн тамирчин, төдөлгүй Ерөнхийлөгч болоод коронагийн үеэр Хятадын ард түмэнд халуун хошуут 30 мянган хониороо өргөл өргөсөн, Монголыг ялуулаад байгаа ч юмуу, хорлоод байгаа ч юмуу магтаал, шүүмжлэлийн бай болж ирсэн Х.Баттулгын түүхэнд үлдээсэн “Legacy”-г мөн л цаг хугацаа л үнэн зөвөөр нь хэлж өгнө.
Харин Намбарын Энхбаярын тухайд өнөө цагийн Монголын дүр төрхийг бий болгосон социализмын үеийн аварга бүтээн байгуулалтуудыг цөмийг санхүүжүүлсэн Их Оросоос зээлсэн 10 тэрбум долларын Их өрийг тэглүүлсэн Ерөнхий сайд, улсын үндэс-газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан гавьяатан (хуулиар эзэмшүүлсэн газрыг эрх мэдэлтэн дарга нар хуй хуйгаар хулгайлсан нь үүнд хамаагүй), “Мянгуужингийн үлгэр-Мянганы зам”-ыг амилуулсан бүтээгч улс төрч гэдгээр нь одоо ч түүхэн удирдагч гэж хэлэхэд огт буруудахгүй гэж бат бодож байна.
Ер нь манай төрийн тэргүүн нар янз янзаар л аж төрж харагдана. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Улсаа “Азийн бар” болгох мөрөөдөл тээж, “Алт” хөтөлбөрийг санаачилж, Тамсагийн газрын тосны дээжээр гоёмсог цагаан дээлээ палийтал нялж байсан хээгүй гүдэсхэн Очирбат гуай тэнгэрт дуудагдаад одчихлоо. Хоёрдахь Ерөнхийлөгч цэмбэгэр, цэгц, хийгүй нягт Багабанди гуай Оюутолгойн ТУЗ-д орон тоо бөглөн суусан мэтээр хэвлэлд чичлүүлж, алдарт “Титэм” үгээсээ хойш олон түмэнтэйгээ санаа бодлоо огт хуваалцахгүй амар жимэр аж төрж байх шиг. Нацагийн Багабанди бол яриангүй ухаантай удирдагч мөн шүү. “Михайлд бодол бий” гэдэгчлэн монгол түмэндээ захих сургамжаа бичиж туурвиж, бясалгаж суугаа биз ээ. Нэгэн цагт “хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно” гэж бардамнаж цэцэрхэж явсан Монголын Цахиа гуайн хүү дэлхийн хүн болох мөрөөдлөө одоо ч гээгээгүй, энд тэндхийн “exs” удирдагчдын цугларалтад үе үе оролцож, “Оюун-Эрдэнээ, би чиний bible” хэмээн омгорхон гадаадаас үе үе мэндчилэх ажээ. Ордонд тогтохгүй Зүүнбаянгийн төмөр зам руу үе үе харайлгаж, өөрөө Зэвсэгт хүчинд шургуулсан бие төлөөлөгчөө Хөдөлмөрийн баатрын “Алтан таван хошуу”-гаар шагнаж асан үндэсний бөхийн нэртэй засуулч Халтмаа гуайн том хүү Майдар хот, Сайншандын аж үйлдвэрийн паркийн макетаа өнөө хэр сугавчилсаар, ээжийнхээ үгэнд жигтэй сайн орж чуулганыхаа хуралдаанд үе үе үзэгдэж харагдана. “Төгрөг нуур”- ын ордоо та яасан бэ? гэх сэтгүүлчийн эвгүй асуултаас эвтэйхэн бултаж, “манай нутгийн Занданшатар та нарт 100 хувь буцаагаад өгчихсөн шүү, ав, ав, авцгаа, май, буянаараа болцгоо” хэмээн алиална.
Харин “муу нэрт, луу данст”, “авилгын загалмайлсан эцэг” Намбарын Энхбаяр эдүгээ төмрийн хүдрийн наймаачин, хувийн төмөр замын эзэн, ярдаг хахир Дэлгэрсайхан сайдтаныг байранд нь тавьж, 700 адуутай Туваан exs сайдтанг түнтэгнүүлж, “36 их наяд”-ын хулгай хэмээх ихээхэн эргэлзээ дагуулсан нүүрсний гэрээний гэдэс дотрыг уудалж, МАН-ын дарга жинхэнээсээ болохоор тачаадаж байгаа Дашзэгвийн Амарбаясгаланд “Карьер нь дууссан зөнөг өвгөн”, Тавантолгойд эзэн суухаар өглөө бүр зүүдлэн сэрэгч” хэмээн цоллуулж, үзсээр л, тэмцэлдсээр л явна.
Бидний залууд “Ленин амьд, бүхнээс амьд” гэх уриа лоозон түгээмэл байлаа. Яг одоо бол буриад угсааны хөвүүн Намбарын Энхбаяр эрчтэй, зоригтой, бусдаасаа амьд байна.
Яг энэ тэмцэгч чанар нь надад л лав таалагдаж байна. Та нарт харин яахыг би мэдэхгүй юм, нүүр номын минь дагагчид аа.
Мартсанаас түүнийг 2 дугаар эмнэлэгт үхлүүт хэвтэж байхад одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс “Чингис хаан” одон саяхан хүртсэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Элбэгжоржид утас цохиж, “та нар наад хүнээ хэлмэгдүүлэхээ болиоч” хэмээн анхааруулсан гэх ам дамжсан яриа байдаг юм. Үнэн гэсэн шүү. Монголоос өөр удирдагчдаа хайрладаг, мартдаггүй төрийн ой санамжтай оронд мэндэлсэн бол Энхбаяр өдийд Нэгдсэн үндэстний байгууллагын boss-уудын нэг болчихсон, “тэнгэрийн амьтан” явах хувь заяатай ч байсан байж магад. Гэхдээ яахав ээ, бидэнтэйгээ цуг, манийхаа адил шороо хөдөлгөж, буурьтай тулхтай Пунцагийн Жасрайн зээ охин А.Ариунзаяад “Энхбаярыг хүнийг нь огт тоохгүй байж болно. Ядаж хашиж байсан албан тушаалыг нь хүндэтгэе” хэмээн Их хурлын танхимд өргөмжлүүлж яваа нь эгэл биш ховор тавилан мөн юм даа.
СЭТГҮҮЛЧ ЦОГСҮРЭНГИЙН ГАНБОЛД
Previous Post

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

Next Post

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Next Post
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
  • NUMBER ONE БУЮУ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан
  • АЗИ ТИВ ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДТАЙ ДУЛААРЧ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.