УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд улстөрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-д суудалтай Үндэсний эвслээс хоёр чухал УИХ-ын тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа.
Нэгд, хамгийн сүүлд би та бүхэнд мэдээлэл өгөхдөө төрийн нууцын зэрэгт авсан нүүрс худалдааны 32 гэрээний зөвхөн хавтсыг нь үзүүлээд байна. Нэг улстөрийн асуудал үүсэхэд тэр хүнд нь зориулж нэг хуудас нээгээд, үнэн худлаа нь мэдэгдэхгүй гүжигдэж, доромжилж нэр хүндийг нь гутаадаг үзэгдлүүд байна. Тэгэхээр энэ гэрээнүүдийг бүгдийг нууцаас гаргаж шалгах түр хороо байгуулъя гэдэг зарчмын асуудлыг хөндсөн.
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдэж нүүрстэй холбоотой бүхий л асуудлыг хянан шалгах тогтоолын төсөлд манай эвслийн гишүүд гарын үсэг зурлаа.
Хоёрт, Засгийн газрыг огцруулахтай холбоотой нийтэд яригдаж байгаа мэдээллээс бусад дөрвөн зүйлийг тооцож Үндэсний эвслийн гишүүд Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Намын дотоод асуудлаа улсын зовлон болгосон, бодит байдал энэ. Хуулийн байгууллагыг улстөрийн бороохой болгож ашиглаж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлтийг харвал муу нь өсөж, сайн нь буурчээ.
Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Бид орж ажиллая, нуугаад байх юм алга. Унхиагүй, асар их асуудал дагуулдаг хүмүүсийг сольж чаддаг хүмүүс нь орж ажиллая, би өөрийгөө бүрэн чадна гэж бодож байгаа. Үндэсний эвсэл дараагийн Засгийн газарт орж ажиллахын төлөө гарын үсэг зурсан” гэв.
Discussion about this post