Дагцэр ринбүүчи Түвдэнжигмэднорбу дээдэс нь 1922 онд Төвөдийн Амдо нутагт аав Чойжонцэрэн, ээж Содномцомо нарын хөвгүүн болон мэндэлсэн. Эцэг эх нь түүнд Дашцэрэн хэмээх алдарыг хайрлажээ. 1925 онд Дээрхийн гэгээнтэн 13-р Далай лам түүнийг Дагцар ринбүүчийн 6 дугаар дүрийн хувилгаанаар тодруулан ширээнд залж Түвдэнжигмэднорбу хэмээх сахилын алдар хайрласан байна.
1935 онд Гүмбүм хийдэд шавилан бурханы номд шамдаж эхэлсэн бөгөөд монгол багш нарынхаа ачаар Монгол хэлийг сайн сурсан. 1941-1946 оны хооронд Брайвүн хийдийн Гоман дацанд буддын гүн ухааны номд суралцжээ.
Тэр үеэс л Хятадын коммунист намын бодлогыг соргогоор анзаарч Төвөдийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үйл хэргээ эхлүүлсэн бөгөөд 1951 онд Энэтхэгээр дамжин гарч АНУ-д суурьшин амьдрах болжээ. Түүний дараа Япон улсад мөн хэдэн жил амьдарч Япон хэлийг эзэмшсэн. Ингээд 1959 онд 14-р Далай багш тэргүүтэй олон Төвөдүүд Энэтхэгт цагаачлах үеэр Энэтхэгт морилон цагаачдад тусламж хүргэсэн анхны хүмүүсийн нэг юм. Тухайн үед олон улсад Төвөдийн нөхцөл байдлыг хүргэн мэдээллэх гол ажлыг гүйцэтгэж, олон улстай харилцаа холбоо тогтоон улс төрийн үйл хэргээ үргэлжлүүлж байжээ. Мөн 1965-1987 оны хооронд Индианагийн их сургуульд эрдэмтэн багшаар ажиллахын хамт олон зохиол бүтээл туурвисан.
Насан эцэслэх хүртлээ хүний эрх, эрх чөлөө, Төвөдийн тусгаар тогтнол, шашин соёл, уламжлал түүх, хэл бичиг зэрэг үндэстнийхээ үнэт зүйлийн төлөө гал цогтой тэмцэж, манлайнлан удирдсан билээ.
Улмаар 2008 оны 09 дүгээр сарын 05-нд 87 сүүдэртэйдээ жанч халжээ.
Эдүгээ түүний дараагийн дүр болох 7-р Дагцэр ринбүүчи Данзанёндонжамц хувилгаан Өмнөд Энэтхэгийн Брайвүн Гоман дацанд ном эрдэмд шамдан суралцаж байна.

Discussion about this post