Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний салбарын нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа.
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулж дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган хяналт тавин ажиллаж байна. Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.
Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц энэ өдрийн байдлаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нийт гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна.
Эх сурвалж: mongolia.gov.mn
Discussion about this post