Манай орны хувьд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгал, хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин эхний 3 байрыг эзэлж, зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт сүүлийн 30 жилийн турш эхний байрыг эзэлсээр ирсэн. Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1950 онд нийт нас баралтын 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь, 1995 оноос 30.8 хувийг эзэлж байсан бол 2020 оны байдлаар 36.4 хувьд хүрчээ. Жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулжээ. Жилд 5650 иргэн зүрх судасны эмгэгийн улмаас нас барж байна. Тэр дундаа манай хүн амын гуравны нэгийг эзэлж буй 15 хүртэлх насны хүүхдийн дунд зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг интервенцийг цэцэрлэг, сургууль, гэр бүлд чиглүүлэн хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй байна.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жил бүр 6 нас хүрч сургуульд элсэх үед нь тухайн насны бүх хүүхдийг эрүүл мэндийн цогц үзлэг, ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэгт хамруулан хянадаг тогтолцоо бүрдүүлсэн байдаг. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нэгэн зорилго нь эрүүл зан үйл, бие бялдартай залуу үеийг цэцэрлэг, сургуульд суралцах хугацаанд төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд ЕБС-д элссэн 1-р ангийн сурагчдын эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт, хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаан болж буй зүрхний эмгэгийн илрүүлгийг 2022 оноос эхлүүлж Архангай, Увс, Орхон аймаг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 настай сурагчдыг хамруулжээ.
“Эрүүл зүрх” төслийг Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд нийслэлийн ХУД-ээс 8083 орчим хүүхэд хамрагдсанаас 1030 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг буюу нэгдүгээр шатлалын үзлэгт өөрчлөлт илэрсэн. Тэднээс 15 хүүхэд нь мэс засалд цаг алдалгүй орж тусламж үйлчилгээ авчээ. Одоо 20 орчим хүүхэд зүрхний мэс засалд орох шаардлагатай байна. “Эрүүл зүрх” төслийн хүрээнд үзлэгт хамтрагдсан 15 мянга орчим хүүхдийн 13 хувьд нь зүрхний дамжуулалтын болон бүтцийн ямар нэг өөрчлөлт илэрчээ. Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 78 мянган хүүхэд 1-р ангид элссэн. Тэднийг эрүүл мэнд болон зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж тандалтын тогтолцоог улсын хэмжээд бүрдүүлэх нь “Эрүүл зүрх” төслийн зорилго юм.
()
Discussion about this post