Монгол, Юань улсын түүхэнд Мэргидийн Баян баатар гэж нэг эрхмийн нэр гардаг. Сонирхолтой, гоё хүн л дээ. Монголын түүхэнд анх удаа шахуу “Монгол минь” гэж үндсэрхэг үзэл гаргасан хүн, 14 дүгээр зууны “Босоо хөх Монгол” бүлгэмийн толгойлогч гэж болохоор…
Энэхүү Баян гэж эр хэн бэ?
Элэнц, өвгөдөөсөө үе дамжиж төрд зүтгэсэн, удам залгасан хишигтэн цэрэг. Бага залуугаасаа 1300 оны эхээр Хайду, Дува нартай байлдах Юань улсын цэрэгт Хайсан ханхүүг дагаж Монголд алба хааж, кипчаг Элтөмөртэй хамт “Баатар” гэж цол авсан түүхтэй. Сүүлд 1308 оны Хайсан, Аюурбарбад нарын оролцсон төрийн эргэлтэд хүчин зүтгэсэн. Ингээд тухайн үеийн Засгийн газарт, Цэргийн яаманд ажиллаж байгаад, 1328 онд Тугтөмөр хаан төр булаахад, Элтөмөрийн хамт түүнийг дэмжжээ.
-Тогоонтөмөр хаан суухаас өмнөх аж байдал
Тугтөмөр хаан суусан ч, ах Хүслэн нь Цагаадайн улсаас ирж хаан ширээг нь ахархаж авсан ч, харамсалтай дөрвөн хоногийн дараа дүүдээ хорлуулж үхжээ. Тугтөмөр хүү Тогоонтөмөрийг нь цөлж, эхнэрийг нь амийг хөнөөсөн ч, өөрөө удалгүй 1332 онд нас барсан. Нас барахаасаа өмнө ахынхаа амийг хорлосондол ихэд харамсаж, “Хүү Тогоонтөмөрийг нь хаан болгоорой, тэгвэл би Хүслэнд нөгөө ертөнцөд хэлэх үгтэй болж, нүүрийг нь санаа амар харж чадна” гээд гэрээсэлжээ.
Гэвч Элтөмөр сайд Тогоонтөмөр хэт том, үг авахгүй гээд, Хүслэнгийн бага хүү Ренчинбалийг залж, тэр нь 2 сар хаан суугаад нас баржээ.
Дараа нь Элтөмөр Тугтөмөрийн хүү Элтөгсийг (багаас нь өөрөө өсгөсөн), харин Баян Тогоонтөмөрийг зална гэж муудалцаад, Элтөмөрийг охин Данашираа Тогоонтөмөртэй суулга гэж тохироод Тогоонтөмөрийг 1333 онд хаан залжээ.
Элтөмөр удалгүй насан нөхцөж, түүний талынхан төрийн эргэлт хийх гэж байгаад бүтэлгүйтэж, үүнийг нь Баян ашиглаж, Элтөмөрийн талыг “хяргаж” дуусгасан байдаг. Тэгээд 1335 онд Баян “чинсан” болж, төрийн хамгийн эрх мэдэлтэй хүн болсон.
Түүний “босоо хөх монгол” бодлогууд
Юань улсын монголчууд ер нь 1300 он гараад, Аюурбарбад, Шидбал, Тугтөмөр нараас хойш их хятаджсан. Күнзийн сургаал ярьсан, хятад хэл сураад л, ордондоо хятадуудыг оруулж дүүргээд л, хятадууд Монгол хэл сурч, Монгол нэр аваад, монголчуудтай гэрлэх түгээмэл болов…
Үүнийг эсэргүүцсэн Баян баатар ийм зүйлүүд хийжээ.
1. Он тооллыг Nienbao байсныг Хубилай хааны үеийн Chiyuan болгож сольсон.
2. Хятад, солонгосуудыг морь унахыг хориглож, адуунуудыг нь хурааж авсан.
3.Хятадуудыг Монгол хэл сурахыг хориглосон (удахгүй өөрөө болиулсан)
4. Монголчуудыг том албан тушаалуудад тавьж, харин хятадуудыг халж, зайлуулж байсан.
5.Хятад уран зохиол, дуурийг хориглосон, /олон хүн цуглахаас сэргийлэхийн тулд/
6.Хятадуудыг төмөр зэвсэг хэрэглэхийг хориглосон.
7.1313 онд Аюурбарбад хааны эхлүүлсэн төрийн албаны шалгалтыг зогсоосон.
Түүний хамгийн аймшигтай нь Зан, Ван, Лиу, Ли, Жао гэх хамгийн түгээмэл овогтой бүх хятадуудыг хядах санал тавьсан ч, тэр нь эсэргүүцэлтэй тулж, чадаагүй байна. Тэгвэл бараг хятадын тал нь хядагдах байсан. Бас гэрлээгүй хятад хүүхдүүдийг нэг газар олноор нь цуглуулж байсан байна, яах гэж байсан нь мэдэхгүй…
■Баян баатар яаж “дууссан” бэ?
Баян баатарын хэт үндсэрхэг, радикал бодлогууд нь арай хэтэрч, түүний төрсөн дүү Мажардайн хүү Тогтох гэх хятаджуу монгол, Тогоонтөмөр хаан болон, бусад хятаджуу монголчууд, хятад түшмэлүүд түүний эсрэг хуйвалдав. Ингээд, 1340 онд Баянг хотоос гадуур яван буцаад ирэхэд нь оруулахгүй саатуулж, барьж аваад, цөллөгт явуулжээ. Тэрээр Гуандон муж руу цөллөгт явах замдаа нас барсан.
Баянг Юань улс дахь талын Монгол бүлэг, болон хятаджсан бүлгийн дундах тэмцэл дэх, Монгол талын сүүлчийн бадамлалт байсан гэж түүхчид үзжээ.
Удалгүы Тогоонтөмөр бас Тугтөмөрийн хатан Будашир хатан, үеэл Элтөгс нарыг алуулсан.
Баян маш баян байсан, түүнийг гудмаар явахад бараг хаанаас сүртэй цэргийн цуваа дагалдаж явдаг. Мөн 1338 онд түүний төрсөн өдрийг тэмдэглэх үед, хотын гудамж хэт шахцалдаад, их өндөр албан тушаалтай хятад түшмэл гишгүүлж үхэх шахсан хэрэг гарчээ.
Эх сурвалж
1.Cambridge University,History of China, Yuan Dynasty, Mid Yuan Politics,Toghontemur and Bayan’s chancellorship
2.Yuan Shi
Зураг бол “Хатан хаан Ки” солонгос олон ангит киноны Ким Ён Хогийн бүтээсэн Баян чинсан, Жин Ин Ханы бүтээсэн Тогтох нар. Тогтох чинсан хятаджуу соёлтой ч бас мундаг монгол сайд байсан.
()
Discussion about this post