-Америкт жүжигчин байсан Рейган ерөнхийлөгч болж, Шварцнейгр мужийн захирагч болсон. Харин манайхан урлагийн хүнийг улс төрд ороход таатай ханддаггүй.
-Би 1986 онд Марксизм ленинизмын оройн дээд сургууль гэж байхад төгссөн. Марксизм ленинизм гэдгийг сайн ойлгоно, гэхдээ би ардчилсан үзэлтэн. АН-ын анхдугаар хуралд оролцож, Ардчилсан намын үзэл бодол, чиг шугамыг дэмждэг, одоо ч энэ намын нэрийн өмнөөс улс төрийн ажил хийж явна. Гэвч 1990 оны ардчилсан хувьсгалын үед дэвшүүлж байсан зорилт, янз бүрийн үзэл бодлын дунд уусч үгүй болсон гэж хэлж болохоор байна. АН-ын үзэл бодлын төлөө тэмцэж байгаа олон хүн бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Бүр үгүй болчихсон гэвэл үгүй. Дагнаж улс төрийн ажил хөөж яваагүй болохоор тэр болгон гүйцэд ажлаа хийж чадахгүй байгаа. Жүжигчин хүн жүжгээ тоглоод, дүрээ сайн гаргаад явж байхгүй улс төр лүү орлоо гэсэн улсууд их байдаг. Жавхланг дуугаа дуулаад явж байна биз, заавал улс төр рүү орох гэж явах ямар хэрэгтэй юм гэж их шүүмжилж ярьдаг юм. Миний бодлоор монгол хүн болж, монгол нутагт амьдарч л байгаа бол улсынхаа хөгжлийн төлөө, ард түмнийхээ төлөө өөрийнхөө үзэл бодол, дуу хоолойг болохгүй зүйлийн эсрэг үгээ хэлж, болж байгаа зүйлийг нийлж нэгдэж, тэрнийхээ төлөө тэмцэж явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. Тэгэхээр жүжигчин ч бай, дуучин ч бай жолооч ч бай, зүгээр ажилгүй нэг хүн ч бай хамаагүй ш дээ. Тэмцэл гэдэг бүх хүнд хамааралтай болохоос биш, хэдхэн хүний асуудал биш. Манай парламентад янз бүрийн мэргэжилтэй хүмүүс сууж байна. Яагаад хүмүүс улс төрд орж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө, улс орныхоо төлөө зүтгэж болдоггүй юм бэ. Түүнээс биш Төмөрбаатарын хувьд УИХ-ын гишүүн байлаа ч яалаа, үгүй ч яалаа. Хэрвээ УИХ-ын гишүүн байвал улс орныхоо хөгжлийн төлөө, ард түмнийхээ амьдралын төлөө л зүтгэнэ үү болохоос өөр, одоо УИХ-д сууж байгаа зарим гишүүд шиг хувийнхаа компанийн төлөө явахгүй, зарим нь өөрийнхөө компанийн төлөө хууль боловсруулж, өөрийнхөө аав ээж, ах дүү, хамаатан садан, ээж аавыгаа хүртэл чадахгүй тушаал дээр нь аваачиж, тэр нь ад болоод явж байдаг. Зөвхөн өөрийнхөө болон хамаатан садныхаа амьдралыг дээшлүүлэхийн төлөө УИХ-д нэр дэвшээд зарим нэг шиг улсын мөнгө цохичихоод гүйж явдаг гишүүн болохгүй ээ. Хэзээ ч тийм юм байхгүй. Миний удамд ч улс эх орон, ард түмнээ хуурч явдаг хүн байхгүй, тийм бодол, хүмүүжил ч байхгүй. Би өөрийгөө улс төрд төлөвшсөн л гэж боддог. Ганцхан хэний төлөө хэний эрх ашгийн үүднээс эх орныхоо төлөө энэ хүн яаж зүтгэж чадах вэ гэдгийг үзүүлнэ үү болохоос биш, зүгээр нэг явахыг, өнгөрөөхийг бодохгүй. Миний зан суртахуунд ч байхгүй. Сайн аавын сайн хүү байх юмсан гэдэг бодол байдаг, тэгж ч хүмүүжүүлсэн. Аливаа асуудалд өчүүхэн эрх ашгийн үүднээс хандах шиг утгагүй юм байхгүй.
–Та дуучин Сийлэгмаагийн “Хүн хүндээ хайртай явъя” дууны клипэнд тоглосон. Тэр дуу, клипийг та чимж амьдруулсан байна лээ?
-Яахав дээ, кино клипэнд тоглох миний мэргэшсэн үндсэн ажил. Эмэгтэй хүн хүүхэд гаргалаа, аав ээж нь эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж, тэр хүүхдийг эрүүл чийрэг зөв боловсон хүмүүжүүлэх эсэх нь аав ээжээс нь хамааралтай. Энэ клип ард түмний зүрх сэтгэлд очих уу, үгүй юу гэдэг нь энэ клип хэр удаан амьд байх вэ гэдгээс эхлээд миний л уран бүтээлийн хариуцлага. Жижиг ч бай, том ч бай уран бүтээл, кино клипэнд оролцсон бол Төмөрбаатар гэдэг хүн дүр дээрээ яаж ажиллах вэ, яаж дүрээ гаргах вэ гэдгээ бодно, миний ажиллагаа, хариуцлага тэндээс харагдана. Жижиг гэлгүй аятайхан дүр гаргах юмсан гэж боддог, тэг ч гэж манай багш нар сургуульд байхаас эхэлж заасан. Ард түмэндээ хэлэх санаатай, боловсруулсан бодуулсан юм хийгээд гаргах юмсан гэж боддог юм. Клип, рекламанд мөнгийг нь авах л тухай бодож тогловол тэр утгагүй.
-Та олон эмэгтэй жүжигчидтэй хослон тоглосон. “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд Одончимэгтэй хамт тоглосон. Олзлогдчихоод Зүчийг гэдсэндээ тээчихсэн Одноогийн танаас айж бүлтэгнэж байгаа нүд нь олон хүнд мартагддаггүй агшин болж үлдсэн?
-Би үе үеийн олон эмэгтэй жүжигчидтэй партнер болж тоглож байсан. Сувдаа эгчтэй тоглож байлаа, Хүүхэд залуучуудын театрт Арслан нэртэй дүрээрээ алдаршсан Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмонтой олон жүжигт хамт тоглож байлаа. Ааяа гээд алдаршсан Алтанцэцэгтэй хамтарч их тоглож байлаа. УГЖ Сарантуяа бид хоёр байнгын хамтран тоглогч. Эрдэнэцэцэг байна. Сүүлийн үед гол төлөв Одончимэгтэй хамтарч тоглосон. Би боддог юм. Одончимэг бол манай эмэгтэй жүжигчдийн сор болсон жүжигчин. Маш гайхамшигтай. Тэр сайхан бүлтгэр том нүднээс нь дотоод сэтгэл нь ил тод харагддаг. Нүдийг нь хараад энэ хүн ингэж бодож байна, тоглож байна гэж бүгдийг ойлгож уншиж чаддаг. Одончимэг бид хоёр бие биенийхээ дотоод сэтгэлийг нүдээрээ харж, маш сайн ойлголцдог жүжигчид. Бас АЖ С.Сарантуяа байна. Энэ хоёртой тоглоно гэдэг гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай жүжигчид учраас намайг хөтлөөд явчих шиг санагддаг. Сайхан ч хүүхнүүд шүү дээ.(инээв)
-Сайхан хүүхэн гэснээс танай эхнэр ч гэсэн их сайхан хүүхэн байдаг шүү дээ?
-Миний эхнэр сайхан хүүхэн, хүүхдүүдийн маань ээж. Хэдийгээр хожуу гэрлэсэн ч өнөөдөр 20 жил болчихсон байна. 20 жил ханиллаа. Миний эхнэрийн зан төрх, зүс царайг янз бүрийн сонин сэтгүүл дээр Төмөрбаатарын залуу эхнэр гээд гаргасан байдаг юм. Яахав, залуу нь залуу л даа. Миний хань, миний амьдралын түшиг, миний хүүхдүүдийн минь эх. Төмөрбаатарын залуу эхнэр гэж ярихаар шоолоод ч байгаа юм шиг санагддаг байсан бол одоо би дуртай болчихжээ. Миний эхнэр хүнд залуу харагдаж байгаа бол би ямар сайхан гоё ханьтай суусан юм бэ гэдгээрээ бахархаад эхэлж байгаа юм. Хүмүүс саяхан суусан юм шиг яриад байгаа юм. 20 жил болно гэдэг урт хугацаа шүү. Одоо Төмөрбаатарын залуу эхнэр гэхээр эхнэрээрээ бахархдаг.
-Танаас хэдэн насаар дүү вэ?
-Надаас дүү. Миний аав ээж хоёр бол 20 насны зөрөөтэй ш дээ. Яахав удмаа дагаад тийм л хувь заяатай байсан юм байлгүй. Зурсан зургаараа л явж байна. Залуу хүнтэй сууя гэж гүйсэнгүй. Яахав урьд нь 1-2 зэрэг амьдрал зохиож байсан. Тэд намайг голоод гэдэг ч юм уу, би ч гологдох ч үгүй байх л даа. Өшөө илүү юм харахаар сонин санагдсан юм байлгүй, тэгээд явчихаар би араас нь архи ууж гүйсэнгүй, атаа хорсол өвөртөлж явсангүй, сэтгэл санаагаар унаад ажил амьдралаа алдсангүй. Дахиад л сайхан ханиа олоод авлаа. Гуньж гутарч, гайхах юм ер байхгүй. Хүний амьдардаг амьдралыг туулсан. Сайхан эхнэртэй, ээжийгээ дууриасан, өвөг эцгийгээ дууриасан авьяаслаг 2 охин, хүүтэй. Миний амьдрал жаргалтай хангалуун байна. Урьд амьдрал зүүд зэрэглээ мэт алга болсон, өнөөгийн амьдрал л надад хэрэгтэй.
-Эрэгтэй хүний үнэ цэнэ он цаг өнгөрөх тусам гарч ирдэг, эмэгтэй хүнийх яг одоо байдаг гэдэг. Насны зөрөөтэй гэр бүлийн хувьд л энэ үг илүү мэдэгдэх байх даа?
-Би одоо 56 настай. Урлагийн хууччуулыг хараад байхад 20 гаруй насны зөрөөтэй эхнэр авсан олон сайхан өвгөцүүл бий. Тэднийг хараад байхад 7-8 хүүхэдтэй, зарим нь арваас дээш хүүхэдтэй байсан. Нямын Цэгмид гуай байна, манай аав байна, УГЖ Лувсан гуай, Осор гуай байна. Амьдрал нь тэнүүн жаргалтай, олон хүүхдийн шуугиан дунд амьдарч, азай буурал болсон хойноо тэднээрээ асруулж яваа гэр бүлүүд зөндөө байна. Манай эхнэр шулуун шударга зантай, миний дутагдлыг шууд хэлж байна. Уурлаж ч хэлнэ, инээж ч хэлнэ, уйлаад ч хэлнэ. Ийм сайхан хань заяасан бурхан¬даа баярлаж явдаг. Ажил дээрээ амжилт гаргаад, гэр бүлийн нэг багана болж байгаагийн хувьд эр хүний нэр хүнд айлд байлгүй яахав. Эр хүний чанараараа дийлэнх асуудлыг шийддэг, тэр болгон зөрөлдөөд хэрэлдээд байвал амьдрал юу болох билээ. Авгай нөхрийгөө, нөхөр нь авгайгаа дийлэх гэж оролдоод байвал юу болох билээ. 40 настай эмэгтэй хүн 50 гарсан эрэгтэй хүн хоёрын хооронд нэг их зөрөө байхгүй болчихдог. Би эхнэртэйгээ сугадалцаад алхаж байхад хоёр үеийн хүн шиг явдаг. Эхнэр маань надаас залуу харагддаг л даа. Гэхдээ л би эхнэртэйгээ ижилхэн залуу байх гэж оролддог. Би хөгшин гээд л байвал хөгшрөөд дуусна. Би залуу, би залуу байх ёстой, үргэлж залуу сэтгэлгээтэй байх ёстой гэж боддог. Тэгж байж л би уран бүтээл хийнэ үү гэхээс биш, өнөөгийн цаг үеийг мэдрэхгүйгээр уран бүтээл хийнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Тийм болохоор аль болохоор залуу сэтгэлгээтэй, цаг үеэ үргэлж мэдэж, мэдэрч явж байх шаардлагатай. Нийгэмд ч гэсэн эрэгтэй хүний ролийг илүү хийхийг бодно. Улс төрд ч адил. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй хоёр гартай бол гартай, тархитай бол тархитай боловч миний бодож байгаагаар эмэгтэйчүүд асар их ачаа үүрч байгаа юм шиг санагддаг. Асар их потенциальтай эмэгтэйчүүд байна. Компаниа удирдаж яваа ч ар гэр, үр хүүхдээ яах билээ, хувцас хунар хоол ундыг нь яах билээ гэдгээс эхлээд их л ачаа үүрдэг байх гэж боддог. Адаглаад эмэгтэй хүн жирэмсэн болно, 9-10 сар тээнэ, төрүүлнэ, дараа нь 2 жил нярай хүүхэдтэйгээ байнга цуг байж асрах шаардлага гарна, өсгөнө хүмүүжүүлнэ. Тэр хугацаанд эрэгтэй хүн айл гэрийнхээ ноён нурууг авч яваад, ажил төрөлдөө амжилт гаргаад явна гэдэг дээр би бат зогсдог. Миний эхнэр жүжигчний мэргэжил эзэмшээд дараа нь, хуучнаар УБИС-ийн музей судлалын анги төгссөн, тэр чиглэлээрээ хувийн компани байгуулж ажиллаж байгаа. Миний хань “Би чиний бат ар байж чадъя, миний өвгөн амжилт гарга” гэдэг. Миний эхнэр миний аавыг их хүндэлдэг. “Миний хань аав шигээ л жүжигчин байх ёстой, би яах вэ” гэдэг. Миний хань жүжиг кинонд тоглох дуртай л юм шиг байгаа юм. Гэхдээ сүүлийнхээ ажилд их дуртай л даа. Эмэгтэй хүн гэр бүлийнхээ эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх ажил хийж байгаа болохоор тэндээ илүү сонирхолтой юм шиг байгаа юм. Хуучин социализмын үед ажил нэгдүгээрт, амьдрал чинь хоёрт гэж сургадаг байсан. Одоо амьдрал нь нэгдүгээрт, ажил нь хоёрдугаарт харагддаг. Зарим ашигтай бизнест орсон хүн амьдралаа хойш тавиад зүтгээд байдаг. Яг энэ үед нь хань хэрэгтэй. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай ашигтай бизнес эрхэлж байхад эхнэр юм уу нөхөр нь арыг нь бат даах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ажил ихтэй байхад нь өөр хүн хайгаад элий балай юм хийгээд явах юм бол гэр бүлийн аз жаргал гэж байхгүй. Хэрвээ эх эцэг гэдэг нэрийг зүүсэн л бол танд хариуцлага үүрэг гэж айхтар юм бий, үүнийгээ л анзаарч анхаарч, хувийн эрх ашгаа хойш нь тавиад үр хүүхдээ бодоочээ гэж би яримаар санагдаад байдаг юм. 4-5 хүүхэдтэй байж саллаа ч гэх шиг. Яасан толгой нь эргэчихсэн хүн гэхээрээ үр хүүхдээ өнчрүүлдэг юм. Хэтэрхий хувиа бодсон юм байхгүй юу. Бүлтийсэн хэдэн хүүхдээ хаяж явна гэдэг яасан их зориг вэ. Хуучин цагт хүнтэй суусан л бол салдаггүй байсан. Үр хүүхэд өсч томроод хувийнхаа амьдралыг хөөж, үүрнээсээ нисээд явахад хоёр хөгшин л бие биедээ хань болж, тогоотой шөлөндөө хошуу холбоод үлдэнэ. Тийм сайхан жаргалтай мөчийг хүлээж чадахгүй хүүхдээ ханиа орхиж явна гэдэг хувь хүмүүсийн тэнэглэл гэж боддог.
-Одоо манайд архидалт, ядуурал газар авлаа гэж хүн болгон ярьдаг. Улс төрөөр оролддог, нийгмийн идэвхтэй хүний хувьд таны сэтгэлийг ямар асуудал их эмзэглүүлдэг вэ?
-Би архичдыг үзэн яддаг. Би өөрөө архи уудаг ч үгүй, амсдаг ч үгүй, бүр айраг ч ууж чаддаггүй. Архичин хүн надаас мөнгө нэхэх тохиолдол зөндөө гардаг. Би чамд мөнгө өгөхгүй ээ гэдэг. Архи авъя гэвэл өгөхгүй ээ, ар гэртээ талх авъя гэвэл өгч магадгүй. Архи үнэртүүлчихээд мөнгө гуйх юм бол өгч чадахгүй ээ гэдэг. Харин гадаа гудамжинд дүүгээ тэврээд юм уу, сөхөрч суугаад дуулж байгаа хүүхдэд 500-600 төгрөг өгчихдөг юм. Хүүхдүүдийн буруу биш. Тэр хүүхэд таван төгрөг олох юмсан гэж зүтгэж байгаа. Аав ээж нь ажилгүй, дүү нь өлсгөлөн байгаа болохоор хүүхэд тэгж зүтгэж байгаа. Магадгүй аав нь хүнд өвчтэй ч юм уу, аавдаа шөл хийгээд өгчих юмсан гээд хүүхэд ажил хийгээд гүйж байгаа. Тэгж бодоод хүнд хүчир ажил хийж байгаа хүүхдүүдийг хараад нулимс гардаг юм. Үнэхээр өрөвдмөөр. Хүүхдийг тэвчишгүй хүнд хөдөлмөрөөс хөндийрүүлье, чөлөөлье, хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж худлаа хашгичаад байгаа хүмүүсийг хараад дургүй хүрдэг. Ядуурлыг бууруулж чадахгүй байж тэгж худлаа хашгичих ямар хэрэгтэй юм. Хүүхдийг хэдэн төгрөг олдог ажлаас нь хөндийрүүлэх ямар хэрэгтэй юм. Хүүхэд муу байсан юм бол хулгай хийгээд хүний халаас ухаад амар амьдрахыг бодно. Харин амьдралын төлөө хүнд хүчир ажил хийж шантрахгүй байна. Ажиллаад олсон мөнгөө ээж аавдаа өгье л гэж зүтгэж байгаа. Сургуулийн амралтаараа дэвтэр номын мөнгөө олчихьё гэсэн хүүхдүүд ажил хийдэг. Тэгэхэд л хүүхдийг хүнд ажлаас хөндийрүүлье гэж шал худлаа лоозон хашгичаад л. .. УИХ-ын гишүүд хууль дүрмээ батлаад гаргаад байна, ганц хэрэгжүүлэхгүй байгаа нь СӨХ-оос эхлээд яам тамгын газрын хурган дарга нар хүртэл бүх албан тушаалтан хуулийг завхруулж байна. Мөнгөтэй хувийн компанийн захирлуудад хууль үйлчлэхгүй байна. Ядарсан иргэдийг бага цалингаар их ажил хийлгэж байна. Бага тушаалтнууд хуулийг завхруулж, авлигыг цэцэглүүлж байна гэж бодож байна. УИХ-ынхан бишээ, тэдний итгэж найдаж тавьсан найз нөхөд нь хуулийг завхруулж байна. Тийм учраас хүүхдүүд золиослогдоод байгаа. Хотын утааг арилгая гээд өчнөөн тэрбум төгрөг жилдээ батлаад байдаг. Сая 30 тэрбум төгрөг баталсан гэсэн, тэр хаачив. Хотын утаа хэвээрээ л байгаа биз дээ. Багасаагүй, улам л ихэсч байна. Ямар эргэсэн бодолтой хүмүүс ийм ажил хийгээд байдаг юм. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэгчээр бүгд л бужигнасан улс байна. Ардчилал гэдэг анархизм биш. Өнөөдөр дээр доргүй анархизм болчихоод байна. Ямар ч нам хэрэггүй гэж ярьж байгаа хүн байна. Мөнгөтэй төгрөгтэй болохоороо нам хэрэггүй болчихдог юм болов уу. Хууль надад хамаагүй, үйлчлэхгүй ээ гэж хашгирдаг хүмүүс байдаг болчихсон байна лээ. Санаа зовох юм өчнөөн олон байна. Би УИХ-ын гишүүн байсан бол чадахгүй ч гэсэн урлагийнхаа төлөө зүтгэнэ. Урлаг ард түмнийг боловсруулдаг, бодуулдаг, явах замыг нь зааж өгдөг, тэдэнд сургаж өгдөг, болох гэж байгаа аюулыг хэлж өгдөг, ийм хүчтэй зүйл байхгүй юу. Өнөөдөр урлаг хөгжиж байна, сайн сайхан болж байна гэдэг. Гэхдээ хошин урлагаар хүнийг хүмүүжүүлнэ гэдэг их өрөөсгөл шүү. Драмын урлаг, бүжгийн, дуурийн, хөгжмийн, утга зохиолын урлаг, хүүхдийн урлаг, ялангуяа хүүхдийн урлаг гэдэг тодотгол байхгүй байгаа. Хүүхэлдэйн театрыг мэргэжлийн бус хүн удирдаж байна. Тэр хүн урлагаа ойлгохгүй юм чинь юу хийхэв. Мэдэхгүй ээ, яагаад тавигдсаныг би ойлгодоггүй юм. Уг нь мэргэжлийн хүнийг нь тавимаар юм. Тэр хүн уран зохиолоо бичээд явж байна биз, хүүхэлдэйн театрт юу хийх вэ дээ. Эрүүл мэндийн яамыг тэс өөр мэргэжилтэй өчнөөн олон хүн толгойллоо, эцэст нь юу болов? Үүнээс үүдээд эмч нар, баахан больницын дарга нарын хэрэг мандаа биз дээ. Хиймэл өвчний түүх бий болгоод, мөнгө төгрөгийг нь цохиод тэрнээс л улбаатай ш дээ.
-Гадны одод нэг кинонд 20 сая доллар авлаа гээд нээлттэй зарлагддаг. Монголд жүжигчдийн үнэлгээ тийм өндөр биш. Гэхдээ таныг үнэ ханшаа барьж чаддаг гэдэг?
-Манай ард түмэн буруу ойлголттой байдаг. Хошин шогийнхны хийж байгаа том алдаа гэж боддог. Тэд хамтлагаараа очиж тоглочихоод 3-4 сая төгрөг аваад явчихдаг юм. Зохиолын дуучид 2 дуу дуулаад 3 сая төгрөг аваад явчихдаг юм. Драмын жүжигчин очоод 30 минут хүнд юм ойлгуулах гэж ярьчихаад 150 мянган төгрөг авдаг юм ш дээ. Энэ ямар учиртай юм бол гэдгийг би ойлгодоггүй. Зохиолын дуучин, хошин урлагийн жүжигчнээс драмын жүжигчний үнэлгээ илүү том, өндөр байх ёстой. Драмын жүжигчид ч гэсэн өөрсдийгөө үнэлж чаддаггүй. “Танд 50 мянган төгрөг өгье, манай ёлкыг хөтлөөд өгөөч” гэхээр гүйгээд очдог. 50 мянган төгрөгөөр бүхэл бүтэн 2-3 цаг ёлка хөтлөөд зогсож байхад дуучид 2-3 дуу дуулаад 3 сая төгрөг аваад гарч байхад тэр хүн юу бодож 3 цаг ёлка хөтөлж зогсоно вэ. Ингэж бодохоор л миний нүд солийгоод унадаг. Энэ хөдөлмөрийг ямар аймшигтайгаар хөнгөн шийдэж, ямар аймшигтайгаар хөнгөн бодож байна вэ. Өгч байгаа улсууд нь ч, тоглож байгаа улсууд нь ч гэсэн. Ийм л утга учиргүй байна. Тэгээд өнөөдөр жүжигт тоглож үзээгүй биш, гол рольд нь тоглож үзээгүй биш, янз бүрийн юманд оролцож байгаагүй биш, бүгдэд нь оролцсон, гадаад дотоод фестиваль, гадаад дотоодын хамтарсан кинонд тоглочихлоо, хүлээс ч тайлагдлаа. Хэрвээ Төмөрбаатар ахаа та манай кинонд тогло. Танд 150-200 мянган төгрөг өгье, 500 мянган төгрөг өгье гэвэл би тоглохгүй. Тоглодог ч үгүй. Үнээсээ шалтгаална. 7-10 саяыг өгч байгаа бол, 5 сая төгрөг өгч чадаад намайг тоглуулъя гэж хүсч байгаа бол бол өөр хэрэг. Хэрэв үнэтэй юмаа гэвэл болино л биз. Би ямар кинонд тоглож үзээгүй биш. “Төмөрбаатар гуай тоглох ёстой, тоглож чадна” гэвэл миний хэлсэн мөнгийг өгөх л хэрэгтэй. Тэгж байж надаас бүх юмаа шаард. Та яагаад ажлаасаа хоцорч байна, та яагаад хэнэггүй загнаж байгаа юм, та яагаад муу тоглож байна гээд л хариуцлагыг надад тохох үүрэгтэй. Ингэхээр тал талдаа хариуцлага нь өндөрсдөг юм биш үү. Кино бизнес үү бизнес, гэхдээ мөнгө олдог хэрэгсэл биш. -Таныг монголдоо хамгийн үнэтэй тоглосон, Үхэж үл болно, Чингэс хаан кинонд 30 саяар тоглосон гэх юм билээ? -25 саяар тоглосон. Монголд өндөр үнэлэмж ш дээ. Жижиг дүр гэж байдаггүй, жижиг тусмаа адармаатай байдаг юм. Илүү их ажиллагаа шаарддаг, санаа зовдог. Багахан төсөвтэй кино байсан ч би өөрийнхөө үнэлэмжээр тогтсон үнээ л хэлнэ, авна. Чадахгүй бол санал тавихын ч хэрэггүй. Би жүжигчиддээ ч “Та нар яасан хямдхан улс вэ” гэж хэлдэг. Гэхдээ л гүйж очоод л тоглочихсон байдаг юм.
-Зарим нь кинод тоглох олонд танигдах бөөн хүсэл тэгээд үнэ хамаагүй болчихдог юм биш үү?
-Харин дуран дээрээ тэгээд байдаг юм. Зарим улсууд кинонд тоглож л байвал мөнгө нь хамаагүй гэж боддог юм шиг байгаа юм. Нэрд гарахын өвчин, олон хүнд танигдахын өвчин байдаг. Тэрэндээ гол нь биш, нэг кинонд ч сайн тоглох юм бол олон мэднэ, хүмүүс магтана, тэр хүний нэр гарна. Олон кинонд олон удаа гарахдаа гол нь биш, нэг сайхан хүүхэнд тоглох гээд байдагтаа гол биш. Нэг л худлаа тоглодог. Амьдралаараа бодно, киноны нүүр будагч нүүрийг нь будаад өгчихсөн “За ингээд байж байгаарай” гэхэд угаалгын өрөөнд ч юм уу, өөр газар очоод нүдээ улам тодруулж будна, ингэж элий балай юм хийнэ. Дүрээ бодохгүй гадаад төрхөө боддог жүжигчид маш олон болчихсон. Юу хэлээд яриад байгаа нь мэдэхгүй жүжигчид ч зөндөө болчихсон. Хэл яриа байхгүй, гэтэл бид чинь үг хэлдэг, ингэж хэлснээрээ энэ хүнд ингэж тусна шүү гэж тооцоолж, бодож, боловсруулж ажилладаг. Зарим найруулагчийн алдаа байна. Хаа хамаагүй улсыг тоглуулдаг. Тэр нь яаж тоглоод байгаа нь мэдэгдэхгүй сонин тоглодог. Дараа нь ард түмэн жүжиг кинонд тоглох амархан гэж боддог. Одоо рок попынхон байна ш дээ. Өөрсдөө дуулаад, өөрсдөө рольдоо тоглож байна. Тэд ямар муухай худлаа нүдтэй, ямар хиймэл хөдөлгөөнтэй, ямар худлаа тоглож байна вэ. Үгүй ээ, энэ чинь мэргэжил ш дээ, бүхэл бүтэн тусгай мэргэжил. Гэтэл өөрсдөө болоод байна гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Гэтэл үгүй, шал өөр ш дээ. Яахав тэд сайн дуулдаг юм байгаа биз, жүжиглэнэ гэдэг шал өөр ш дээ. Шинэ жил ойртоод ирэнгүүт Цэнхэр дэлгэц болно. Рок попынхон юм уу, хошин шогийнхон очно. Хошин урлагийнхан нь элий балай, рок попынхон нь шал худлаа хиймэл нүдтэй. Найруулагч нь ч, дуучид нь ч жүжигчдийн амьдралыг хэтэрхий амархан хөнгөн гэж бодож байна. Өдөр болгон тоглож байгаа хошин урлагийнхан сайн хөгжих ёстой байтал аль 70-аад оны хэдхэн үзүүлбэрүүд. Мюзыкл мюзыкл гэнэ, тэр нь хаана байна вэ. Одоо сэдэв нь дууссан, кинонуудад баахан орлоо, хэдэн дуучдыг дууг уур уцаарыг нь баран байж баахан дууллаа. Одоо гарч байгаа юм нь бөөн цэрэг, малчин болчихсон. Энэ бол биш ээ. Хошин урлаг, комеди гэдэг чинь агуу баян тансаг урлаг ш дээ. Манайхан хэсэгчилсэн шоу шог гараа маягийн юм болгоод хаячихсан. Ийм байж болохгүй, хөгжих хэрэгтэй ш дээ. Агуу инээдмийн жүжгүүдийг тавьдаг болчихсон байх ёстой.
-Кинонд загвар өмсөгчдийг их тоглуулах болж?
-Ойлгомжтой тэд чинь модон хөдөлгөөнтэй, нэг шугаманд алхдаг, нэг чиг рүү хардаг хүүхнүүдийг кинонд тоглуулахаар нэг шугаманд явна, нэг чиг цэгт харна, дотроо бодож байгаа юм нь гарахгүй ш дээ. Сурсан юм сурснаараа л байна. Монголын урлагт ийм л улс байна, Монголын урлагийг удирдаж байгаа улсыг нь харахгүй юу. Ямар улсууд байна. Хөгжихгүй ш дээ. Сайн жүжигчин нь гудамжинд, тааруухан нь театрт байна. Би залуучуудыг хэлж байгаа шүү, хөөрхий дөө гэмээр улсууд тэнд ажиллаж байна. Мягмарнаран ах, Мэндбаяр эгч, Цэрэндагва ах агуу жүжигчид, тэднийг үгүйсгээгүй. Агуу жүжигчид нь гудамжинд байна, гэтэл тэнд дандаа арьсаа хамгаалсан, дандаа өөрийгөө дөвийлгөх гэж оролдсон, байраа тавьж өгөхгүй зууралдсан хүн байна. Одоо хуучирлаа ш дээ. СУИС-ийг төгсөж байгаа нь хошин шогийн жүжигчин, эсвэл радио телевизэд нэвтрүүлэг хөтлөөд, кино уншаад сууж байна. Байгаа театр нь ганц, тэнд нь багтах шингэх юм байхгүй. Тэдэн дунд авьяастай агуу хүүхэд байхыг хэн байг гэх юм. Хэл муутай, нэг л их гоёчилсон бушуухан нэрд гарах бөөн хүсэл.
-Найруулагч И.Нямгаваа та хоёр байнга л маргалдаж байдаг. Ямар нэг үр дүнд хүрч байна уу?
-Хэлээд яриад бүр улиг болчихлоо. Сая ерөнхийлөгч иргэдтэй уулзахад, жүжигчин Балданпүрэв ах ерөнхийлөгчид хэлж л байна лээ. “Хүүхэд залуучуудын театр хаачив, та эрж сурав уу, энэ тал дээр анхаарал тавиач ээ” гэж хэлж л байна лээ. Хамтарч идэж уусан хүн нь том дарга нар юм чинь дахиж сөхөгдөхгүй ш дээ. Нямгаваа нь бурхандаа мөргөөд явж байгаа биз. Тив алгасаад АНУ-ын иргэн болчихсон хүнийг одоо яах юм. Тэгж явчихаад элдэв янзын хов жив яриад л… Тив алгасаад сонинд Монголын жүжигчид рүү нулимаад, яс чулуудаад сууж байна. Тэр Нямгаваа гэдэг нөхөр Ардын жүжигчин Итгэлт баян нэрээр ард түмнийхээ зүрхэнд хоногшсон хүнийг тэгж дайрч давшлах ямар хэрэгтэй, ямар эрхтэй юм. Намайг дайрч давшлах яах вэ. Нямгаваа хэн юм, тэр юу юм, юу ч биш ш дээ. Тэр Америктаа л Би Монголын нэг номе¬рийн найруулагч гэж худлаа яриад явж байна биз. Бүхэл бүтэн 60 жил хөгжсөн Хүүхэд залуучуудын театрыг устгалаа ш дээ. Болоо юм биш үү. “ХААН” банкинд 6 тэрбумаар зарчихсан, одоо хаа байгаа Америкаас “Тэр театр чинь байгаа ш дээ. Тэндээ очоод тогло” гээд ори¬лоод байгаа. Тэнд очоод тоглохыг ХААН банк зөвшөөрөх үү. Театрын зориулалттай юмыг нь бүгдийг нь устгачихсан юм чинь тэнд ямар жүжигчин очиж тоглох юм. Тэгж худлаа ярих хэрэг байхгүй ш дээ. “Тэгсээн үнэн, миний нүгэл байжээ” гэх хэрэгтэй ш дээ. Үхэхдээ нүгэлээ наминчлаад үхвэл их юм. Өөр юу гэхэв дээ. Энэ театрыг сэргээн босгож өгвөл, Хүүхэд залуучуудын театр байгуулагдвал би жүжиглэхгүй ээ, ярьж зөвлөж, түүхийг нь ярьж ирээдүйд авч явах улсад нь зөвлөгөө өгмөөр байна. УИХ, засгийн газарт урлаг ойлго-ог хүн нэг ч алга. Театрт очоод жүжиг үзэж байна уу, байхгүй. Шинэ кино үзэж байна уу, байхгүй. Яахав завгүй байдаг юм байгаа биз. Завгүй байж болно л доо. 1930-аад оноос эхлээд улс төрийн товчооныхон театраас салдаггүй байсан юм. Чойбалсангаас эхлээд. Чойбалсангийн нэрэмжит жүжигчин гээд Шороотын Цэвээн, манай аав хоёр байлаа. Тэр компанийн бөх гэдэгтэй ижилхэн, Чойбалсангийн нэрэмжит жүжигчин гэж байлаа. Тэр үед урлагт санаа тавьж, мөнгө зарж, жүжигчдийг нь сэтгэл санаагаар өргөж явсан юм. Тэгсний үндсэн дээр алтан үе гэдэг мундаг жүжигчид тэнд байсан. Өнөөдөр юу ч үгүй шороон дээр хаячихсан болохоор тэндээс жүжигчин гарах гарахгүй нь мэдэгдэхгүй байна. Бор зүрхээрээ гүйж яваа хэдэн хүн байна. Манай уран бүтээлчид тийм потенциальтай. Ганцхан улс нь харж үзэхгүй болохоор чадан ядан явж байна, эдийн засгийн хувьд юу ч байхгүй. Байгаа кино үйлдвэрийг нь нэг хүн идээд дууссан. Ямар ч фонд байхгүй, нэг ноёнд тоглоход л ноёны хувцас байхгүй. Хуучны үеийн кино хийлээ гэхэд хэрэглэл нь юу ч байхгүй. Дандаа хуурамч болчихсон. Санаа зовох юм маш их байна. Хэрвээ УИХ-ын гишүүн болбол энэ бүхэнтэй тооцоо хийнэ. Энэ бүхнийг дээшлүүлэхийн төлөө, урлаг соёлын төлөө янз бүрийн төлөвлөгөө, ажил зохиож, урлагийн төсөл гаргамаар л санагддаг юм. Монголд төсвөөс мөнгө гаргаад дэлхийд гайхагдсан нэг кино хийе, тендер зарлая. Хоёр тэрбум, таван тэрбум төгрөг гаргаг, үнэхээр сайн хийнэ гэсэн тендер зарла. Сайн найруулагч гарч ирээд сайн хийвэл аз, чадахгүй бол хог дээр хая. Засгийн газраас мөнгө гаргаж ийм жүжиг тавь гэж мөнгө гаргаач. Орос Хятад бол тэгдэг, мөнгө гаргадаг.
-Кино нэгтгэлийн дарга нь “Чонын дурлал” кино хийгээд ордонд, бүх гишүүдэд үзүүлсэн.
-Тийм гэсэн. Нэг л мундаг хүн явдаг юм ш дээ. Ямар хүн бэ гэдгийг нь би сайн мэдэхгүй. Танил талтай л байх.
–Төсвөөс жилд хэдэн төгрөг өгдөг билээ?
-Мэдэхгүй тэрийг өөрөө иддэг байлгүй. Түүнээс биш тэрийг кино хийж байхыг нь хараагүй. Янз бүрийн кино хийсэн л дээ, олигтой кино хийснийг нь би ерөөсөө хараагүй. Урлаг мэддэггүй хүмүүс худлаа “Сайн кино болсон байна” гэнэ л дээ. Мэдэхгүй юм чинь яах юм. Мэддэг улс нь “пүү” гээд нулимаад гарна ш дээ. Кино нэрэн дор 80 сая төгрөг чулуудчихаад чимээгүй хаяж болохгүй. Тэрний гүйцэтгэл юу гаргасан, яасан ийснийг нь сайн хянах хэрэгтэй ш дээ. Хяналт байхгүй. УДЭТ-т хэдэн төгрөг шидлээ, тэр нь юу болсон юу хийж, яаж байгааг хяналт тавьсны дараа дараа жил төсөвт суулгах уу яахав гэдгээ шийдэх хэрэгтэй. Эд ажил хийж чаддаггүй юм билээ, энийгээ больё гэж ярилцаж болно ш дээ. Хяналт хариуцлага байхгүй, ингэж явж болохгүй ээ. Урлагийн хүн чинь ондоо байдаг юм. Ярьж байгаа нь харц нь, явж байгаа нь хүртэл ондоо байдаг юм. Би тайзны урлагийг яриад байгаа юм. Хуучны Ванган гуай, Лодойдамба гуай, Лувсанвандан гуай эд нар шиг универсиал сайд гараагүй, би хараагүй. Тэд ямар их урлагт сэтгэлтэй, хүнд хүрч ажиллаж чаддаг агуу улсууд байсан юм бэ. Одоо ч тийм сайд ховор болж дээ.
WWW.TAIZ.MN
Discussion about this post