Даашинхүү пүүс нь Ар өвөр Монголд 200 гаруй жил худалдаа хийхдээ олон төрлийн барааг зарж худалдаж, ашиг олсон мөнгөө эргэлдүүлэх охин компаниудыг байгуулж иржээ. Энэ удаад тэдний тархалт, үйл ажиллагааны чиглэл зэргийг хөндье.
Даашинхүү пүүсийг орчин цагтай холбож бодвол өнөө үеийн группуудтэй төстэй. Ашиг олж болох юу л байна, тэр бүхэн рүү хөрөнгө оруулж, өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлж байв. Тэдний энэ их хэмжээний орлогын нэг чухал хэсэг ӨРИЙН БИЧИГ нь УЛС ТӨРЧДИЙН АРЫН ХААЛГА, ТАНИЛ ТАЛ-тай шууд холбоотой байжээ. Учир нь тэдний Ар өвөр Монголд хийх маймааны эрхийг Чин гүрний хааны тамгатай Луут баримтаар баталгаажуулж, Чуулган, Хошуу ноёдын тамгатай Тамгат баримтын зээл авч болох ӨРИЙН БИЧИГ тэднийг Монгол ноёдын салшгүй нэг хэсэг мэт болгож бүх тал дээр Даашинхүүд маш их ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байв.
Даашинхүү нь анх Хөх хотод байгуулагдсан ч, анхны худалдааны төв салбар нь Улиастайд байжээ. Эндээс л бүх ар Монголын олон хошуу ноёдын өр ширийг атгаж байжээ. Тэр үед Зүүнгарын улсын эсрэг дайнд бэлдэх их цэргийг тус хотод суулгаж байсан бөгөөд тэдний өдөр тутмын зардал, хоол хүнсний тариа будаа, чихэр жимс зэргийг чухамхүү хятад пүүсүүд гаргаж байсан юм. Гэхдээ тэр үед Улиастайн жанжины газарт байрлаж байсан ч, худалдаачид нь тэмээн жинд бараагаа ачиж алс хөдөөгийн нутгаар явж бараа таваараа зээлээр өгдөг байсан. Ингэхдээ их хэмжээний хүү төлөх ёстой Өрийн бичигт Хошуу ноёны тамга дарсан цаасыг худалдан авагчид өгснөөр бараа зарагдаж, харин дараа нь жинхэнэ хар дарсан зүүд эхэлдэг байв. Учир нь нэг хүний өрийг өрх гэр, хошуу нутаг, аймаг чуулганаараа хувааж төлөх үе ч гардаг байв.
Даашинхүү пүүсийн зүгээс хөдөө орон нутгаар маймай хийхдээ Майхны зохион байгуулалттай явдаг байжээ. 1 майхан нь 14 тэмээн жинг удирдана. 1 тэмээн жинд 14 ачаатай тэмээ байдаг. Ингэхээр 1 хэн майханд 196 тэмээтэй. Үүн дээр тэднийг хариуцан ахлаж байгаа Даамал нь 4 морьтой явдаг гэхээр 200 тэмээ морь байсан. Цаашилбал ар халхад маймаа хийх гэж 30 майхантай бүлэг худалдаачид жилд 1 удаа ирэх ч үе байв гэнэ. Ар монголын энэ олон явуулын маймаачдын 70%-ийг Улиастайн салбар хариуцдаг байлаа. Мэдээж энэ их тэмээг үржүүлж өсгөх газар Улиастайн ойролцоо байсан бөгөөд, тэнд 1500-3000 тэмээг байлгаж байв.
Дараагийн том салбар бол ХОВДЫН САЛБАР ДЭЛГҮҮР юм. Эндээс Баруун Монголын бүх худалдааг захирч байсан. Ховдын салбарт нийт 5000 тэмээ өсгөн үржүүлж, аян жинд хэрэглэж байсан нь Улиастай хотын үзүүлэлтээс ч өндөр юм. Ховдын салбар нь Даашинхүүгийн бод малын худалдааны ихэнхийг бүрдүүлж байсан.
Ховдын дараа ордог салбар бол ХАНЬЖОУГИЙН АДУУНЫ ДЭЛГҮҮР юм. Ар өвөр монголоос тууж ирсэн бүх морийг бусад дэлгүүрт зарах морьд, Ханьжоугийн салбарт хүргэх морьд гэж ялгаад тусгайлан арчилж тордоод, хэсэг хэсгээр нь сүрэг болгоод туудаг байв.
Сүрэг бүрийг даамал, адуучин, хамгаалагчид хариуцаж явдаг байв. Адууг жилд 2 удаа ингэж зөөхөд Хөх хотоос Ханьжоу хүртэл 20-30 өдрийн туршид адуун сүрэг тасрахгүй цуварч байв. Үр дүнд нь дунджаар 100,000 лан мөнгөний ашиг олж байжээ.
ДААШИНХҮҮ-ГИЙН ОХИН КОМПАНИУД:
-
ДА ШӨН ЧУАНЬ МӨНГӨНИЙ ПҮҮС
Да Шөн чуань мөнгөний пүүс буюу орчин үеийнхээр Да Шөн Чуань Банк гэж хэлж болно. Энэ банк нь Бээжин, Тяньжин, Шанхай, Ханьжоу, Мүгдэн, Цицихар, Долооннуур, Аньдун, Яньжоу, Жиньжоу, Бугат, Хөх хот зэрэг салбарт үйл ажиллагаагаа явуулж байв. 1860 аад онд Юү Шөн Чуань гэдэг нэртэй байснаа 1889 оноос Даашинхүүгийнх 200,000 лан мөнгөний хөрөнгө оруулж, охин компаниа болгожээ. Энэ банк 1932 онд дампуурсан байна.
Энэ банк нь Хөх хот, бусад газраар олон жижиг салбар, охин компаниа байгуулж, байсан.
-
САНЬ ЮҮ ЧУАНЬ ХЭВИЙН ЦАЙНЫ ДЭЛГҮҮР
Энэ газар нь Даашинхүүгийн бордуулж байсан хэвийн цайг өмнөд хятадаас олж ирж, цааш зарж борлуулдаг байсан чухал дэлгүүр байжээ. 200,000 лангийн хөрөнгө оруулж, Шааньси мужийн Чи сяньд төв салбар нь байдаг байв. Тус пүүсийг 1860-аад онд байгуулагдсан гэжээ. Анх байгуулахдаа Да Юү Чуань гэж нэрлэж байснаа сүүлд Сань Юү Чуань гэж сольжээ. Тэд цайны ургамалаа Хубэй мужийн Фучи сяний Ян лэү дүн, Хунань мужийн Линь Сян сяний уулзвар Янь лэү сы, Линь Сян сяний Ниеэ Жя Ши зэрэг 3 газраас түүдэг байжээ.
Эдгээр газраас гадна өмнөд хятадаас Мисинь цай, Хүнмэй цай, Чяньлянь цай гэх 3 төрлийн цайг захиалж хийдгэдэг байв.
1. Мисинь цайг Хөх хотод зөөж аваачиж, Шинжааны Хасаг, Уйгар худалдаачдад зардаг, тэд ч дуртай хэрэглэдэг байв.
2. Хүнмэй цайг Ханьжоугийн Оросуудад зардаг байв. Чяньлянь цайг Шааньси, Шаньси, Ганьсу, Чуулалт хаалганд зардаг. Энэ 3 цай нь хэвийн цайнаас илүү чанартай ч байж. Ингэж захиалгаар цай хийлгэхдээ 3 удаа мөнгөө хувааж өгдөг. Эхлээд цайгаа уулнаас түүж ирээд 1 хэсгийг өгнө. Цайгаа зарах газрын дэлгүүрт хүргэхэд 1 хэсгийн төлбөр хийнэ. Үлдсэн мөнгөө бүх цай зарагдаж дуусаад жилийн сүүлд данс тооцоо бодоход өгнө. Ингэж мөнгө гуйвуулах, мөнгө хэрэгтэй үед зоос зээлэхдээ Да Шөн Чуань банкнаас авдаг байв.
Сань Юү Чуань цайны дэлгүүр 1912-1931 оны хооронд жил бүр 6000-8000 авдар цайг зарж байжээ.
Даашинхүү пүүс нь үүнээс гадна 1920 иод онд Жюү Шөн Чуань гэсэн цайны пүүсийг 50,000 лангаар худалдан авсан ч бас л дампуурчээ.
Даашинхүүгийн төрөл бүрийн барааг нийлүүлдэг олон охин компани байв.
-
Торго дурдан бөс даавууг нийлүүлдэг Тянь Шүнь Тай,
-
Бараа таваар тараах Дүн Шөн Чан, Малын худалдаа, тэдгээрийн зуучийн үүрэг гүйцэтгэгч Дө Хөн Күй,
-
Арьс ноос худалдаалах Шөн Жи ноосны дэлгүүр,
-
Бээжинд зөөж аваачсан хонь зарж худалдах Ся Шөн Чан, Ся Шөн Хүн, Ся Шөн Юү гэх мэтийн эдгээр жижиг пүүс дэлгүүрүүдийг 20,000 лан мөнгөөр хөрөнгө оруулж байгуулж байв.
Гэвч эцэстээ Даашинхүү нь Ар Монголоос олдог байсан их ашиг нь байхгүй болж, шинэ цаг үетэй зохицож ажиллаж чадаагүйн улмаас 1929 онд бүрэн хоосорч дампуурснаар 1932 он гэхэд эдгээр пүүс компаниуд ээлжлэн үүдээ хааж дампуурсан юм.
ЭХ СУРВАЛЖ: “ХЯТАД ПҮҮС ДА ШӨН КҮЙ” Хөх хот. 2012 он М.Мэгзэр
()
Discussion about this post