Би бээр өнгөрөгч долоо хоног 2019 онд Монгол улсын Их хурлаас соёрхон, Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээнд шинээр нэмсэн болон, өргөтгөл хийж, зарим талбайг нь тэлсэн газрын биологи, экологи, соёлын үнэ цэн, газар ашиглалтын лицензийн талбайн орон зайн давхцлын зохистой шийдлийг дэвшүүлэх зорилготой ажлын хэсэгт бие даасан зөвлөгчийн хувиар Сүхбаатар, Дорнод аймгийн зарим нутагт ажлаад, саяхан буцаж ирлээ.
Алтан тэвшийн хөндийд аяны дөрөө мултлаад, олон нийтийн мэдээллийн сүлжээнд нэвтэрч үзэхүл, өмнөх долоо хоногийн дунд үес цагаан зээр бөөнөөр үхэж хорогдсон тухай халуун сэдэв ёстой “буцалжээ”. “Үйл явдал” өрнөсөн нутаг орчмоор аяны зам нийлж, уудам газар оронг ахар хугацаанд туулсан судлаачийн хувьд, энэ сэдвийн хүрээнд өөрийн эргэцүүлэл, үзэл бодол, тайлбарыг та бүгдэд хүргэж, санал сонсохоор би бээр энэ нийтлэлийг дэлгэж байгаа юм. Биологич хүний хувьд, дээр дурдсан сэдэв дор бодитой хандаж, өөрийн гадарлах салбарын шинжлэх ухааны үндэслэлтэй таамаг дэвшүүлж, боломжит тайлбар хийхийг хичээсэн. Амьд организмын үхэл, хорогдол бол ердийн амьдралын зүй ёсны үйл явц гэдгийг бид бүгд мэднэ.
Цагаан зээр хэмээх энэ зүйл хивэгч туруутан амьтан дорнод монголын уудам, зэлүүд тал хээрт живаа, сая жилийн тэртээгээс эдүгээ хүртэл төрж, бас үхэж хорогдсоор геологийн насны сүүлийн 4-5 мянган жилийн турш бидэнтэй зэрэгцэн амьдарч буй. Монголд хийгдсэн олон үеийн үндэсний болон харь судлаачид (Банников, 1954; Хептнер и др., 1961; Даш, Соколов, 1986; Цагаан, 2015; Лхагвасүрэн, 2021)-ын бүтээл, туурвилд энэ зүйл зээрийн хүний шууд нөлөөгүй элдэв шалтгаант хорогдлын тухайд тэмдэглэжээ.
Хоёр он дамнасан өвөл, хавар цагийн улирал монгол улсын дэвсгэр нутагт хааяагүй хахир, зудтай, бэрх сорил туулж, олон толгой мал, зэрлэг туруутан амьтад хорогдсон мэдээг бид сонсож, уншиж л байна. Тэгвэл, олны “анхаарал татсан” Дорнод аймгийн дайд өвлийн улиралд бүртгэгдсэн цаг агаарын физик үзүүлэлтийн нөхцөл, малын хорогдлын мэдээг тус аймгийн БОГ-аас бичигч бээр тодруулсан юм. Үүнд:
“Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээллээс дүгнэж үзэхэд, Дорнод аймгийн нийт нутгаар 2022 оны 4 дүгээр улирал, 2023 оны 1 дүгээр улиралд цас их хэмжээгээр орж, өдөртөө -25-30, шөнөдөө -40 хэм хүртэл хүйтэрч, Хэрлэн, Чойбалсан, Булган, Хөлөнбуйр, Матад, Халхголын сав нутгаар олон жилийн дунджаас -2.0-4.0 градусаар хүйтэн, 13 удаагийн их цас орж, хур тунадасны хэмжээ 57.6 мм буюу өмнөх оноос 35.2 мм-ээр их, салхины хурд зарим үед 24-26 м/с хүрч, хүчтэй цасан шуурга удаа дараа шуурч, ерөнхийдөө цаг агаарын байдал хүндэрсэн.
Аймгийн Мал эмнэлгийн газраас ирүүлсэн мэдээллээр, нийт сумдын нутгаар бод болон бог малын хорогдол 14.304 толгойд хүрч, үүнээс Хэрлэн голын дагуух сумдын нутгаар хорогдол ихтэй гэсэн тоо мэдээ байна. Үүнээс гадна, Халхгол сумын нутагт 451 толгой мал хорогдсон, мөн цагаан зээр цөөнгүй хорогдсон мэдээ байгаа бөгөөд сумын ажлын хэсэг мал, амьтны сэг, зэмийг цуглуулах ажил хийгдэж байна” гэжээ.
Өндөр хялгана зонхилсон борог өвст тэгш талархаг хээрийн экосистемд зээрийн зэм үл харагдах агаад, зөвхөн зам гудас 10-20 м зайд харьцангуй тачир, сийрэг борог өвс ургамалтай газар үзэгдэж байлаа. Зэм илрүүлэх зорилго үгүй өөр ажлаар ахар хугацаанд, уудам зайг туулах шаардлагатай, довтолгон хурдлах цуваанд явж байгаа үед тэр бүр зогсож, бусдыг хүлээлгэх нь мэдээж таатай бус. Иймд, тохиолдлоор зам гудас ойр харагдсан цагаан зээрийн найман зэмийг үзэж, дүрсийг баримтжуулав. Тэдгээр зэмний хоёр нь өмнөх жилийн янзага, зургаа нь ооно байлаа. Дээр дурдсан зэмний төрх, төлөв байдлыг анзаарч, сайтар нягталж үзэхүл, дөрвөн ооны зэм орчим зулгарч, туг тугаар бус ширхэгээр тарсан үс ноос хөглөрчээ. Түүнчлэн, үс ноос нь хөглөрөөгүй нэг ооны хүзүү орчим үс нь сугарч, “хөөрсөн” нь ажиглагдав. Зургаан зэмний нийтлэг төрх нь толгой гэдгэр, шил нь татсан мэт байрлалтай, харин нэг ооны толгой бүр хүн хүчээр мушгисан лугаа эргэсэн байлаа. Нүднээ илт, ооны хуучин зэмний толгой, хүзүү нь эгц гулжийж сунасан нь анхаарал татав. Нягтлан харвал, цул бөндгөр сэвс зэмнээс 1.5 м орчим байснаас үзвэл, магад чонын гөрөөл болсон байж мэдэх. Зэм орчим чонын бус, харин үнэгний баас элбэг үзэгдсэн. Түүний орчим сул үс ноос анзаарагдаагүй. Ингээд тэдгээр зэмний дийлэнх нь сугарсан сул үс ноостой буйн боломжит шалтгааны эрэлд би бээр мордлоо. Интернетийн ачаар, үс ноолуур идэгч бөөс (Mallophaga) буюу монголчуудын ширх хэмээн нэрлэдэг паразит шавьж байж болох сэжүүрээс атгасан юм. Mallophaga хэмээх шинжлэх ухааны нэр нь грек хэлний mallos- үс ноос, харин phagein- зулгааж, мэрж хооллодог гэх утгатай (Mehlhorn et al., 2012). Энэ бүлгийн бөөс гол төлөв амьтны арьсны хогжруу гуужиж үхсэн эд, үс, шувууны өд, ноолуур, эзэн амьтны арьсны булчирхайгаас ялгаруулдаг зунгаг, тослог шүүрлээр хооллодог (Urquhart et al., 1987-ийг Benelli et al., 2018-аас дамнуулан эшлэв). Тэдний эзэн амьтад дах тоо хэмжээ олширч, халдварлалтын эрчим өвөл-хавар дамнасан сэрүүн улиралд хамгийн оргил үедээ хүрээд, харин зуны улиралд цөөрч, эзэн амьтандаа үзүүлэх хөнөөл нь буурдаг (Arundel et Sutherland, 1988- Benelli et al., 2018-аас дамнуулан эшлэв) ажээ. Малын ширхний тухайд мэдээлэл элбэг тохиолдох боловч, цагаан зээрийн ширхний мэдээлэл хомс хэдий ч, хайж, бэдэрсний эцэст: Ekkehart Lux, Henry M. Mix, and Balbarijn Zedev. 1997. Danialinia (Tricholipeurus) zaganseeri, n. sp. (Phthiraptera: Trichodectidae), a Parasite from Procapra gutturosa (Artiodactyla: Bovidae) in Mongolia. өгүүллийг олов. Энэ өгүүлэлд дорнод монголд 1995 оны 5-р сард герман- монголын хамтарсан судлаачдын баг 31 зээр агнаж, ширх зургаан бодгалаас нь илрүүлжээ. Дээжийг Герман улсын шинжилгээний байгууллагын судлаачид судлаж үзээд, шинжлэх ухаанд шинэ зүйл гэдгийг тогтоогоод, Danalinia zaganseeri хэмээн цагаан зээрийн нэрээр нэрлэжээ. Danalinia zaganseeri хэмээх энэ зүйл үс ноос идэгч бөөс (chewing lice) буюу ширх зээрийн хүзүү, хааны хэсэгт (дал ба атгаал чөмөг холбогдох орчим) шүтэн, идээшин байршдаг тухай өгүүлэлд дурдсан байв. Дорнод аймгийн БОГ-ын ажилтан нарын буулгасан зэмний дүрс баримтыг шүүн, нягтлан үзвэл, цуглуулсан зэм дотор хүзүү орчим нь цустай бодгаль цөөнгүй ажиглагдсан. Магад үгүй, олон ширхний хазалт загтнуулж, улмаар стресст орж, дэд бүтцийн байгууламж орчим ирмэгтэй биет шөргөөж, үрснээс хүзүү орчмын арьсны үрэвсэл, судасны механик гэмтлээс улбаатай цус алдарсан байж болох юм. Харин бидний ажигласан зэм зэлүүд газар тохиолдсон бөгөөд тэр газар оронд чулуу, мод, том сөөг зэрэг байгалийн биет үгүй тул дээр дурдсан шинж тэмдэг илрээгүй байж болох талтай. Зээрийн олон зэм 21-р талбайн газрын тос олборлолтын дэд бүтцийн байгууламж орчим, түүнчлэн хуйлж боосон үлэмж хэмжээтэй хадлан өвсний нөмөрт тохиолдсон тухай БОГ-ын ажилтан өгүүлсэн. Бидэнтэй тохиолдсон найман зэм, мөн Дорнод аймгийн БОГ-ын ажилтны буулгасан гэрэл зургийн баримт зэргийг үзэхэд, харьцангуй шинэвтэр, бас хуучин өвлийн сард хорогдсон нь нүднээ илт зэм зэрэгцэн тохиолдож байв. Баримт, нотолгоо болохуйц нуршуу мэдээг дурдаж, та бүгдийг залхаасанд ууч хандаарай. Бас гүйцэд таалан уншиж буй танд талархлаа. Үүнээс цааш, дурдсан мэдээ, баримтад тулгуурлан дор өөрийн эргэцүүллийг сийрүүлэе. Үүнд:
– Өнгөрсөн өвлийн эрс хүйтэн агаарын агаарын температур олон хоног дараалан тохиож, хүчтэй цасан шуурга давтамжтай нүүрлэсэн хүнд бэрх өвөл-хавар дамнан тохиожээ.
– Цас их унасан нь цаснаас дайждаг цагаан зээр алс шилжиж, тарга хүчээ алдаж, улмаар тамир сульдаж, магад дархлаа нь суларсан байж болох юм. Зэмний “нас” ялгаатай байгаа нь нэгэн зэрэг бус харин өөр цаг хугацаанд зээр “цуваж” үхсэн гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр, цагаан зээрийн хорогдол өвлийн хүйтэн үеэс өдий хүртэл улирал дамнан үргэлжилсээр байгаа ажээ. Саяхан хээр тааралдсан зээрүүд биеэ хойд туурайгаар “маажсаар” л байна билээ.
– Зээрийн ширхний хэт олшрол тохиох үе, ороо нийллэгийн үеийн хавьтлаас улбаатай халдварын нэрмээс зэргээс улбаалан, ширхээр халдварласан бодгалийн үс ноос суларч, сугаран унасан нь тэдний биеийн дулаан тусгаарлах чадварыг эрс бууруулж, олон хоног -40 цельсийн градус хүрсэн агаарын температурын нөхцөлд бээрч, осгож, олноор хорогдох хавсарсан нөхцөлт шалтгаан байсан болов уу гэх боломжит дүгнэлтийг судлаач миний бие дэвшүүлж байна.
– Зэлүүд цагаан талд газрын тос олборлолтын 21-р талбайд буй дэд бүтцийн байгууламж, хадсан өвсний үлэмж хуйлсан нуруу зэрэг нь эрс хүйтэн, хүчтэй цасан шуурганы үед ширхээр халдварласан бээрсэн зээр олноор цугларч, нөмөрт нь хоргодох, мөн загатнах стрессийг “тайлах” шөргөөх, “маажих” таатай биет болсон гэх боломжит үндэслэл хэлэх байна.. Энэ нөхцөл байдал нь олон зээр нэг дор “хордож” үхсэн хэмээх зарим хүмүүсийн өнгөц хардалтыг өдөөсөн бололтой.
Ташрамд дурдахад, миний шавь, докторант туруутан судлаач Г. Хүдэрчулуун Их нарт БНГ-ын нутагт Аргалийн хорогдлын сэдвээр мастерын судалгааны хээрийн ажлаа 2015-2018 онд гүйцэтгэсэн ажигч, туршлагатай нэгэн. Түүнтэй цагаан зээрийн хорогдлын тухайд үзсэн зүйлээ хүүрнэлдэхэд, бүдүүн угалз өвөл- хавар дамнан, хадны хүнхээг, жижиг гүехэн агуй зэрэг байгалийн хорго бараадан олноор зэрэгцэн үхсэн байсны зэрэгцээ угалзын зэмний толгой, хүзүү нь гулдайж бус мушгирч, нугаларсан эсхүл, гэдрэг цахалсан мэт байрлалтай, түүнчлэн зулгарч, сугарч хөглөрсөн үс ноостой зэм түгээмэл ажигласан тухай ярьж байлаа. Цагаан зээр, аргаль хэмээх ялгаатай хоёр зүйл туруутан амьтны жишээ тун нийтлэг хам шинж, төрхтэй байгаа нь сонирхол татав.
Хураангуй томьёолол: цагаан зээрийн хорогдлын боломжит шалтгаан нь цаг агаарын аномал физик үзүүлэлт- физиологийн “бууралт”- паразитын хэт олшролын хам үйлчлэлийн “феномен” байж мэдэх юм.
Эрхэм малын эмч, эмгэг судлаач найз нар ширхний тухайд өөрийн мэдлэг, туршлагаа хэлж, шүүмж өрнүүлж, үзэл бодлоо хуваалцаж, тайлбар хийвэл нэн талархах болно.
Энэ нийтлэлд чухал хэрэгцээтэй мэдээ, баримтаа хуваалцаж, хамтран ажилласан Дорнод аймгийн БОГ-ын удирдлага, мэргэжилтэн нарт гүн талархлаа!
Хээрийн ажлын үед цувааг хүлээлгэн, саатуулсан үйлдэлд хүлцэл эрэхийн зэрэгцээ, зээрийн зэмний баримт нотолгоо цуглуулах боломж олгосон баг хамт олонд талархал илэрхийлэе!
Биологич, хөхтөн амьтан судлаач Нямсүрэнгийн Батсайхан, Алтан тэвшийн хөндий, 2023.04.05
()
Discussion about this post