“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 144 дүгээр салбарын дарга, дэслэгч Г.Энхцэцэгийг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2006-2016 онд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт дуудлага хүлээн авагч- оператороор, 2016-2020 онд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт нярваар, 2020 оноос 144 дүгээр салбарын даргаар ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын 2022 оны “Улсын нөөцийн шилдэг ажилтан”-аар шалгарсан билээ.
– Солонгын 7 өнгөнөөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?
Ногоон өнгө нь байгаль дэлхийг сэргээсэн зуны өнгө. Сэтгэл санаа, орчныг тайвшруулж, ажил хэргийг амжилттай бүтээж, мэдрэмжийг нэмэгдүүлдэг учраас.
-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?
Онгоцны нисгэгч болох, шүхрээр бууж үзэхийг хүсдэг. 2008 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гарсан ойн түймэрт 14 хоног үүрэг гүйцэтгэхдээ одоогийн Үндэсний аврах бригадын /тухайн үеийн Аврах тусгай анги/ аврагчид, шүхэрчидтэй хамт ажилласан. Тухайн үед аврагчдаараа бахархах сэтгэл төрж, шүхрээр бууж үзэх юмсан гэсэн мөрөөдөлтэй болсон.
-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хүүхэд байхдаа л багш болохыг мөрөөддөг байсан. Багшийн сургуулийн хуваарь ирээгүй учраас хүнсний технологичийн ганц хуваарийг сонгоод тухайн үедээ сурч байлаа. Харин эчнээгээр багш мэргэжлийг эзэмшссэн. Ажлынхаа хажуугаар нийгмийн идэвхтэй сургагч багшаар ажилладаг.
–Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?
Эрхэлсэн ажилдаа эзэн болж, өөрийн биеэр бусдыг үлгэрлэн, манлайлж, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хүнийг удирдагч хүн гэж ойлгодог. Тиймээс өөрийнхөө давуу болон сул талуудаа мэдэж авах, суралцах, засч залруулах цаашлаад туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Итгэл хүлээлгэсэн бол зүтгэлээр хариулахыг хичээдэг.
-Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Магтаал бол амжилтын үндэс болдог. Харин шүүмжлэл өөрөөсөө олж хараагүй асуудлаа, буруугаа ойлгох, мэдэх боломж гэж боддог.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Аз жаргалыг бусдаас хайх хэрэггүй, өөрөөсөө хайх хэрэгтэй. Дотоод сэтгэлээсээ, хандлага, харилцаагаараа л бий болгоно.
-Таны бахархал?
Онцгой байдлын алба маань нэгдсэн тогтолцоонд шилжээд 19 жилийн нүүрийг үзэж, үе, үеийн чадварлаг удирдагчдын зөв менежментийн үр дүнд богино хугацаанд өргөжин тэлж, эрх зүйн орчин бүрдэж, техник, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, олон түмэнд үнэлэгдсэн алба болжээ. Энэ сайхан албаны нэг эд эс болон ажиллаж байгаадаа үргэлж бахархдаг.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Сайхан хань, сайн ээж гэж миний хань хэлдэг. Ээж, эхнэр хүн өөрөө манлайлагч, үлгэрлэгч, толь нь байх ёстой. Миний ханийг Пүрэвсүрэнгийн Бат-Эрдэнэ гэдэг. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэгт аврагч, жолооч- холбоочин. Онцгой байдлын албанд 20 дахь жилдээ ажиллаж байна. Хүү Б.Батзориг мөн Эрэн хайх, аврах бүлэгт аврагчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Охин Б.Мөнхзул Хятад улсад олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр сурдаг. Бага хүү Б.Өлзийсайхан есдүгээр ангийн сурагч. Энэ дашрамд Улсын нөөцийн газрын дарга, хурандаа Ч. Цогбаяр, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б. Анхбаяр болон хурандаа Т.Энхбаатар даргадаа болоод хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж, талархдагаа илэрхийлье.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
()
Discussion about this post