АРТАНЬЯН Сумын төвийнхөн бүгд нэгнээ таньдаг. Гаднаас ирсэн танихгүй хүн байсан ч “гаднаас ирсэн танихгүй хүн байна” гээд л таньдаг. Тэнд “амьтан муу хэлнэ” гэсэн хууль үйлчилнэ. Наадмаар, сонгуулиар, сумын эмлэгт очсон ч гоё дээлээ гаргаж өмсдгийн учир энэ. Тиймээс тэр болгон хүнд хөгийн зан гаргаж, нийтийн өмчид хүйтэн сэтгэлээр хандаж нэрээ сэвтүүлэхгүйг хичээдэг тал байна.
Харин аймагт арай өөр. Гэхдээ цагдаа нь болдгүй нөхдүүдээ бүгдийг нь танина. Гаднаас ирсэн эвгүй нөхрийг “гаднаас ирсэн эвгүй нөхөр дөө” гэж танина. Эвгүй нөхөр хашир цагдаагаас дөлөх гэж хэрэндээ хол ойрыг харуулдаж, гэмгүй царайтай, сайн хүн байхыг хичээнэ.
Тэгвэл улсад яах вэ?
Улсад, том хотод чамайг хэн ч танихгүй. Улаан гэрлээр гүйсэн ч нүдлэгдэхгүй. Оочир дайрч, хүүхэд загнан дээрэлхэж, бүдүүлэг зан гаргасан ч 10 секундын дараа хэн ч мэдэхгүй. Тэгвэл юу хүмүүсийг дэг журамд оруулах юм бэ? Энэ бол соёл. Тогтсон зуршил. Нийгмийн дадал.
Бид гадаадад соёлтой болчихдог. Хэзээ ч оочир дайрдаггүй юм шиг царайлна. Бүр уучлал гуйцан ч зогсож байх шиг. Харин Чингис хаан онгоцны буудлаасаа гараад л шүлсээ хаяна. Арай ч дээ, нөгөө сайхан соёлын инерц ядаж нэг цаг болохгүй юм уу гэмээр. Хэд гурван хүнээс асууж үзсэн. “Хөгшөөн, онгоцноос буугаа л стрэсс шдээ” гэсэн хариу авсан. Эргэн тойрон, хүн амьтны харилцаа, хандлага түүнийг юу ч бодохгүй шүлсээ хаяхад нь нөлөөлж байна. Соёлтой байх нь ч, соёлгүй байх нь ч орчны нөлөө байгаа биз?
Орчныг хүмүүс бүрдүүлнэ. Харин нэг, нэг хүн нийлж хүмүүс болно. Тэхээр орчин гэдэг бол үүнийг уншиж буй та юм. Бас бичиж буй би. Дэргэдэх танил чинь. Бас танихгүй ч хүн чинь.
Бид юуг чадахгүй байна вэ?
“Орчин гэдэг чинь би өөрөө юм” гэдэг талаар бодохыг хүсэхгүй байгаагаас асуудал эхэлж байна.
- Хажуу хаалганы Хаадгар хогоо орцонд гаргаж тавиад байхад би тэгэхгүй байхаар монжуулаад байгаа юм.
- Ногоон гэрэл хүлээгээд зогсож байтал Норжмаа гуай хаадганаад гараад явчихаар чинь одоо би тэрнээс хоцрох тэнэг мөн үү?!!
- Тамхины ишээ машиндаа хая гэнээ? Би юу, ганцаарай юу? Ёстой май!
Харин хэн ч хогоо орцонд хаядаггүй Берлинд бид бас хаядаггүй. Сөүлд бид тамхины ишээ машиндаа байлгаж байгаад хаядаг. Венад ногоон гэрлээр л зам гардаг. Учир нь тэнд хүн бүхэн ногооноор гардаг учраас тэр.
Үнэн л биз дээ? Өөрөөсөө хэзээ ч эхэлдэггүй энэ зан бидний нүүдэлчний араншин юмуу, эсвэл дэлхийн бүх хот ийм замыг туулсан юм болов уу? Магадгүй дэлхий нийтийн туулсан зам.
Дэлхийн сайхан хотууд
Миний бие бишгүй хотуудаар явж үзэхдээ “болохгүй” гэх үгтэй маш олон таарсан. Энд тамхи татаж болохгүй. Та энэ зураасны гадна зогсож болохгүй. Та энд уух юмтай орж болохгүй. Энэ олон болохгүй гэсэн үгүүд бүгдээрээ арга хэмжээ агуулдаг. Тэр нь торгууль. Тэр нь ер нь л торгууль. Мэдээж үгээр эхэлнэ, албадлагаар үргэлжилнэ, барвчилгаагаар өрнөнө, торгуулиар дуусна. Аль ч том, сайхан хотод шүү. Ухаандаа хажуу хаалганы Хаадгар орцонд хогоо хаясан түүхийг үүнд хөрвүүлэе:
1. Хаадгар хогоо хаяж (үнэхээр хаядаг)
2. Та иргэний ухамсраар түүнд шаардлага тавьж (үнэндээ та шаардлага тавьдаггүй)
Хоёр хувилбар:
3.а Хаадгар санаа нь зовон хогоо зориулалтын газар хаяна (юу л бол)
3.б Хаадгар танд “ална шүү, өөрийгөө хичээ!” гэж хэлэв (за энэ бараг үнэн)
Хоёр дахь буюу 3.б хувилбараар явья:
4. Та СӨХ-д хэлэв. СӨХ маш хурдан ирж Хаадгарт өөртөө маш итгэлгүйгээр шаардлага тавив. (за даа худлаа даа)
5. Хаадгар мөн л “өөрснөө хаяач п…!” гэж хэлэв (Хаадгар бол чадна)
6. СӨХ цагдаа дуудлаа! (Худлаа л даа, загнуулж байгаа л хөөгдөөд явна)
7. Цагдаа ирж Хаадгарт шаардлага тавина (Манай цагдаа юу, хогны төлөө юу кккк)
8. Хаадгар эсэргүүцэхэд цагдаа баривчлав (за мэдэхээ больчлоо, хэт их зөгнөл)
9. Цагдаа Хаадгарыг 750 мянган төгрөгөөр торголоо (ингэдэг ч болоосой)
Хэрэв үнэхээр ингэж өрнөдөг бол ямар үр нөлөөтэйг таамаглая:
10. Хаадгар их торгуулиас айж, дахин хог хаяхгүй
11. Өөр хаалганы Өнөрөө хог хаяхыг Хаадгар мэдэв. Хаадгар түүнийг үзэн ядаж, шаардлага тавив. Түүнийг цагдаа хамгаална, СӨХ хамгаална, олон нийт буюу орцоороо түүнийг хамгаалахыг тэр мэдэж байгаа..
Магадгүй гадаадын гоё хотуудад дэг журам ингэж тогтсон. Дэг журам нь дадал зуршил болсон. Дадал зуршил нь нийгмийн соёл болсон. Герман, Солонгос, Японууд биднээс ухаантайдаа тийм байгаа юм бишээ….
Үргэлжлэл бий
()
Discussion about this post