Нүүрсний хулгайг зогсоохгүйгээр Монгол цаашаа явахгүй. Лав л ойрын 10 жилдээ бидний идэх хоол, өмсөх хувцасны хэмжээ дамжаа нүүрсний экспортоос шууд шалтгаална. Үүнийг дээр дооргүй мэдэж байгаа л даа. Өөрөөр хэлбэл, ухсан нүүрсээ үнэн үнээр нь зарж, орлогыг нь шударгаар оруулж ирээд, бүгдээрээ тэнцүү хүртэх ёстой. Тэгж байж бид ирэх жилүүдийн хүндрэлд өлсөхгүй, даарахгүй. Тиймээс нүүрсний хулгайн эсрэг тэмцэл аль ч утгаараа зөвдөх учиртай.
Тэр утгаараа их зөв тэмцэл эхэлсэн юм. Харин сүүлийн хэдэн өдөрт нүүрсний хулгайн эсрэг тэмцэл нэг л өөр тийш эргэчихэв. Сүүл рүүгээ биш болоод явчих шиг боллоо. Бай нь өөрчлөгдөв. Тэр нь өнгөрсөн хавраас эхлээд нүүрсний хулгайг “ухаад” эхэлсэн засаг болж таарав. Шулуухан хэлэхэд, “…Засаг зайл” гээд орилж байгаа хүмүүсийн нэлээд нь ордонд тухалсан нүүрсний хулгайч нарын “микрофон” гэсэн үг. Ингээд шууд ойлгоход болно. Гэхдээ нүүрсний хулгайч нарын дургүйцэл засагтаа ч байгаа юм биш. Хуулиараа засгийг унагая гэвэл Ерөнхий сайдыг огцруулдаг болчихсон. Тиймээс засаг гэсэн нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ рүү л дайралтаа хийж байгаа юм.
Сураг гэхээргүй мэдээллээр, нүүрсний хулгайн бүлгүүд ингэж “жагсаалын эргэлт” хийжээ. Үүнийг бас “жагсаалын хулгай” ч гэж нэрлэж байна. Хамгийн ноцтой нь “…Манай нүүрсний хулгайч нараас гадна хилийн цаанаас гар хөлөө сунгасан байж болзошгүй” гэж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Франц, уржигдар Германд болсон өнгөт хувьсгалд санаархаад бүтэлгүйтсэнтэй ижил технологи манайд үзэгджээ. Ерөөсөө л яг тэр технологи хэрэгжиж байна. Ийм болтол самууруулж буй нь нүүрсний хэдхэн хулгайчийн л эрх ашгийн төлөө шүү дээ.
Ер нь анхнаасаа энэ нүүрсний хулгайг гаргаж ирдэг л Л.Оюун-Эрдэний буруу. Угаасаа улстөрчид бүгдээрээ нүүрсний хулгайг мэддэг л байсан. Тэглээ гээд хэн ч эсэргүүцэн тэмцэж байгаагүй юм. Нүүрсний хулгайг барьж аваад сэгсрэх хүнийг улс төрөөс байтугай хуулийнхнаас ч олоход хэцүү болчихсон байсан.
Тэд нар шигээ “сохор, доголон” яваад байж болох л байсан юм, энэ Л.Оюун-Эрдэнэ. Тэглээ гээд яах вэ дээ, эдийн засаг тартагтаа тулна. Амьдрал тэр чигээрээ “ул”-нд очно. Одоо ч таагүй байна. Тэгэхээр тэр “…Ковид, дайн хоёроос болоод эдийн засаг хүндэрсэн. Үнэн шүү” гээд л сууж байхад болох байлаа. Угаасаа үнэн юм чинь.
Ер нь бол Ерөнхий сайдын суудал гэдэг хүн бүрт олдоод байдаг тавилан биш шүү дээ. Тиймээс тэр Оюу толгойнхонтой, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай, Хөгжлийн банкныхантай, энэ нүүрснийхэнтэй сайхан найзалчих байсан юм. Тэгсэн бол 2024 он хүн хүртэл хонь бүрэн, чоно цатгалан аргацааж болох л байв.
Нисээд л өнөөдөр Оюу толгойн өр нэмэгдчихсэн. “Эрдэнэт” хувьд оччихсон. Хөгжлийн банк дампуурчихсан. Нүүрсний хулгайч нар харин улам цулайж байхгүй юу. Юун төмөр зам, юун боомт, тэдгээрийг ярих ямар ч шаардлагагүй.
Гэвч Л.Оюун-Эрдэнэ одоо ганцаардсан чоно шиг болчихсон байна. Нүүрсний хулгайг зуучихсан. Тавьдаггүй. Тиймээс нөгөөдүүл нь өөр арга хэрэглэж буй нь энэ.
Уг нь түүнээс өөр хүн байсан бол “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банк гээд ахих бүрт нөхөд нь цөөрч, дайсан нь олшроод байсныг анзаарах л байсан юм. Тэгсэнгүй. Явсаар байгаад нүүрсний хулгайг “зууж” авсан. Тэгээд бүр ганцаараа болжээ.
Одоо яая гэх вэ дээ. “…Ноёдтой тэрсэлдвэл толгойгүй” гэдэг. Л.Оюун-Эрдэнийг зайлуулна гэж байна. Харин оронд нь нүүрсний хулгайч нараа залж таарна. Яагаад гэвэл оронд нь гарч ирсэн хэн ч нүүрсний хулгайч л байж таарна. Тэр баталгаатай. Шулуухан хэлэхэд, “…Нүүрсний хулгайч нараа зарла” гэхийн оронд “…Нүүрсний хулгайтай холбоогүй улстөрч олоод ир” гэх нь хамаагүй амар болчихсон цаг шүү.
Харамсалтай нь энэ тохиолдолд Монгол ялагдана. Хохирно. Тэгээд бид “…Нүүрс яах вэ, тусгаар тогтнолоо хэрхэх вэ” гэдэгтээ тулж ч мэднэ. Маш ноцтой.
Иймдээ тулахгүй байх ганцхан зам бий. Хоёр жилийн өмнө дөө, хотын соёл сурталчилдаг нэг залуу “…Дөчөөс дээш насныхан алга болж байж нийгэм цэвэршинэ” гэж байж билээ. Нийгмээрээ цочиж байв. Түүн шиг хаашаа ч харсан нүүрсний хулгайчтай болчихсон энэ цаг үед нүүрсчдээс өөр сонголт хийх боломжийг хаасан одоогийн тогтолцоог л өөрчлөх учиртай. Чөлөөт сонголт, чөлөөтэй өрсөлдөөн л монголчуудад хэрэгтэй гэсэн үг. Тэгж л энэ хулгайч нараас сална. Өөр ямар ч арга байхгүй. Зам ч үгүй.
Нээрэн, өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр шүү дээ. Цаана чинь “…Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” хэмээн НҮБ уриалж байна, уг нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 240 (6972)
()
Discussion about this post