Рамзан Кадыровыг 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Чеченийн удирдагчаар томилсон. Кадыровын хувьд Путин бол бурхан л гэсэн үг. Түүний хэлсэн үг Путиний хамгийн “бохир” бүхнийг гүйцэтгэдгээс Путинд хэр үнэнч вэ гэдгийг нь харж болно. Путины гөлөг гэсэн хочтой.
Рамзан Ахматтович Кадыров 1976 оны аравдугаар сарын 5-нд Чеченийн Ингушийн Бүгд Найрамдах Улсын Центра юурт гэдэг газар төржээ. 1992 онд Центра юуртын нэгдүгээр дунд сургуулийг төгссөн тэрбээр Чеченийн нэгдүгээр дайны үед өөрийн эцгийн хамт Оросын дотоодын цэргийн хүчний эсрэг тэмцэж байв. Дайны дараа буюу 1996 оноос өөрийн эцэг Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Ахмад Кадыровын туслах бөгөөд бие хамгаалагчаар ажиллаж эхэлсэн. өдгөө бол ОХУ-ын эрх баригчдын хамгийн үнэнч, дотны анд юм. Ийнхүү өөрчлөгдөхийн учир нь Чеченийн дайны дараа Ерөнхийлөгч байсан түүний аавыг чеченийн овог аймгийнхан хөнөөсөн. Өс хонзондоо дийлдсэн түүний сэтгэлзүй дээр ОХУ-ын эрх баригчид сайн тоглосноор өөрийн талдаа урвуулан авч чадсан гэж зарим эх сурвалжууд бичдэг. Түүний аав Ахмад Абдулхамидович Кадыров нь Чеченийн анхдугаар дайны үеэр болон дайны дараах Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн байсан бөгөөд Чеченийн хоёрдугаар дайн эхлэхэд Оросын Засгийн газрын талд орж, 2000 оны долдугаар сараас ОХУ-ын харьяаны засаг захиргааны тэргүүн, улмаар 2003 оны аравдугаар сарын 5-наас Бүгд Найрамдах Чечень Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм. 2004 оны тавдугаар сарын 9-нд тэрбээр Грозный хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын үеэр салан тусгаарлагч исламистуудын тавьсан бөмбөгөнд өртөж нас барсан юм. Энэхүү террорист ажиллагааг Рамзан Кадыров зохион байгуулсан гэж барууны хэвлэлүүд бичдэг. Түүний хүү Рамзан Кадыров аавыгаа залгамжлан, 2007 оны гуравдугаар сараас мөн Чеченийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Тэрбээр 2004 онд Нэгдсэн орос намын гишүүн, ОХУ-ын баатар болсон төдийгүй Ерөнхий сайд Дмитрий Медведев, Ерөнхийлөгч Владимир Путин нарын хамгийн сайн, ойрын түнш гэгддэг.
Кадыров сонин, этгээд араншинтайгаараа алдартай. Хувийн эдлэн газартаа хүмүүс болон нохдын хооронд зодоон зохион байгуулдаг. Түүнчлэн олзлогдсон алан хядагч нарын хооронд үхлийн тулаан зохион байгуулдаг гэсэн мэдээлэл байдаг. Мөн Оросын байкерын “Шөнийн чононууд” клубын салбарыг Чеченьд “Шөнийн чоно-Грозный” нэртэйгээр байгуулсныг тус бүгд найрамдах улсын удирдагч Рамзан Кадыров мэдэгдэж байсан. Тус салбарын тэргүүн болсон Кадыров “Энэ салбарын хүндэт удирдагчаар ажиллана уу гэсэн саналыг би талархалтай хүлээн авч байна. Манай шинэ гишүүд бүгд тангараг өргөж Александр Залдостановаас мотоклубын бэлгэ тэмдэг бүхий савхин хантааз гардаж авлаа” гэж өөрийн инстаграммдаа бичиж байсан удаатай.
Тэрбээр “Шөнийн чононууд бол эх орондоо туйлын хайртай, эрэлхэг чийрэг залуус” гэсэн байдаг. Түүний эдлэнд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон, холливудын жүжигчин Ван Дамм нарын дэлхийд нэр алдраа дуурсгасан одод зочилсон бөгөөд одоо ч энэ цуваа үргэлжилсээр байгаа. 2011 оны аравдугаар сарын 5-нд түүний төрсөн өдрийг Кремльд нүсэр тэмдэглэсэн. төрсөн өдөрт Хилари Сванк, Кевин Костнер, Ванесса Мэй нар оролцсон бөгөөд Ван Дамм “Би танд хайртай, эрхэм Кадыров” гэж хэлсэн нь олны анхаарлыг багагүй татсан байдаг. Мөн ОХУ-ын бүхий л одод ирж ая дуугаа өргөж төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Путиний түүний төрсөн өдөрт барьсан бэлэг нь Грозный хотын хуучнаар ялалтын өргөн чөлөөг Рамзан Кадыровын нэрэмжит болгон үзэсгэлэнтэй хот босгож өгсөн. Түүний төрсөн өдөр Грозный хот байгуулагдсан өдөртэй давхацдаг ажээ. 2011 оны зургадугаар сард Москвагийн шүүх Чеченийн хүний эрхийн төлөө тэмцэгч энэ чиглэлээр эрэн сурвалжлах нийтлэл бэлтгэдэг Наталья Эстмировагийн аллагад Рамзан Кадыровыг буруутай хэмээн сэтгүүлч бүсгүйн өмгөөлөгч, бие төлөөлөгч Олег Орловагийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өмгөөлөгч Олег Орлова энэхүү аллагад Рамзан Кадыров холбоотой хэмээн баримт материал бэлтгэж өгсөн ч шүүх хангалтгүй гэж үзсэн байна. “Human Rights Watch” олон улсын хүний эрхийн байгууллагаас Рамзан Кадыров Наталья Эстмировагийн аллагад буруутай. Москвагийн шүүх буруу шийдлээ гэж мэдэгдсэн. Наталья Эстмирова нас барахаасаа өмнө уулзалтад оролцохдоо Чеченийн эрх баригчдын хүний эрхийг ноцтой зөрчдөг тухай ноцтой мэдээлэл олсон гэж ярьж байжээ. Тус байгууллагаас мөн Рамзан Кадыровын төрсөн өдөрт зориулж ОХУ-ын эрх баригчид холливудын оддыг олон сая ам.доллараар хөлсөлсөн хэмээн таагүй ханддагаа илэрхийсэн байдаг. Чеченийн толгойлогч Рамзан Кадыров үнэтэй, тансаг машин цуглуулах хоббитой нэгэн. Түүний цуглуулгад хамгийн үнэтэй машин нь “ламборжини” бөгөөд дэлхийд 400 ширхэг үйлдвэрлэгдсэн нэг сая еврогийн үнэтэй аж.
Чөлөөт хэвлэлийн дайсан
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын гаргасан чөлөөт хэвлэлийн 40 дайсны жагсаалтад Рамзан Кадыров багтдаг. “Түүний бодлогод эргэлзээтэй хандсан хүн бүр үхлийн аюултай тулгардаг” гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид Кадыровыг дүгнэсэн байна. Жагсаалтыг гаргагчид Кадыровыг шүүмжилсэн Наталья Эстемирова болон Анна Политковская хоёрын жишээг татжээ. Тэр хоёрын алуурчдыг өнөө хүртэл олоогүй байна. Чеченьд ажиллаж байгаа сэтгүүлчид Кадыровыг магтан түүний алхам бүрийг дэмжин хөөрөгдөх нөхцөлийг Кадыров бий болгосон гэнэ. Уг жагсаалтад Кадыровоос гадна “Талибан” хөдөлгөөний лидер мулла Омар, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Италийн мафи, Хятадын дарга Си Жиньпин, Мексикийн хар тамхины картель, Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон олон байгууллага багтжээ.
Барууны хэвлэлийнхний нүдээр
АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Буш Владимир Путиний тухай “Би энэ хүний нүднээс сэтгэлийг нь олж харсан” гэж хэлсэн байдаг бол, тухайн үеийн Пентагоны дарга Роберт Гейтс “Би түүний нүднээс уужимхан дотортой алуурчныг олж харсан” гэж хэлсэн байдаг.
АНУ-ын Засгийн газар бага Бушаас хойш хэд хэдэн удаа солигдсон. Гэтэл Буш, Пауэл, Гейтс нарын үед байсан Владимир Путин Кремльдээ суусан хэвээр. АНУ-ын шинэ үеийн улстөрчид Путиний “сэтгэлийг таних”-ыг эрэлхийлсээр байна. Барууны хэвлэлүүдэд ОХУ-ын засаг захиргааг төвд нь Путин, эргэн тойронд нь адилхан хүмүүс байдаг тогтолцоо. Энэ бол эрх мэдэл Кремлиэс доошоо, мөнгө дороос дээш урсдаг пирамид тогтолцоо. Тогтолцооны дотор байгаа хүмүүс дүрмийг ойлгодог бөгөөд тэдгээрт захирагддаг. Эдгээр дүрмийн нэг нь тогтолцоо хэрхэн ажилладаг тухай ам алдахгүй байх. Тэд мэдээж хууль мөрддөг. Гэхдээ эдгээрийг улс төрийн хууль гэж хэлж чадахгүй. Эдгээр хууль мафийн түүхэн тогтолцооныхтой илүү төстэй гэжээ.
Хувийн амьдрал
ОХУ Украинд өдүүлсэн дайнд ОХУ-ын бүрэлдэхүүнд байдаг Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров ихээхэн “идэвх, зүтгэлтэй” оролцож байгаа юм. Тиймдээ ч АНУ түүний эсрэг хориг тавьжээ. Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, түүний гурван охин, түүнчлэн Кадыровын эхнэр гэгдэг гурван эмэгтэйг Украин дахь дайны улмаас хориг арга хэмжээний жагсаалтад багтаасан гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэнийг “Эрх чөлөө радио” мэдээлсэн байна. Өнгөрсөн жил 22 настай охиноо Соёлын сайд болгосон юм.
Грозный хотноо Чеченийн тэргүүний охин Айшат өөрийн бүтээсэн эмэгтэй хүний хувцасны анхны цуглуулгаар загварын шоу зохиосон.
Айшат Кадырова чечень үндэсний хувцасыг судлан өөрийн цуглуулгын санааг гаргасан, түүний гол зөвлөгч ээж нь гэж ярьсан. Firdaws брэнд нь орчин үеийн мусульман эмэгтэй дүрийг өнөөгийн чиг хандлагаар тодруулан бүтээсэн аж..
Үзүүлэлтийн хүрээнд загварын ордны нэртэй анхны сүрчгийг танилцуулсан байна. Эхний үнэртэнг Айшат Кадырова ээждээ гардуулсан удаатай. Арга хэмжээ нь Грозный хот дахь Гранд-Холл Firdaws ордонд болжээ. Энэхүү арга хэмжээнд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Италийн загвар зохион бүтээгч Стефано Риччи гэр бүлийн хамт, “Chopard” компанийн дэд ерөнхийлөгч Каролина Груози-Шойфеле, продюсер Яна Рудковская, уран гулгагч Евгений Плющенко, дуучин Нюша, Светлана Бондарчук зэргийн алдартнууд хүрэлцэн ирсэн байна.
Айшат Кадырова ээжийнхээ 2009 онд үүсгэн байгуулсан Firdaws гэх загварын ордныг 2016 оноос толгойлж, 2021 онд 22 насандаа Чеченийн Соёлын сайд болсон юм.
()
Discussion about this post