Английн шинэ Ерөнхий сайд Риши Сунак өнөөдөр эрхэм дээд эзэн Хаан 3 дугаар Чарльзд бараалхсанаар түүний албан тушаал баталгаажив. Их Британий түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар тодроод буй Риши Сунак 1980 оны 5 сарын 12-нд Английн Соутхамптон хотод төрж өсжээ. Түүний эцэг эх хоёр хоёул Энэтхэг үндэстэн бөгөөд Зүүн Африкаас 1960-аад онд Англид цагаачилж ирсэн эхэн үеийн цагаачдын нэг юм.
Аав нь өрхийн эмч, ээж нь эмийн санч гэр бүлийн ууган хүү нь Риши Сунак. Тэрбээр нэр хүндтэй хувийн дунд сургуульд суралцаж төгсөөд Оксфордын Их сургуулийн Линкольн коллежид улс төр философи эдийн засгаар суралцан дээд боловсрол эзэмшсэн. Дараа Америкийн Стэнфордын Их сургуульд мастерийн зэрэг хамгаалан суралцаж байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ.
Түүний эхнэр Акшата Марти Энэтхэгийн Билл Гейтс гэгдэх Технологи компьютэрийн магнат бизнесмэн тэрбумтаны охин. Тэд хоёр охинтой.
Риши Сунак Оксфордын их сургуулийг төгсөнгүүтээ Goldman Sachs-т ажиллан амжилттай туршлага хуримтлуулан хожим 2 ч том хөрөнгө оруулалтын компаний гол хамтрагч болон бизнест цойлж эхэлжээ.
Шинэ ерөнхий сайдын эхнэр тэрбумтан эцгийнхээ Энэтхэг дэх “Infosys” технологийн компаний 0.91% эзэмшдэг. Риши Сунакийн хувийн хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө нийтдээ £ 730 сая фунт стерлинг гэж ($877 сая) тоологдсон нь Английн хаан Чарльз, хатан Камила хоёрын хөрөнгөөс даруй 2 дахин их юм.
Риши Сунак Английн хамгийн залуу бас Ази гаралтай анхны өнгөт арьст дээр нь 10 дугаартай хаалганд амьдарсан сайдуудаас хамгийн баян нь гэсэн тодотголууд дагалдаж байна.
Риши Сунак мөн 2015 онд анх North York дахь Ричмонд дүүргээс Парламентын гишүүн болж сонгогдон гарч ирсэн. Энэ дүүрэг нь Консерватив намын хэн ч байсан гарч ирдэг дүүрэг гэдгээрээ алдартай.
Сунак Брёкситийг дэмжигч Тереза Мэй сайдын үед кабинетад орж ажилласан. Түүнийг солигдоход Борис Жонсоныг сонгуульд дэмжин оройлон оролцож, сонгогдсоных нь дараа түүний танхимд багтаж, удалгүй 2020 онд Сангийн сайдаар томилогдсон юм.
2022 оны 7 сард Борис Жонсон парти зохиосон дуулианы улмаас Ерөнхий сайдын ажлаа өгөхөд тэрбээо мөн хамт огцорсон.
Үүнийхээ дараа Борис Жонсоны халааг авах Ерөнхий сайдын нам доторхи сунгаанд оролцон нэр дэвшигч Лиз Трааст ялагдсан билээ.
Гэвч богино хугацааны дараа Лиз Траас ажлаа өгч, энэ намаас Риши Сунак нэр дэвшихэд хамгийн тохиромжтой хүн байж таарав.
Тэрбээр Ерөнхий сайдын нам доторхи сунгаанд дахин нэр дэвшүүлээд намаасаа 156 гишүүний санал авч Английн Ерөнхий сайд болж чадлаа.
Түүний “тасархай” баян эхнэр Английн байнгын иргэний статусгүй болох нь мэдэгдэж, сүүлийн 10 гаран жил Англиас гадуурхи гадаадаас олсон орлогын их хэмжээний татвар төлөлгүй зугтаж ирсэн зэрэг баримтыг эсрэг намын нөхөд дэлгэн том дуулиан болсон.
Мэдээж энэ нь харахад яг хууль ёсны дагуу байгаа ч түүний гэргийг албаар татвараас зугтан Английн иргэн болоогүй амьдарч ирсэн гэж шүүмжилсэн. Эхнэр нь нөхрийнхөө ажилд муу нөлөө үзүүлмээргүй байна гээд 2.1 сая фунт татвар төлөх болсон аж.
Английн иргэн болоогүй шалтгаанаа эхнэр нь Энэтхэгт 2 иргэншил завшөөрдөггүй гэж тайлбарласан. Мөн Англид эрхэлдэг 4 бизнестээ бүгдэд нь албан ёсны татвараа төлдөг гэж өөрийгөө цайруулсан юм.
Хосууд Лондонгийн баячуудын дүүрэг Кенсингтонд 5 унтлагын өрөөтөй том хауст амьдардаг бөгөөд хамгийн тансаг гарден парти хийдгээрээ тэр хавьдаа алдартай гэнэ.
Түүнийг Энэтхэгчүүдийн алдарт баяр Дивалигийн эхний өдөр Ерөнхий сайд болсонд олон сая энэтхэгчүүд мөн зүүн йфрикчууд ч асар их баярлан хүлээж авч байна. Тэрчлэн “Тэр бидний нэг биш тэр тасарсан баян эрхэмсэг зиндааных.. Яг л бусад Вестминстэрчүүдтэйгээ яг адилхан… Тэгэхээр Энэтхэгчүүд баярлах шаардлагагүй” гэх үл ойшоох энэтхэгчүүд олон байна.
Discussion about this post