Та суллагдаад хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
-Ярилцлагаа тоо баримтаас нь л эхэлье гэж бодож байна. Өнгөрсөн 2014 онд Хятад улс 467,7 тонн алт олзворлосноороо дэлхийд тэргүүлсэн, Орос 272 тонн алт олзворлоод дараагийн байранд орсон. Энэ хоёр гүрний дунд байдаг Монгол улс газар зүйн байрлалын хувьд, бусад нөөц боломжийнхоо хувьд ч том өрсөлдөгч байх ёстой. Гэтэл манай улс ямархуу байгаа билээ. Эндээс бүх юм эхэлж байгаа. “Анод”-ын асуудал ч… Бид хамгийн гол, чухал ач холбогдолтой зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой. Тавантолгой, Оюутолгой бол хоёрдугаар асуудал. Бидний гарт дэлхийн хамгийн том алтны орд байсан, ордыг эзэмшиж байсан. Монголчууд өнөөдрийг хүртэл талхны мөнгө, автобусны мөнгө, түлээ нүүрсний мөнгө гээд асуудал байдаг, тэрийгээ ярьдаг. Улс төр, эдийн засаг энэ хэмжээнд ярьж, явж байдаг. Гэтэл дэлхийн хамгийн том алтны ордтой улс байж ийм жижигхэн байна гэж болохгүй. Фрийдланд “Монголчууд бол 17 дугаар зууны ард түмэн” гэж хэлдэг. Тэрэнд нь тохируулаад Оюутолгойд 1000 гэр барьчихаад монголчуудыг амьдруулж байна. Яахав оросууд 20 дугаар зуунд “Эрдэнэт”-ийг ашиглахдаа орон сууц барьж, хот байгуулж өгсөн. Тэгэхээр гадны хүмүүс Монголыг 17 дугаар зуун л гэж харж байгаа. Технологи оруулсан ч бидэнд тохируулсан юм оруулж ирж байна. Ийм том зөрөө байна. Зөрүүнээс болоод, төр засаг энэ талын ойлгоцгүй учраас бид ингэж балраад байна. Улс орон, ард иргэд, аж ахуйн нэгж нь ч. Тэгэхээр хэн хэн нь мэдээлэлтэй байж, ойлгох хэрэгтэй. Өнөөдөр миний тооцоогоор айл өрх бүхэн килограммаар алт төр засгаасаа нэхэх ёстой. Тэтгэвэр, тэтгэмж гэх биш, нэг айлд үгүйдээ л нэг килограмм алт өгч чадах төр засаг хэрэгтэй байна. Зүгээр хөөргөдөж байгаа юм биш. Энэ нь тэр ордын 20 хувь л гэсэн үг шүү дээ. Үүний цаана Монголын гурван сая хүний ирээдүй байна. Тусгаар тогтнол, аюулгүй байдал байна. Ер нь баялаг эрдэнэс хоёр талтай. Сүйрэл, эсвэл боломж. Хэрэв бид энд алдаад байх юм бол сүйрэл болно, өөр ямар ч ирээдүй байхгүй. Байгууламж гэж үзвэл өнгөрсөн 12 жилийн алдаагаа хугацаа алдалгүй засах хэрэгтэй. Өнгөрсөн 12 жилд их том алдаанууд хийсэн. Энийгээ засаж чадахгүй бол бид гоё улс төр яриад, эдийн засаг яриад нэмэргүй, зүгээр л хоосон яриа болно. Хятадын төв телевиз Монголыг “Умардын үндэсний цөөнх” гэж ярьж байна. Биднийг доромжиллоо гэж бухимдаад хэрэггүй. Яг бодит байдал ийм л байгаа. -Өнөөдөр бид бүгд нүүрсчид болсон, улс орноороо нүүрсчид болсон. Засгийн газар нь ч, ард иргэд нь нүүрс л ярьдаг бөөн нүүрчид. Засгийн газар нүүрс шуудайлах ажил хийж, утаагүй түлш, шахмал түлш, ард иргэд нь тэрийг ярина. Би ашигт малтмалын тухай асуудлаар хэнтэй ч санаа нийлдэггүй. Хамтрагчидтайгаа ч, төр засагтай ч, засгийн газрын бодлоготой ч…
-Хамтрагч гэхээр “Анод”-ынхон гэсэн үг үү?
-Өөрийнхөө хамтрагч, 50 жилийн хамтрагч “Анод”-ыг хамтарч босгосон найз нартайгаа ч санал нийлдэггүй. Том орд төрийн мэдэлд л байх ёстой. Ялангуяа алт, уран хэний ч мэдэлд байж болохгүй, зөвхөн төрийн мэдэлд байх ёстой. Тэгж байж тэр бүх нийтийнх байж чадна. Алт, ураныг цөөн тооны хувь хүн, компани эзэмшиж болохгүй ээ. Тавантолгойн орд монголчуудад их том сургалт болж байна. Их өндөр үнээр, их бэрхшээл дунд суралцаж байна. Тавантолгойг гурван компанид хуваагаад өглөө, гэтэл төрийн, хувийн гурван компани нь хоорондоо өрсөлдөөд 70 долларын ханштай байсан нүүрсийг 35 доллар болголоо. Үүнд хэн ч нөлөөлөөгүй, өөрсдөө өрсөлдөөд нүүрсний үнээ унагачихсан, бүгдээрээ хүнд байдалд орчихлоо. MCS нь ч, “Эрдэнэс Тавантолгой” нь ч хүнд байдалд орчихлоо. Хүн бүхэн би сая төгрөгний нүүрстэй гэсэн ойлгоцтой, сэтгэл ханамжтай. Яахав ардчиллын давуу тал байна. Хэрэв Ардын нам төрийн эрхэнд байсан бол юм олж харж чадахгүй. Ардчилсан намын давуу тал бол дээд түвшиндээ ч санал зөрөлдөөд хүмүүст их сайн ойлгуулж өгөөд байна. Төрийн өндөрлөг, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь ч ил маргалдаж байна. Энэ бол бидний олсон ардчиллын үнэт зүйл мөн. Магадгүй Ардын нам барьж байсан бол бүх зүйл хаалттай, гэрээ байгуулагдаад л, бүр сүүлд хүмүүс мэднэ байх. Ардчилсан намынхан ил тод мэтгэлцэх нь гэрээг засах, ухаарах боломжийг олгож байна.
-Танай банк гадны олон корпорациудтай хамтарч ажилладаг, алтны томоохон орд эзэмшиж байсан болохоор та өөр бодолтой байдаг нь аргагүй байх л даа.
-Бид Солонгосын LG компанийн удирдлагуудтай ажиллаж байсан. “Хьюндай”, “Дэү”, “Самсунг”-ийн удирдлагуудтай ажиллаж байсан. Оросууд нефть өгөхөө болиод манайх дутагдаад намрын ургац хураалтаа авч чадахгүй, яг балрах гэж байхад Засгийн газар, тэр үеийн Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг бидэнд хандаад, бид маш богино хугацаанд “Самсунг” корпорацид санал тавиад 20 сая доллар авч, Казакстанаас нефть хямдралтай үнээр аваад, намрын ургац хураалтын асуудлыг шийдэж чадаж байсан. Тийм хэмжээнд л бид ажилладаг байсан. Японы “Иточу”, “Комацу”-гийн удирдлагуудтай бид ярьдаг байсан, дэлхийн том банкууд, сангуудын удирдлагуудтай ярьдаг байсан. Тэд 21 дүгээр зууны эдийн засаг бизнесийн магнатууд. Тэднээс бид суралцаж байсан. Тийм учраас эдийн засгийг, хөгжил ирээдүйг өөрөөр хараад байна. Төр засгийн удирдлага, бизнесмэнүүдээс өөрөөр хардаг. Цаг үетэйгээ уялдсан шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө улс үндэстнийхээ ирээдүйг сөнөөгөөд байна. Би элдэв тэмцэлд уриалж байгаа юм биш. Ер нь хүнд 2 сая төгрөг зээллээ, тэрнийхээ араас хэн ч нэхнэ биз дээ. Яагаад Монголын айл өрхүүд доод тал нь нэг кг алт авах ёстой байтал яагаад авахгүй, төр засгаасаа нэхэхгүй, хөөцөлдөхгүй байгаа юм. Тэр тэтгэвэр тэтгэмж, талхны мөнгөний араас биш, килограмм алтныхаа араас яваач. Тэрийг нь өгч чаддаг засаг төр хэрэгтэй байна. Бодит байдлыг ярьж байна, огт биелэхгүй мөрөөдөл яриагүй. Байгааг нь бид мэдэж байсан, тэр нь ганцхан л орд. Байгаль орчин сүйтгээд сүйд болохооргүй. Дэлхийн том орд байна, тэрийг эргэж харах хэрэгтэй байна. Хаана ч тэр, ерөөсөө баялгийн эзэн дүрмийг зохиодог юм. Олзворлох тэр тоглоомын дүрмийг баялгийн эзэн зохиодог юм. Баялгийн эзэд, заяагдмал эрхтэй хүн нь монголчууд. Заяагдмал эрхээ эдлэх хэрэгтэй байна.
-Танд нэр дэвших боломж бий юу? Ял шийтгэлгүй гэж заадаг байх аа.
-Би тэр талаар огт сонирхоогүй.
-Таныг паар үйлдвэрлэж гэж байгаа гэсэн. Ямар учиртай эд вэ?
-Монголын хахир хүйтэн өвлийн асуудал, тэндээс гарах асуудал энд байна. Айл өрх, иргэдийн хувьд ч. Шийдэхийн тулд паар хэрэгтэй байна. Энэ бол шинжлэх ухааны, технологийн дөрвөн ширхэг шинэ бүтээлийн нийлбэр паар байгаа. Энэ паар дэлхийн брэнд болж болох юм. Монголчууд арьс шир, ноос ноолуураар брэнд болоход хэцүү. Өрсөлдөгч нь хөгжөөд, дэндүү хол тасарчихсан. Энэ их хүйтэн бэрхшээл туулсан зовлон дээрээ тулгуурлаад тэр хүйтэнд биднийг дулаахан амьдруулдаг технологийг бид бүтээх хэрэгтэй. Тэр технологио бүтээчихлээ. Эхлээд Улаанбаатарынхаа оршин суугчдыг хүйтнээс хамгаалах асуудлаа шийдье. Дэлхийд тэрбум 200 сая хүн паар хэрэглэдэг. Бэлээхэн зах зээл байна. Цаашдаа дэлхийн эрчим хүчний зах зээлд гарна. Би их итгэлтэй хэлээд байгаа нь брэндийг бид бүтээчихлээ. Улаанбаатартаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Антрактид шиг хүйтэрдэг нийслэлийнхээ утааны асуудлыг шийдчих юм бол дэлхий сонирхох тийм бүтээгдэхүүн байна, тэрийг үйлдвэрлэе гэж зорьж байна. Би ганцхан юм хүсээд байгаа. Сая паар үйлдвэрлэх нөхцөлөөр хангаач. Паарыг холбогдох бүх яамд хүлээн зөвшөөрчихлөө. Энэ бол шинэ технологи, дэлхийн нэг номерын паар гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энийг үйлдвэрлэхийн төлөө засаг төр юу байдаг юм анхаарал тавих хэрэгтэй. Хотын захиргаа, яам тамгын газар бүгдэд нь хандсан. Бичгээр хариу авсан, өөр дэмжлэг одоогоор аваагүй байна. Тэнд хоригдож байхдаа их юм бодож байсан. Есөн сард суллагдсан болохоор ирэх оны 4 сарын 1 гэхэд ямар ч гэсэн энэ паар болон нефть боловсруулах үйлдвэр эхэлчих боломжтой гэж тооцоолж байсан. Гараад өөрөөсөө шалтгаалах ажлуудаа хийчихсэн, засаг төрөөс шалтгаалах ажлууд дээрээ нам зогсчихсон. Би гадны хөрөнгө оруулагч тал, Германчуудтай яриад нефть боловсруулах үйлдвэрийг даая гэсэн. Тэд ганцхан итгэл хүсэж байгаа. Тиймээс танай төрийн өндөрлөгүүдээс зөвшөөрч байна гэдэг үгийг амнаас нь сонсмоор байна гээд байгаа. Тэрийг л би энэ өвөл амжуулж чадсангүй. Одоо нефтийн 90-ээд хувь нь гаднаас хамааралтай, энийг шийдээд өгье гэхээр “Бид дэмжиж байна” гэдэг үгийг л хэлчихэж чадахгүй байна. Дарга нараар за гэж хэлүүлэх хэмжээний хүн биш гэдгээ би ойлгосон, нефть боловсруулах талын энэ ажил шууд зогссон. Харин энэ паар бол зайлшгүй хийх ёстой ажил. Энийг дэмжиж явуулж өгөөч гэж дарга нараас хүсээд байгаа. Дэмжинэ гэсэн цаас өгөөд байгаа боловч дэмжчихсэн юм алга л байна. Засгийн газар нүүрс түлээд, утаа гаргадаггүй зуух тавиад асуудлаа шийдчихнэ гэсэн үр дүнгүй болсон. Тэрийгээ хүлээн зөвшөөрчихлөө. Одоо газаар гээд ярьж байна. Дахиад л буруу тийшээ явчихлаа. Газ чинь их үнэтэй шийдэл. Хөрсөн дээрээ, амьдрал дээрээ буугаач ээ. Юун газ вэ. Газыг Европын, Азийн орнууд хэрэглэдэг. Тэнд 10 гаруйхан градус хүйтэрдэг. Газ их өндөр үнээр халаадаг. Гэтэл Монголын 30-40 градусын хүйтнийг газаар халаана гэдэг маш их өртөгтэй. Монголын нэг айл өдөрт 60-70 мянган төгрөг халаалтанд төлж чадах уу. Харин бид сард 30 мянган төгрөг төлөөд өвлийн хүйтэнд монгол гэр байнга 20 градусаас дээш дулаахан байх технологийг санал болгож байна. Хоёр өөр юм яриад байгаа биз. Энэ саналаа Ерөнхий сайд, засгийн газарт тавьж ойлгуулах гээд оролдоод л байна. Ойлгоод байгаа юм шиг мөртлөө шийдвэр гаргахдаа хойрго байна. Айл өрхүүдэд эрчим хүчний шугам оччихсон байгаа, энэ дэд бүтэц дээр түшиглээд халаачихна. Цахилгаан станцад ачаалал ирнэ гэдэг, тэрийг бид тооцсон, ачаалал учруулахгүй. Одоогийн энэ эрчим хүч хангалттай. Утаатай тэмцэхэд 200 тэрбумыг үргүй зарчихлаа, утаа багассангүй. Сайханбилэгийн засгийн газар гарч ирэхэд овоо гайгүй баг бүрдлээ гэж харсан. Бас л буруу тийшээ явчихлаа. Газ яриад. Бид тийм баян улс юм уу. Ерөөсөө хөрсөн дээрээ буухгүй байна. Эсвэл амьдрал мэддэггүй юм уу, монгол гэрт амьдарч үзээгүй юм уу. Монгол гэрт амьдардаг байсан ч дарга болоод мартчихдаг юм шиг байна. Өвөл монгол гэрт амьдрах тийм амар биш.
-Сая МҮХАҮТ Топ 100 аж ахуйн нэгжээ тодруулж байна лээ. Танайх Топ 10 компанид багтдаг байсан. Юм бодогдов уу?
-Бид дэлхийн эдийн засгийн том магнатуудтай харилцаж байсан. Монголын улс төр, эдийн засаг өрөвдөлтэй тоглоом явдаг. Тийм учраас хоригдож байхдаа их юм бодсон, ухаан суусан гэж хэлмээр байна. Бид өөрчлөгдөх хэрэгтэй, 21 дүгээр зуунтайгаа зэрэгцэж ирэх хэрэгтэй. 17 дугаар зууны Монгол байгаад байж болохгүй ээ.
-Та уран, алтны ордыг төр зохицуулах ёстой гэж байна. Төр хамгийн муу менежер гэж ярьдаг даа?
-Шулуухан хэлчихэд би илүү туршлагатай. Америк, Англи улс яагаад хүчирхэг болсон юм бэ, алттай л байсан. Улс орны ирээдүйг тодорхойлдог зүйл алт л байдаг юм. Орос, Хятад хоёр алт олборлолтоороо дэлхийд тэргүүлж байна, хүчирхэг гүрэн ч болж байна. Энэ зуун энэ хоёрын зуун болно. Хэрэв бид зөв эхлүүлж чадах юм бол энэ хоёрын том өрсөлдөгч байх боломжтой. Энэ хоёр хөрш өрсөлдөгчөө маш сайн дарж чадаж байгаа. Ер нь том алтны том ордыг хэзээ ч хувийн компани эзэмшдэггүй юм. Гадаадад ч бай, дотоодод ч бай. Би дахиад хэлье, манайд 700 гаруй мянган өрх айл бий, тэд 1-5 кг алт олох боломж 100 хувь байлаа, тэд бидний гарт байлаа. Тэгвэл иргэд маань төрөөс 1-5 кг алт нэх, бодитой зүйл нэх. Тэрийг өгч чадах төр засаг л бидэнд хэрэгтэй байна. Аль нам нь гол биш. Чадвартай тийм л төр засаг хэрэгтэй байна. Би Арабын тэрбумтан, шейхтэй уулзаж байсан, бусад орны тэрбумтнуудтай уулзаж нөхөрлөж байсан. Зөвхөн алтан дээр ярья, Монголын төр засаг их мөнгө татаж чадна. Өөр ямар ч гадны том компани, корпораци бидэн шиг мөнгө татаж чадахгүй. Араб, булангийн орнуудаар Кувейт, Катар, Арабын Эмират гээд бид бахархдаг. Гуч гаруй жилийн өмнө яг бидэн шиг л байсан. Эзэн хаан нь алдаагаа ухаараад, Англитай маш буруу гэрээ хийгээд, хамаг нефтээ зүгээр л сул өгч байгаагаа ойлгонгуутаа “Намайг, миний хоёр хүүтэй хамт шоронд хий. Төрийн эргэлт хий” гэсэн. Тэр хаан иргэддээ их хайртай байна л даа. Тэр өөрийнхөө зарлиг, бүх гэрээг хүчингүй болгуулаад, шинээр гэрээ хийгээд, тэгээд булангийн орнуудын хөгжил бий болсон. Төр л менежер хийдэг. Оюутолгойд хөрөнгө оруулах гэж байсан Арабын тэрбумтан “Хэрвээ Оюутолгой танай засгийн газрын өмч байсан бол бидэнд ямар ч айх юм байхгүй. Бас нэг гадны компани Оюутолгойг эзэмшиж байгаа учраас бид ийшээ мөнгө оруулах эрсдэлтэй, бид 3-4 тэрбум доллар өгчихлөө, магадгүй дараа нь ард түмэн дургүйцээд хөөгөөд гаргачихвал яах юм. Бидний мөнгийг хэн төлөх юм. Хэрэв монголчууд та нар эзэн, төр нь мэдэж байх юм бол бид бага хүүтэй, урт хугацаатай зээлөгч болж байна” гэж байсан. Яг л энэ дүрэм. Баялаг байхад дэлхийн аль ч улсаас бага хүүтэй мөнгийг татаж чадна. Ордыг ашиглаж чадах өндөр чадвартай мэргэжилтнүүдийг аль ч улсаас хөлслөөд ажиллуулж, хамгийн шилдэг технологийг худалдаад авч чадна. Тэгээд энэ ордыг хамгийн үр ашигтайгаар ашиглаж чадна. Бид үеийн үед байх учраас тэнд хот байгуулж чадна, гэр барьчихаад суугаад байхгүй. Ийм энгийн юмыг л ойлгох хэрэгтэй. Ард түмэн ч, төр засаг нь ч…
-Өмнө нь харьцаж байсан гадны компаниуд, бизнесмэнүүдтэй харилцаа хэвийн үү?
-Ийм нөхцөлд байж, би тэд нартай харьцахгүй ш дээ. Ойлгомжтой, тэр хүмүүс харьцахгүй, би ч харьцахгүй. Хэрэв одоо төлөвлөж байгаа ажлууд амжилттай болох юм бол мэдээж тэдэнтэйгээ харьцаад л эхэлнэ. Би хүчтэй болох хэрэгтэй байна.
-Учир мэдэх хүмүүс улстөрчид аврах банкаа аварч, “алах” ёстойгоо “алж” чадаж байна гэж хэлдэг. Танай банктай бас холбоотой үг байх?
-Би алдаагаа ойлгож байгаа. Бид шинэ нийгэм рүү орсон, банкны талаар ч хувьцааны талаар ч ойлголтгүй байна. Эдийн засгийн гол хоёр тулгуур банк, хөрөнгийн бирж хоёр. Гэтэл энэ хоёр дээр бид эогэлт хийх гээд уначихлаа. Гэтэл Монгол банк, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо буруугаа хүлээхгүй, сайхан цэвэр амьтад харагдах гээд байгаа. Яг үнэндээ бидэнд буруу байсан бол бас тэдэнд 50 хувийн буруу байсан учраас бид хүнд байдалд орж байгаа. Тэр үед Хөрөнгийн биржид байсан хүмүүстэй уулзаад ярьсан. Тэд “Бидний 50 хувийн байсан” гэсэн. Яагаад гэвэл тэд хувьцаа дээр хүчтэй ажиллаж чадаагүй, тэнд Хөрөнгийн бирж бэлэн биш байсан. Би Солонгосын Хөрөнгийн биржийнхнийг Монголд авчирч уулзуулж байсан. Тэд “Та нар Хөрөнгийн бирж дээр гарах юм бол баларна шүү. Ийм Хөрөнгийн биржтэй ажиллах боломжгүй, чадахгүй” гэж хэлдэг байсан. Бид Хөрөнгийн биржид хувьцаа гаргасан, гурван хоногийн дотор 20 тэрбумыг босгосон. Хөрөнгийн биржийн түүхэнд тийм юм байхгүй. Долоо хоногт 80 хувь өссөн. Гэтэл манай Хөрөнгийн бирж өдөрт 15 хувийг л зөвшөөрч байсан. Чи 20 сая төгрөгтэй “Анод”-ын хувьцааг авъя гээд ирэхэд 2 сая төгрөгөнд л өгч байсан. Энэ чинь өөрөө “Анод”-ыг унагаж байгаа байхгүй юу. Өдөрт 15 хувиар хязгаарлачихаад байхад 7 хоногт 1800 болсон. Хөрөнгийн бирж энийг тэгж хязгаарлах хэрэггүй байсан, чөлөөтэй тавих байсан юм. Тэгвэл “Анод”-од тийм аюул учрахгүй байсан. 1080 гэж байсан хувьцаа долоо хоногт 5000 болох байсан. Гэтэл тэгж өсгүүлээгүй, дараад байгаа юм чинь. Энэ чинь болоогүйн шинж, бэлэн биш байгаагийн шинж. Дараа нь бурууг Анодод тохож байгаа юм. Тэгээд хувьцаа эзэмшигчдээ эргээд Анодын эсрэг турхирчихаж байгаа юм. Хувьцаа эзэмшигч бодитой Анод гэдэг юмны хувийг аваад байгаа байхгүй юу. Одоо болтол тэд тэрийгээ ойлгохгүй байгаа. Хувьцаа эзэмшигчиддээ зөндөө санал тавьж байсан. “Жаст” ч төлье гэж байсан, үгүй гээд байсан. Алтны ордын маргаантай асуудал байсан. “Жаст” хувьцаа эзэмшигчдийн мөнгийг бид төлье, жагсаалтыг нь өгчих гээд би хувьцаа эзэмшигчдийг тэндээс мөнгөө аваач гэхэд аваагүй. Тэгчихээд одоо учраа ойлгохгүй СЗХ-ны банди хачин хачин юм яриад байх юм. Шүүхийн шийдвэр ч тэр. Төр дандаа чулуу хөөлгөөд байгаа. Тэр хүмүүс анх Анодын хувьцаа авсан. Монгол банкинд хоёрхон үүрэг байдаг, мөнгөний бодлого барих, дампуурсан банкийг зарах чиг үүрэгтэй. Анх банкны эрх авахад “За та нар банкны эрх авч болно, Анодыг заръя, Төв банкинд 100 сая евро байршуулъя гэхэд зөвшөөрөөгүй. Анодын асуудал 30-аадхан сая доллар ш дээ. Гэтэл 100 сая евро байршуулъя гэхэд зөвшөөрөөгүй. Тэд зарах сонирхолгүй байсан. Тэгвэл энд хувьцаа эзэмшигчид авах ёстой. Үнэхээр 1000 хувьцаа эзэмшигч байгаа юм бол, өөрсдийгөө алдчихлаа гэж үзэж байгаа бол банкаа авчих, зарчих хэрэгтэй. Хэн хэнд нь асуудалгүй. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол банкинд хандаж банкаа авъя гэсэн хүсэлт тавьж байна. Банкаа дэлхийн жишгээр зарах гээд байгаа, эд зарж чадахгүй юм байна. Би хангалттай зарчихна. Тэгээд төр болон хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдчихье. Тэгээд “баяртай” болъё. Тэгэхээр өгөхгүй байгаа юм. Ийм нийгмийг яахаараа ардчилсан, чөлөөт зах зээл гэдэг юм, энэ ардчилсан чөлөөт зах зээл биш ээ. Чөлөөт зах зээлийн дүрмээр явъя. Яахав гадныхны явуулгаар булаагаад авчихдаг юм байна. Цаана нь нэг номерын алтны ордын асуудал бий л дээ. Олон овоотод “Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох том химийн үйлдвэр байгуулсан юм. Тэр олзворлох ёстой алтаа олзворлоод мөрөөрөө явж байсан. Биднийг унагаахаар тэр зогсоод л, Олон овоот ч дампуураад, Мянганбаяр нь ч дампуураад, “Жаст” ч дампуураад, “Голдмэн сакс” энэ тэртэй асуудал үүсгээд ингээд бужигнуулаад хаячихсан. Анодод зах зээлийн журмаар хандаад явчихсан бол асуудал үүсэхгүй, “Голдмэн сакс”-т ч төлөгдөх өр нь төлөгдөөд, “Жаст”, “Монгол газар” компани ч ажилладгаараа ажиллаад явах байсан. Нэг буруу алхам хийхэд бүгд нөлөөтэй, баялаг бүтээнэ, үйлдвэр байгуулна, ажил хийнэ гэдэг тийм амархан юм биш. Наад зах нь хэдэн зуун хүнийг цалинжуулна. Сар бүхэн цалинжуулна, тэгээд ашигтай ажиллах ёстой. Энэ бүхнийг ойлгодог байх ёстой.
-Ажил хийж үзсэн хүний л үг байх. “Гацуурт”-ын Чинбат “Анод” банк, “Жаст”-ыг унагах хэрэггүй байсан, тэр том банкийг босгох их хэцүү гэсэн утгатай үг хэлсэн.
-“Гацуурт”-ын Чинбат үнэхээр сайн хүн юм. Анодоос хамгийн том хохирсон хүн, дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон хүн ш дээ. Тэгсэн мөртлөө Анодын талаар тийм үг хэлж байдаг сайн бизнесмэнээс гадна хувь хүнийхээ хувьд их л сайн хүн юм даа гэж бодсон. Яг үнэндээ хамгийн том хохирогч. Анхнаасаа 1990 оноос нэг нэгнээ мэддэг, хамтдаа л боссон хүмүүс. Чинбаа маш их хөдөлмөрч хүн.
-Хэрэв Гүр-Аранз та хоёр нэг нь бие дааж, нөгөө ИХН-аас нэр дэвшилгүй АН, МАН-д орчихсон бол ийм хүнд байдалд орохгүй л байсан байх?
-Өнөөгийн явж байгаа замтай би нийлэхгүй. МАН-д эдийн засгийн бодлого гэж байдаггүй. АН-ын эдийн засгийн гол бодлогыг Лу.Болд тодорхойлж байгаа. Улс төрийн нам улс орныг авч явах бодлоготой байх ёстой. Тийм хоёр намтай би зохицох боломжгүй. Би өөрөө шал өөр бодлоготой хүн.
-Анодын асуудлаар хүмүүстэй, төр засагтай тайлбарлаж яриад ойлголцоход их хэцүү. Тэд 17 дугаар зууны хүмүүс ш дээ. Анодын асуудлаар яаж нэг мөрдөн байцаагчтай ярьж ойлголцох юм бэ. Боломжгүй, тэр мөрдөн байцаагч цагдаагийн сургууль төгссөн, тухайн ажил үүргийнхээ хэмжээнд ажилладаг хүмүүс. Гэтэл бид үндэстэн дамнасан корпорацийн удирдлага, банк санхүүгийн удирдагчидтай ярьдаг улс. Би тэр мөрдөн байцаагчид юм ойлгуулах гэж ярьдаг байсан. Гэтэл нөгөө залуу манай Энхтөр, Гүр-Аранз хоёроос “Даваа гуай эрүүл үү” гэж асуусан байгаа юм. Тэгэнгүүт нөгөө хоёр чинь “Даваа чи байцаагчтай макро түвшний эдийн засаг ярих ямар ч хэрэггүй. Чамайг наад хүн чинь 21 мянган доллар зальдсан байж магадгүй гэж мөрдөж байна. Тэгэхэд чи 5000 тонн алт ярихаар чамайг эрүүл бус гэж ойлгоод байна. Бүү ярь, бид хоёр шиг зүгээр л асуусанд нь хариулаад яваач дээ. Илүү дутуу юм ярьж байж Шар хад руу ачигдав аа. Тэгвэл чамайг тэндээс хэзээ ч гаргахгүй шүү” гэж байсан. Тэр хоёр амьдралтай л юм ярьж байна. Тайлбарлах ч хэрэг байгаагүй. Би зүгээр л Анод банкны хувь нийлүүлэгч. Тэгсэн мөртлөө албан тушаалтны зүйл ангиар ялласан. Би гүйцэтгэх захирал биш, зээлийн хорооны гишүүн биш. Тэрийгээ л хэлж байсан, тэгээд л албан тушаалтны зүйл анги өгөөд явуулсан.
-Танай эхнэрийг ИХН-ынхантай цуг эксел унаад явж байна гэж байсан. Одоо таны амьдрал ахуйн хувьд хэр байна?
-Би мөнгөтэй байсан бол Улаанбаатарыг шууд өөрчилнө, жилийн дотор утаагүй болгоно. Би мөнгөгүй байгаа учраас эд нараас гуйгаад байгаа. Би 200 гаруй паар үйлдвэрлэсэн. Өөрөөсөө мөнгө гаргаж чадаагүй, хамтран ажиллаж байгаа залуучууд маань хамаг байдгаа шавхаад оруулсан. Одоо төр засаг дэмжчихвэл Улаанбаатарыг өөрчилнө, утаагүй болгоно гээд суугаад байна. Манай эхнэр аялал жуулчлалын бизнес эрхэлж байсан. Тэрийг нь бас дампууруулаад хаясан.
-Та хүмүүсийн мөс чанарыг л сайн таньсан байх. Банкны захирал байсан хүн байдгаа алдахад хүмүүс яаж хандаж байна?
-Монголчууд ухаан болоод хүн чанарын хувьд муу хүмүүс юм билээ. Амиа бодсон, жижигхэн бодолтой. Тийм л зүйл хэлэх байна. Монголоос гадаадад оюуны бүтээлд патент эзэмшиж байгаа нь ганц байдаг юм шиг билээ. Манайд Оюуны өмчийн газар 5000 шинэ бүтээлийн патент байна. Тэдний дийлэнхи нь гадныхан байна. Энэ паараа гадаадад патентжуулах гээд Оюуны өмчийн газартайгаа нийлээд 6-7 сар хөөцөлдөж байна, чадахгүй л байна.
-Бид гурав банк байгуулаад, дэлхийн хамгийн том алтны ордоо хамгаалах гэж оролдоод, бас л амжилтанд хүрсэн. Энэ бүхний эцэст нийтийн эрх ашиг, эх орныхоо төлөө л байсан. Тийм л хүмүүжилтэй. Дэлхийд хамгийн чухал асуудал эрчим хүч байна. Атомын, дулааны цахилгаан станц гээд асар их хохиролтой зүйлээс эрчим хүчээ авч байна. Энийг л өөрчлөх гэж үзэж байгаа. Эртнээс би тухайн салбар салбарын шилдгүүдтэй баг болж ажиллалаа. Археологийн тал дээр Батсайхан, Бор доктортой, бизнест Гүр-Аранз, Энхтөр гээд 50 гаруй жил найзалсан нөхөдтэйгөө хамтарсан. Эрчим хүчний салбарт энэ цаг үедээ шилдэг гэж байгаа эрдэмтэн Японы Хитачигийн лабораторит ажилладаг Д.Баяр гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байна. Энэ хүн эрчим хүч үржүүлэгч гээд Японы Хитачугийн лабортарит олон улсын баг удирдаад агуу том нээлт хийчихсэн, тэрийгээ Монгол улсад үйлдвэрлэх санал тавьж байгаа. Монгол улс тэрийг нь ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа. Дэлхийн хурдан галт тэрэгнүүдэд хэрэгжих гэж байх шиг байна. Ийм хүнээ л огт дэмжихгүй байгаа юм чинь Монголд оюуны үнэлэмж огт байхгүй байна даа. Эрчим хүчний асар их хэмнэлттэй, том хувьсгал хийх гээд оролдоход огт тоохгүй байна. Мөнгөөр дутагдахыг одоо л ёстой биеэрээ үзэж байна.
-Нөгөө хоёроосоо илүү таныг зоригтой гэдэг. Та дуугүй үхэхээр дуутай үх гэгчээр төр засаг руу хандсан хурц ярилцлага өгч чаддаг. Харин таны хамтрагч хоёр банкир дуугүй байсаар байгаад ачигдсан. Гүр-Аранз, Энхтөр хоёртой холбоотой байгаа юу?
-Холбоотой байгаа. Бид үхэн үхтлээ л холбоотой байна. Тэр хоёр чинь их ухаантай, 10 жил, их сургуульд дан онц сурчихсан, эрдэм шинжилгээний ажил хийж явсан болохоор туршлагатай улс. Тийм хүмүүс чинь тэнэгүүдтэй ярих юм байхгүй л гэсэн бодолтой. Тайлбарлаад өөрийгөө өмгөөлөх ч хэрэггүй, эд нар яана эрх нь байгаа юм чинь тэднийхээр болохоос өөр аргагүй гэсэн бодолтой байдаг юм.
-Таны биеийн байдал гайгүй юу? Хэцүү нэртэй газар орсон дарга, генералууд ер нь бие муутай гэж сонсогдох юм.
-Бие зүгээр, биеийн байдлаас илүү сэтгэлийн зовлон хэцүү. Хүний хамгийн том зовлон зорилго, мөрөөдөлдөө хүрч чадахгүй байх.
-Та хаана амьдарч байгаа вэ?
-Өөрийнхөө барьсан байшинд амьдарч байгаа.
-“Киви” хамтлагийн дуучин байсан Солонго байсан танай бэр болсон.
-Би хүү, охин хоёртой. Солонго манай бэр, хоёр хүүхэдтэй, амьдрал нь дажгүй явж байна. Манай хүү ШӨХТГ ахлах байцаагч хийдэг байсан. Сая дарга нь солигдоод манай хүүг ажлаас халчихсан. Манай хүү Америкт ч сурч байсан, Кипрт ч сурч байсан, боловсролтой, чадвартай, хаана ч, хэнд ч гологдохгүй. Гэтэл улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. Улс төр ямар хамаа байна, хүн ажил дээрээ тэнцэж байвал болоо ш дээ. Манай охин “Говь”-д зохион бүтээгч. Өвөө, аав, ер нь удам угсаагаараа шинийг санаачлагч, зохион бүтээгч талын хүмүүс. Манай хүргэн, бэр их сайн хүүхдүүд. Болоод л байна.
-Та сая гудамжинд алхаж байсан. Машин бий юу?
-Би автобусанд суудаг, нэрэлхээд байх юу байна. Ерөнхийдөө би машин тэргэнд сонирхолтой биш.
-Анодод байхдаа автобусанд сууж байсан уу?
-Анодод байхдаа би угаасаа галзуурч байсан. Хоёр том экспедишн ээлжилж унадаг байсан.
-Тэр үед баялаг бүтээж чадаж байсан юм чинь бас аргагүй биз дээ?
-Гаднаас бид 500 сая долларын хөрөнгө оруулалт татсан. Гэхдээ төр засгийн яриад байгаа шиг баялгаа өгөөд биш. Ямар ч орд газраа өгөхгүйгээр 500 сая доллар гаднаас татаж байсан. Дандаа үйлдвэр технологи, бэлэн мөнгө хэлбэрээр. Бид орд газар зарсангүй, баялаг эзэмшүүлсэнгүй. Баяжуулах үйлдвэр, хүнд механизм “Хьюндай”, “Комацу”, “Иточу”, Германаас “Leibher” оруулж ирсэн. Энийг хөрөнгө оруулалт гэнэ. Баялгаа өгчихөөд хөрөнгө оруулалт гэх биш ээ. Манай банк өнгөрсөн хугацааны эдийн засгийн түүхтэй салшгүй холбоотой, багагүй нэмэр болсон гэж боддог. Биднийг дэлхийн банкууд, том корпорациуд хүлээн зөвшөөрдөг байсан. Тэр хэмжээнд бид ажиллаж байсан гэсэн үг. Нэг компанид, нэг төрийн түшээд тийм боломж байхгүй. Банк гэдэг том боломж байдаг юм. Банкаараа дамжуулж, тэр хүмүүстэй нөхөрлөж, том том хөрөнгө оруулалт татсан. Геополитик ч нөлөөлсөн, тэр эргээд биднийг нясалсан, цаагуур яривал. Төр засаг дургүйдээ ч тэгсэн юм биш. Том, олон улсын дэвжээнд тоглож байгаа хүн, өрсөлдөгчдөө мэднэ, хаанаас цохилт авч байгаагаа ч ойлгож байгаа.
Сэрүүлэг сонин Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР 2017 он
Discussion about this post