Хатан хаан Элизабет Их Британийн Хатан хаанаар 70 гаруй жил ажилласны эцэст өчигдөр үдээс хойш Балморал шилтгээндээ 96 насандаа насан эцэслэжээ. Тэрээр Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан дээдэс байв. Харин одоо хаан ширээг түүний хүү, Уэльсийн хунтайж Чарльз залгамжилна. Тэрээр албан ёсны нэр Гуравдугаар Чарльз Хаан болно.
Олон зуун жил үргэлжилж байсан колоничлолын үр дүнд өнөөдөр Их Британиас гадна өөр 14 улс түүнийг төрийн тэргүүнээрээ залах юм.
Хамтын нөхөрлөлийн оронд Антигуа ба Барбуда, Австрали, Бахамын арлууд, Белиз, Канад, Гренад, Ямайк, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Сэйнт Киттс ба Невис, Сэйнт Люсиа, Сэйнт Винсент ба Гренадин, Соломоны арлууд, Тувалу багтдаг байна.
Ийн Гуравдугаар Чарльз хаан Хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн болно. Дашрамд, Төрийн тэргүүн бэлгэдлийн чанартай бөгөөд улс орнуудын дотоод засаглалын үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй аж.
Хатан хаан Элизабет анх хаан ширээнд залрахдаа 32 улсын төрийн тэргүүн болж байжээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдгээрээс 17 нь Британийн засаглалаас гарсан юм. Тэдгээрийг дурдвал, Барбадос, Шри-Ланка, Фижи, Гамби, Гана, Гайана, Кени, Малави, Мальта, Маврики, Нигери, Пакистан, Сьерра Леон, Өмнөд Африкийн БНУ, Танзани, Тринидад ба Тобаго, Уганда улсууд аж.
Discussion about this post