АВСТРАЛИЙН ГЭЛЭН ЛАМ ТҮВДЭНЖАМЦ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

СҮХБААТАР

 Би нэгэн удаа Их Хөлгөнөөс зохион байгуулсан Тэрэлжийн Арьябалын сүмд болсон нүгнээнд сууж, гурав хоног юу ч идэхгүй, уухгүй мацаг барьж, сахил сахисан арга хэмжээнд оролцсон нь миний хувьд цоо шинэ нээлт байсан юм. Адгуусан амьтан мэт хэлгүй, дуугүй байхын зовлон, юу ч идэхгүй байж бирдийн өлсөхийн зовлонг өөр дээрээ мэдэрсэн нь миний хувьд боди сэтгэлийг олох замд тохиосон томоохон алхам болсон юм.


2000 оны зуны эхэн сарын 15. Би тэр үед нийслэлийн алслагдсан дүүрэг Багануурын Тамгын Газарт ажиллаж байлаа.Тэр зун би хотод ажлаар очоод хотын төвд Барилгачдын талбайн өмнүүр явж байтал нэгэн хоёр давхар шинэ байр нүдэнд туслаа. Хартал барилга дээрээ алтадмал буга согоо болон, буддын найман хигээст номын хүрдэн байрлуулж хаягаа англи хэл дээр хадсан байгууламж байлаа.Би шууд очоод дотор нь орлоо.Үүдний харуулаас нь “Энэ юун газар вэ?” гэж асуухад “Энд бурханы ном тавьдаг газар байгаа юм” гэж байна. Би орж бурханы ном сонсож болох уу? гэлээ. Болно гэж байна. Би барилгын хоёр давхарт гараад хартал нэгэн том танхимд сүсэгтнүүд бурханы ном эхэлж байгаа бололтой. Том танхимын зүүн талд Бурхан багшийн том сайхан сэрэг дүр байрлаж байлаа. Буддагийн дүрийг хараад ихэд сүжиг төрөв. Би ороод тавтайхан завилаад суучихлаа. Гэтэл удалгүй ном айлдахаар орхимж намируулсан нэгэн өндөр шар европ лам ороод ирэх нь тэр. Би бараг цочлоо. Гадаадаас Монголд түвд лам нар л голдуу ирж ном айлддаг сан. Энэ одоо юу болж байна вэ? хэмээн гайхлаа.Тэр буддын лам европ хүнийг монголын сүсэгтнүүдэд танилцуулж байна. Энэ хүн бол Зопа багшийн зарлигаар алс холын Австрали улсаас Монголд морилж монголчуудад Бурханы ном заахаар ирсэн Түвдэнжамц лам гэж байна. Энэ хөөрхөн жижиг буддын сүмийг Зопа багшийн хандиваар нийслэлд барьсан юм байна. ”Их Хөлгөний төв” хэмээх нэртэй ажээ. Түвдэнжамц багш англи хэл дээр бурханы ном айлдаж эхэллээ. Орчуулгыг МУИС-ийн англи хэлний анги дөнгөж төгссөн залуухан бүсгүй Г.Гүнжиймаа хөрвүүлж байлаа. Англи хэл сурах гэж олон жил оролдож байгаа хөдөөний нэгэн сэхээтэн миний хувьд англи хэл дээр бурханы ном сонсоно гэдэг үлэмж аз завшаантай хэрэг байлаа. Ингээд би нийслэл хот орж ирвэл заавал энэ Их Хөлгөний төвөөр орж бурханы ном товхимол авч, бурханы ном сонсдог боллоо.

Удалгүй би Түвдэнжамц багштай танилцаж нэг жилийн дараа багшийг нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгтээ урихаар шийдэв. Яагаад би багшийг Багануурт урив гэвэл манай жижиг хотын хүмүүс өрнөдийн лам хүнийг хараад “Монголчууд бид чинь юу сан билээ, энэ өрнөдийн хүн сахил хүртэж буддын лам болоод бурханы сургаалийг гүнзгий мэдэж байхад орчин үеийн монголчууд бид үндэстнийхэээ шашныг мэддэг билүү гэсэн бодол төрөөсэй, тэгээд сайн сэдэл төрж Бурханы шашинд ороосой”, “Сайн лам багштай учирсан өрнөдийн хүн ийм сайн лам болж болдог юм байна шүү гэдгийг хараад ойлгоосой” хэмээн бодсон юм. Түвдэнжамц багш Багануурт ирээд Тамгын Газар болон Багануур дахь хорих ангид очиж, хүмүүст Бурханы шашны тухай лекц хийлээ. Би Түвдэнжамц багшийг гэртээ урьж оройн зоог бариад: “Та их азтай хүн юм. Та энэ насандаа эрдэмтэй сайн лам багш нартай учирч, Бурханы шашны лам хувраг хүн болсон нь үнэхээр ховор нандин их хувь заяа шүү” хэмээн хэлэв. Багш манай гэрт байсан эмээгийн маань хэрэглэж байсан Бурхан багшийн хөрөг, хонх, хүрдийг хараад “Монголчууд олон зуун жил Бурханы шашныг шүтэж ирсэн тул шүтлэг нь бат бэх, суурь сайтай юм “гэж байлаа.

Их Хөлгөний төвөөс Зопа багшийн бичиж хэвлүүлсэн олон номыг монгол хэл дээр хөрвүүлээд сүсэгтнүүдэд үнэгүй тараадаг байлаа. Бурханы номыг англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэх нөр их ажилд тус төвийн англи хэлний мэргэжилтэн Г.Гүнжиймаа, Д.Хулан нар их үүрэг гүйцэтгэсэн дээ. Их Хөлгөний төвийн багшаар анх австрали лам Түвдэнжамц багш ирж байсан бол дараа нь франц хувраг эмэгтэй Шантал, австрали хувраг эмэгтэй Түвдэнгялма гэсэн олон сайн багш нар ирж сүсэгтэн олонд бурханы ном заасан. Тэдгээр лам багш нарын онцлог нь сүсэгтэн хүмүүстэй тулж сайн ажилладаг, буян номын олон сайхан арга хэмжээ зохиодог, бурханы номыг нарийн хөтөлбөрийн дагуу зааж ажилладаг юм.

Би нэгэн удаа Их Хөлгөнөөс зохион байгуулсан Тэрэлжийн Арьябалын сүмд болсон нүгнээнд сууж, гурав хоног юу ч идэхгүй, уухгүй мацаг барьж, сахил сахисан арга хэмжээнд оролцсон нь миний хувьд цоо шинэ нээлт байсан юм. Адгуусан амьтан мэт хэлгүй, дуугүй байхын зовлон, юу ч идэхгүй байж бирдийн өлсөхийн зовлонг өөр дээрээ мэдэрсэн нь миний хувьд боди сэтгэлийг олох замд тохиосон томоохон алхам болсон юм.

Зопа багш Монголд олон удаа ирж бурханы ном айлдсан даа. Зопа багш Гандан хийдийн хажууд Идгаачойнзинлин дацанг шинээр барьсан ачтай лам шүү дээ. Түвдэнжамц багшийн бичсэн “Буддизм бидний амьдралд” хэмээх ном миний анхаарлыг ихэд татаж байлаа. Энэ номон дээр өрнөдийн нэгэн хүний их эмч эр хэрхэн буддын шашинтан болсон тухай тун сонирхолтой ном байлаа. Тэрхүү өрнөдийн эмч эр бол одооны Түвдэнжамц лам буюу тэрхүү дал, наяад оны үед Адриан Фельдман гэдэг нэртэй хиппи залуу байв. Тэр үед өрнөдийн залуус гэгээрэх гэж дорны орнуудаар аялдаг байжээ.

Жар, далаад онуудад “Make love, not war – Хайрлаж дурлая, харин дайтахгүй шүү” гэсэн уриатай өрнөдийн хиппи залуус жинс өмсөж үсээ урт ургуулан эрх чөлөөг эрхэмлэдэг байжээ. Гэвч өрнөдийн хиппичүүд далаад оны сүүлчээр оюуны мухардалд орж эдгээр залуус дорно дахинаас гэгээрлийг олох гэж хайдаг болжээ. Өрнөдийн залуус эртний Энэтхэг орныг ихэд шохоорхож хиндуйзм, кришнаизмдордог байжээ. Сүүлдээ тэд буддизмыг ихэд шохоорхдог болов. Адриан Фельдмантэр үед Австралийн Мелбурний их сургуулийг төгсч эмч доктор болсон байлаа. Адриан бусад өрнөдийн залуусын хамт Афганистан, Энэтхэг, Пакистанаар аялж гэгээрэхийг оролдож байв. Тэр удалгүй Непал улсадих ном эрдэмтэй буддын лам байдгийг сонсож тийшээ явж, Түвдэн-Иш ламын хичээлд нэг сар суужээ. Иш ламтаны энгийн даруу зан, инээд цалгисан дүр, хошин шогийн мэдрэмж, бурханы номын гүн мэдлэг түүнийг гайхшруулжээ. Адриан Непалд нэг сарын хичээлд суугаад Австрали руугаа буцлаа. Тэндээс Адриан Их Британи руу явж эмчийн ажлаа үргэлжлүүлэн хийж байв. Британид нэгэн царайлаг англи бүсгүйтэй танилцаж ойр дотно болов. Өндөр цалинтай ажилд оров.

Гэвч Адрианд тоост хорвоогийн самуунт амьдрал таалагдсангүй. Тэр гэнэт нэг өдөр Непал улс явж буддын лам болохоор шийдэв. Бүх зүйлээ Британид орхилоо. Лондоны Хитроугийн нисэх онгоцны буудал дээр дотно англи бүсгүй нь “Хайран залуу нас” гэж хэлээд Адрианыг ихэд харамссан байдлаар харж үдэж хоцорлоо. Адриан Непал улс руу явж Иш ламтаны нутагт очлоо. Тэр үед далаад оны эхээр Иш ламтан, Зопа римбүүчий нар Копан хийдээ Непалийн нийслэл Катманду хотоос холгүй бариад бурханы номыг өрнөдийн хүмүүст айлдаж эхлээд байлаа. Тэнд өрнөдийн 200 гаруй залуус буддын шашинтан болох гээд Иш ламтаныг хүлээж байв. Иш лам өрнөдийн залуусыг бурханы шашинд бүхнээ зориулах зориг эрмэзлэлийг нь харгалзан 20 эрэгтэй,эмэгтэй өрнөдийн залуусыг сонгон шилж сахил хүртээж лам болголоо. Иш ламтан тэдэнд хандаж “Өнөөдрөөс эхлээд би та нарын багш, би та нарын ээж, эхнэр, найз боллоо” гэсэн гэдэг. Иш ламтан ч хэлсэн үгэндээ эзэн болжээ. Саяхан л үс сахалдаа баригдаж, нисваанист боомилогдож явсан Адриан ч гэсэн тэр өдрөөс эхэлж үсээ хусуулж, гэлэн сахил хүртээд бурханы ариун шавь болжээ. Ингэж л австралийн эмч мэргэжилтэй Адриан Фелдман гэгч эгэл нэгэн өрнөдийн хиппи залуу Иш ламтан, Зопа римбүүчийн итгэлт шавь болж Түвдэнжамц хэмээх гэлэн ламтан болсон түүхтэй. Үүнийг л “Self made – Өөрийгөө бүтээх” гэдэг юм шүү дээ.

Зопа багшийн байгуулсан Их Хөлгөний төв нь одоо ч гэсэн Монголын сүсэгтэн олонд тусалсаар байна. Зопа багш Монголд олон удаа ирж ном айлдсан даа. Би бол Зопа багшийн олон номыг уншиж, айлдварыг нь сонссон азтай хүн. Зопа багшийн айлдсан маанийн тухай сургаал их сайхан санагддаг юм.

Зопа багш: Энэрэл нигүүлсэлийн Бурханы зүрхэн тарнийг уншихын ач тус огторгуй лугаа хязгаарлашгүй их болой. УМ МАНИ БАДМЭ ХУМ хэмээх тарнийг өнгөцхөн харахад туйлын энгийн бөгөөд уншихад хялбар мэт боловч хэрэв бид ач тусыг нь сайтар дурьдан үзвээс төдий л энгийн хялбар зүйл бус болохыг нь тодорхой мэдэх болно. “УМ МАНИ БАДМЭ ХУМ тарнийг нэгийн төдий боловч уншиж тарнийг биедээ хадгалсан язгууртны хөвгүүн хийгээд охин хэн боловч түүний завсаргүй таван хар нүгэл, түүн лүгээ шадар таван нүгэл болон бусад олон нүгэл ариусаж, Бурханы номд суралцах чөлөөгүй там, бирд, адгуус тэргүүтэн найман муу орноос гэтэлнэ. Тэр бээр бие, хэл хийгээд сэтгэлийн элдэв зовлонг үл эдэлнэ. Тэрбээр хорлогчин хийгээд махчин амьтны, хүмүүн хийгээд хүмүүн бусын, өвчин эмгэгийн тэргүүтэн элдэв аюулаас гэтэлнэ. Тэр бээр номын лагшины чухамхүү утгыг бүтээж; Их нигүүлсэгчийн дүрст лагшиныг буюу ариун нигуурыг үзнэ. Нэг өдөрт арван эрхи (1000) маань уншдаг хүн гол мөрөн, далай тэнгисийн тэргүүтэн алин боловч усанд сэлэхээр одоход түүний биед хүрэлцсэн тэр ус машид адистидлэгддэг юм. Түүнчлэн энэ адилыг дадуулдаг хүний хойчис долоон үедээ дорд муу заяаны төрөлд унах аюулаас аврагддаг” хэмээн айлддаг байв.

Зопа багшийн Монголд хэвлэгдсэн “Зовлонг Амгаланд урвуулахуй” хэмээх ном надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Зопа багш энэхүү номондоо Амьдралын зорилго, Уур шуналын гэм, Бэрхшээл зовлонг амгаланд урвуулах, Зовлон болон Амгаланг таны сэтгэл хэрхэн бүтээдэг тухай,Өөрийн зовлонг амгаланд урвуулах, Өөрийн зовлонг бусдын өмнөөс эдлэх зэрэг гайхалтай сургаалийг өгүүлжээ.

Зопа багшийн анх Балбад 1975 онд байгуулсан Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв нь эдүгээ дэлхийн 40 шахам оронд 163 төв салбарлан байгуулагдаж ажиллаж байна. Энэхүү төв нь Буддын ном сургаалийг хөрвүүлэн хэвлэж үнэгүй тарааж, орон гэргүй ядуу хүмүүст хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үзүүлдэг юм.

Монголд Их Хөлгөний төвийн захирлаар ажиллаж байсан Швейцарийн иргэн Ули Миндер ч гэсэн өдий хүртэл монголчуудад буян үйлдсээр байна. Энэ өрнөдийн хүн мөн л Зопа багшийн итгэлт шавь болж монголчуудад тусалсаар 20 гаруй жил болжээ. Ули Миндер нэгэн удаа монголчуудад 45 000 ам долларын тусламж үзүүлж байжээ. Өрнөдийн хүмүүс ийнхүү буддын шашинд чин сэтгэлээсээ орж буян үйлдэж бурханы сургаалд шамдаж байхад орчин үеийн монголчууд бид нэг юм бодох цаг болсон юм биш үү.

Next Post

Discussion about this post