Эдийн засаг ч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Засгийн газар сүүлийн үед зоригтой шийдвэрүүд гаргаж байгаа. Өмнө нь том төслүүд гацаж, хариуцах эзэнгүй тэгсхийгээд мартагддаг байсан. Алдагдсан боломжийг нөхөх тухай асуудлыг хөндөж тавьж байна. Өмнө нь олон төслүүд гацаж байсан. Засгийн газрын энэ бодлогыг эдийн засагч хүний хувьд яаж харж байгааг тань сонирхмоор байна?
-Арав гаруй жилийн турш алдагдсан боломжийн тухай ярьж байгаа хүний хувьд хэлэхэд, сүүлийн үед Засгийн газрын зүгээс том төслүүдийг хөдөлгөх, гацаа үүсгэдэг байдлыг цэгцлэх асуудлыг хөндөж тавьж байгааг зөв гэж харж байна. Миний хувьд нам бус учраас нам, бүлэглэлээр талцаж улс орны хөгжлийг гацаах явдлыг олон жилийн турш дургүйцэж харж ирсэн. Ер нь бид нэг л улс, нэг л үндэстэн учраас одоо үндэстний эрх ашиг, улс орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж хувийн эрх ашиг, бизнесийн эрх ашгийг хойш тавих цаг болжээ. Эдийн засагчдын хувьд алдагдсан боломж нь маш чухал ойлголт. Өнөөдөр хөдөлгөөгүй төсөл, гацаасан хөгжил нь ирээдүйд үр хүүхдүүдэд маань том цохилт болж орж ирдэг. Энэ хооронд дэлхий ямар өндөр хурдаар хөгжив гэдэг асуудлыг бид хэмжиж үзэх хэрэгтэй. Өнөөдрийн бидний олох 100 сая ам.доллар маань боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт болж очвол ирээдүйд Монгол Улсыг авч явах хүүхдүүдийн маань хөрөнгө болж үлдэх юм шүү дээ. Төрийн зүгээс том төсөл зарладаг, лиценз гэрээ баталдаг, гэтэл хэсэг хүмүүс үүнийг зогсоох маягаар цаашид явж болохгүй гэж бодож байна. Төр өөрөө бодлогоо шинжлэх ухаан, эдийн засгийн ухааны судалгаанд үндэслэн гаргаж, энэ бодлогыг нь бид улсааараа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.
Сингапур улс л гэхэд сүүлийн дөрвөн жил д дотоодын нийт бүтээгдэхүүнээ нугалсан байх жишээтэй. Бид харин бараг л 20 жил аравхан тэрбум долларын эдийн засагтаа эргэлдсээр байна. Энэ бол маш харамсалтай тоо юм.
-Өнгөрсөн хугацаанд том төслүүд зогссоноор бид ямар боломжуудыг алдав?
-Манай улсад хэрэгтэй том, жижиг олон төслүүд байдаг. Боловсролын реформоос эхлүүлээд уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний маш олон төслийг бид хөдөлгөж чадахгүй цаг алдаж байна. Олон улсын зах зээл дээр нүүрс, зэс, алтны ханш байнга хэлбэлзэж байдаг. Гэтэл бид цаг сайхан байх үед төмөр замаа хурдан бариад долларын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Ганцхан жишээ хэлэхэд, өнөөдөр Оюу толгой төсөл гадаадаас эрчим хүчээ импортолж авч байна. Тун удалгүй энэ импортын хэмжээ 200 сая ам.доллараар хэмжигдэнэ. Бид ийм хэмжээний доллар олох гэж яаж зовдог билээ дээ. Гэтэл одоо болтол Таван толгойн цахилгаан станц баригдаж эхлээ ч үгүй сууж байна гэдэг бол маш олон алдагдсан боломжийн нэг л жишээ юм. Энэ хооронд нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдгээ олон улсын санхүүгийн байгууллагууд, хамгийн сүүлд Хятад улс зарлачихлаа. Одоо бид яаж энэ төслөө барих вэ гэж толгойгоо маажиж болохгүй шүү дээ.
-Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хоёр өдрийн айлчлал хийгээд буцлаа. Түүний айлчлал манай эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ? .
-Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг сайн болсон гэж эдийн засагчид дүгнэж, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн байна лээ. Миний хувьд одоо бодитой үр дүн гаргах дээр эрвийх дэрвийхээрээ ажиллах хэрэгтэй. Айлчлал болоод санамж бичиг зурагдах нь сайн. Гол нь үүний ардаас ажил явж, төсөл хэрэгжиж, мөнгө орж ирэх хэрэгтэй. Бид пиар, маркетинг талд анхаарал хандуулах биш, харин одоо бүгд хамжаад улс орондоо мөнгө оруулж ирэх, гарын салаагаар урсаж байгаа зардлыг хэмнэх тал дээр дорвитой ажиллах цаг болжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд буюу 1980 оноос хойш Хятад улсын эдийн засаг дэлхийн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүллээ. Хятадын энэ өндөр өсөлтөөс олон улс орон үр ашиг хүртэж, энэ өсөлтийн нөлөөг өөрийн эдийн засагт ашигтайгаар эргүүлж чадсан. Харин миний хувьд манай улс энэ тал дээр дотроо маргалдаж, элдэв гацаа саад үүсгэсээр магадгүй бараг хамгийн бага үр нөлөөг авсан байх гэж боддог. Хятадын энэ өндөр өсөлт дахиад хэр удаан үргэлжлэх вэ, хэзээ нэгэн өдөр өсөлт зогслоо гэхэд бид юу экспортолж зарах вэ. Ийм асуултууд хариултаа хүлээж байна.
-Айлчлалын хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг тохирсон байна лээ. Том зургаараа эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Мэдээж эрчим хүчнээс хараат бус болох, үүн дээр мөнгө хэмнэх асуудал бол бүгдэд ойлгомжтой зүйл. Төмөр замаа холбох замаар нүүрсний экспортоо нэмэгдүүлж, найдвартай орлогын эх үүсвэртэй болох нь чухал. Монголбанкны валютын нөөц багасч байгаа мэдээг эдийн засагч бид түгшин харж байдаг. Доллар оруулж ирэх гол суваг бол нүүрс, алт, төмрийн хүдэр, зэс. Эдгээр металиудаас алт бол хил үл хамааран шууд онгоцоор тээвэрлэж болдог ганц таваар. Алтны хайгуул, олборлолтод онцгой анхаарал хандуулах ёстой. Нэг орд олохоор л тэрийг гацаадаг, зогсоодог байж болохгүй. Мэдээж байгаль орчныг нэгдүгээрт тавих ёстой. Байгаль орчны стандарт шаардлага хангасан төслийг л дэмжих нь чухал. Харин нэгэнт ийм шалгуураа хангасан төслийг хаа нэгтээ гацаадаг, төрийн байгууллагууд хүнд суртал гаргадаг байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Нүүрсний экспортын хувьд нүүрс бүр өөрийн гэсэн химийн онцлогтой. Худалдан авагч тал энэ нүүрсний химийн найрлагад тохируулж өөрийн технологийг өөрчилж байдаг. Гэтэл манай талаас нүүрсээ тогтвортой, найдвартай нийлүүлж чадахгүй байдлаас болж нүүрс маань хямдаар үнэлэгдэх тохиолдол байдаг. Олон улсын худалдаа гэдэг өөрөө энгийн стандарт, найвартай нийлүүлэлт дээр суурилдаг. Төмөр замын холболтыг яаралтай хийж, бид найдвартай, тогтмол нийлүүлэлтийг бий болгож чадвал худалдан авах эрэлт хангалттай байна гэж харж байна.
-Мөн өнгөрсөн өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хийсэн айлчлалаар олон жил гацаанд байсан Эгийн голын УЦС-ыг хөдөлгөхөөр болж байна. Манай улсын шүдний өвчин болсон эрчим хүчний салбарт ямар ач холбогдолтой төсөл вэ?
-Өнөөдөр улс маань олон улсын анхааралд орж ирлээ. Олон том димпломатчид айлчлал хийж байна. Энэ боломжийг бид ашиглаж ард түмэндээ хэрэгтэй ухаалаг нүүдэл хийх нь чухал. Одоогийн Засгийн газарт том хүнд үүрэг, мөн маш их хувь заяа ногдож байна. Түүхэнд үлдэх, түүхэн гавьяа байгуулах энэ боломжийг битгий алдаасай. Наашаа гэж харж, хандаж ирж байгаа бүх хүмүүстэй бид дээд зэрэглэлийн дипломат ёс суртахуун хүрээнд харьцаж, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ашигтай хэлцэл, гэрээ байгуулах нь чухал. Ямар нэг санамж бичиг, хоосон яриа одоо сонин биш. Бодитой гэрээ хэлцэл хийхэд бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа.
-Ерөнхий сайд гадаад бодлогын ухаалаг нүүдэл хийж байна. Нүүрсний тээврээ шийдчихлээ . Хятадтай эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхээр боллоо. Эрчим хүчний асуудлаа шийдэхээр бодитой ажлууд хийгээд эхэллээ. Ийм байхад гадны хөрөнгө оруулагчид Монголыг арай өөрөөр харна биз дээ?
-Харамсалтай нь нэр хугарахаар яс хугарч гэгчээр манай нэр хүнд төдийлөн сайн биш байна. 2012 онд дэлхийн хамгийн хүсэмжит чиглэлүүдийн нэгээр тодорч байсан нь саяхан мэт санагдаж байна. Гэхдээ бидний зүгээс олон алдаа гаргасан. Хөрөнгө оруулагчдыг үргээх олон үйл явдлууд болсон. Одоо энэ тааруухан нэр хүндийг сэргээхэд маш их хичээл чармайлт, ухаалаг ажлууд хийх хэрэгтэй. Тийм учраас одоогийн Засгийн газарт хүнд үүрэг ногдож байгаа гэж би хэлсэн юм. Алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет хэлсэн байдаг, 20 жил босгосон нэр хүндийг унагаахад таван минут л хангалттай гэж. Бид яг энэ байдлаар явсан гэж санагддаг. Монгол хүн, Монгол Улсын нэр хүндийг дахиад олон улсын хөрөнгө оруулагчдын радарын дэлгэцэнд оруулж ирэхийн тулд маш ухаалаг, нягт төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй байна.
-Өнөөдөр манай эдийн засаг хүнд байгааг төр засгийнхан гадны хүчин зүйлтэй холбодог. Сангийн сайд Б.Жавхлан дефолт зарлахгүй гэж мэдэгдсэн. Гэтэл Орос Украины дайн хурцадмал хэвээр байна. Дээрээс нь Хятад Тайванийн асуудал нэмэгдлээ. Гадаад нөхцөл байдал Монголын эдийн засагт цаашид яаж нөлөөлөх бол?
-Дээр хэлсэнчлэн манайх таваарын экспортоос хамаардаг улс. Тэгэхээр тээврийн асуудлаа шийдэхэд л болно. Эерэг мэдээ гэвэл эдийн засаг маань жижиг учраас маш хурдан сэргэлт авдаг. Би хэд хэдэн эдийн засгийн хямрал, сэргэлт харлаа. Бүгд төстэй маягаар явагддаг учир Монголбанк, Сангийн яамны маань залуучууд хангалттай туршлагатай болсон. Одоо энэ мэргэжилтнүүдээ сайн сонсож, шинжлэх ухаанч, практик хосолсон ухаалаг стратеги гаргаж ажиллах хэрэгтэй. Дефолт зарлах тухай яриа бол мэдээж хэрхэвч байж болохгүй. Чили, Аргентин гээд олон харамсалтай жишээ байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын ой санамж маш урт. Нэг дефолт зарлавал дахиад хэзээ ч нэр хүндээ сэргээж чадахгүй байдалд хүрнэ. Эв нэгдэл чухал байна. Эв нэгдэлтэй байхын тулд хувийн эрх ашгаа түр зуур мартаж улс орноо бодохыг л уриалмаар байна.
Discussion about this post