УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлж байна. Бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл өгч байна. Д.Ганбат: Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар бүлгийн дүрмээ батлав. Манай нам сүүлийн хоёр жилийн турш гадна дотнын нөлөөгөөр маргаантай байв. Бид намын дүрмээ гуравдугаар сард бүртгүүлсэн. АН-ын бүлэгт анх 11 гишүүн байв. Зарим гишүүн бүлгийн хуралдаа суухгүй байна. Бид хэнийг ч албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй. Уг нь хууль биелүүлнэ гэж тангараг өргөсөн ч ажлаа хийхгүй байна. Хэн ажлаа хийгээгүй нь шийтгүүлдэг хуультай. АН хэзээ ч олонх болж байгаагүй. Бид социализмын 70 жилийн турш төрийн оролцоотой эдийн засагтай байж ирсэн. Энэ хугацаанд төр эдийн засгийг удирдсанаар юу болдгийг харсан. Гэтэл одоо төр эргээд эдийн засагт идэвхтэй оролцох боллоо. АН засаг барих хугацаандаа хувийн хэвшлийг үргэлж дэмжсээр ирсэн. Даахгүй нохой булуу хураана гэгчээр төр олон компанийг өөртөө нэгтгэж байгаа нь буруу. Манай улсад бүх зүйл хоёр хуваагджээ. Наадмаа цар тахлын улмаас тэмдэглээгүй тул энэ зун наадмаа маргаангүй, зөв зохион байгуулах нь чухал. Баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт манай намын гишүүд багтсан. Өнөөдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийх юм байна. Тэдний үгийг сонсох ёстой. С.Одонтуяа: Эдийн засагт уул уурхайн компаниуд маш чухал үүрэг гүйцэтгэх болсон. Тэр дундаа Эрдэнэт, ЭТТ ХК гэсэн төрийн мэдлийн, хоёрхон ААН нуруундаа ихээхэн ачаа үүрч байна. Энэ хоёр компанийн захирлууд сард 10-20 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Ер нь бид эдийн засгийн бүтцээ эргэж харах цаг болсон.