Ням гарагт Украины нийслэл Киев хот Оросын пуужингийн цохилтод өртжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам энэ цохилтоороо Европын орнуудаас Украинд нийлүүлсэн танкуудыг устгасан гэж мэдээлж байна. Харин Украины тал Киев дэх галт тэрэгний засварын үйлдвэр цохилтын бай болсныг мэдээлжээ. Энэхүү халдлагын дараахан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төв телевизийн сувагтаа ярилцлага өгсөн байна. Тэрбээр, “Зэвсэг нийлүүлсээр байгаа нь мөргөлдөөнийг аль болох сунжруулах гэсэн ганцхан зорилготой гэж би харж байна. Хэрвээ тэд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлсээр байх юм бол бид хараахан довтлоогүй байгаа шинэ байнуудад цохилт өгөх болно. Бидэнд зэвсэг хангалттай бий” гэжээ.
ОХУ Украин руу дайн зарласнаас хойш Украины парламентын Хүний эрхийн комиссоос мэдээлснээр, 38 мянган орон сууцны барилга үгүй болж, 220 мянга орчим хүн орон гэргүй болжээ. Нийт 1900 орчим цэцэрлэг, сургууль эвдэрч сүйдсэнээс 180 нь дахин хэзээ ч сэргээн босгох боломжгүй болсон байна. Дэд бүтцийн алдагдлын хувьд 300 галт тэрэг, 50 гүүр, 500 үйлдвэр, 500 эмнэлэг сүйрчээ.
Discussion about this post