Зургаадугаар сарын 2-ны өдөр SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй онлайнаар уулзалт хийжээ.
Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, энэхүү ажлыг эхлүүлэхэд МУ-ын зүгээс юу хэрэгтэй байгаа талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ярилцлаа.
Старлинк компанийн зүгээс хэлэхдээ Монгол Улсын хувьд газар нутаг томтой орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай байгаагаа хэллээ. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт гаргаж өгөх шаардлагатай байгаагаа онцоллоо. Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад ойролцоогоор 6 сарын хугацаа шаардагдана гэж хэллээ.
ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтой байгааг манай талын зүгээс хэллээ.
Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болов.
Discussion about this post