Хүн амын 60-аас илүү хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг манай хотын хувьд ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл бол гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил. Манай улсын хувьд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Тус хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ. Энэ нь жилд дунджаар 1500 айл орон сууцтай болж байсан гэсэн үг. Тэгвэл энэ жилээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэн, 4500-6000 айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.
Аль ч улсын, ямар ч хотын тэргүүн эгнээнд анхаарал хандуулах асуудлын нэг бол орон сууцны бодлого. Учир нь орон сууцны бодлогоор дамжуулан тухайн хотын хөгжлийг тодорхойлж болдог. Тухайлбал, орон сууцны бодлогыг чухалчилсан хотуудад төвлөрөл саарч, түгжрэл буурч, ядуурал багассан гэх мэт олон сайн талууд гарсан байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020-2025 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэйгээр эрчимжүүлэхээр зориод байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Улсын нийслэл Улаанбаатар хот бол орон сууцны бодлогыг өргөн хүрээнд авч үзэж байгаа. Өмнөх нийгмийн үед хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд нэг хүнд ногдох ногоон байгууламж, цахилгаан, дулаан гээд бүх стандартаа барьж явж байсан. Ерээд оноос хойш, энэхүү бодлого алдагдаж, төвлөрөл бодитоор бий болж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотын хүн амын даац гурав дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрээд байна. Хүн амын ердийн өсөлт 35 мянга, механик өсөлт 40 мянга, хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж байна. Тэр хэрээр хотын даац нэмэгдэж байгаа.
Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлж, хүн амын нягтаршил суурьшлыг зөв төлөвлөж, түгжрэлийг бууруулах чиглэлд зорьж байгаа. Олон төвт хот болгохын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Улиастай, Шар хад гэхчлэн дэд төвүүд рүү хотоо задалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагуудаа дагасан байдлаар хөгжүүлэх бодлогыг боловсруулаад байна. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулдаг, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Энэ бол нийгмийн судалгаанаас харагдаж буй үзүүлэлт. Тэгэхээр Хотын даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх нэг гол ажил бол орон сууцны бодлого. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон сууцны бодлого гол байр суурь эзэлж байгаа гэсэн юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны барилгын ажлыг хэлүүлэхэд хамгийн чухал амин судас нь дэд бүтэц. Өнгөрсөн хугацаанд төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас үүдэлтэйгээр гэр хорооллын бүс рүү дэд бүтцийг хангалттай хэмжээнд татаж чадаагүй нь төслийн ажил удаашрах шалтгаан болсон гэж болох юм. Тэгвэл энэ жилээс эхлэн гэр хорооллын дэд бүтцийг өргөтгөхөд жилд 30 тэрбум орчим төгрөгийг суулгаснаар гэр хорооллыг орон сууцжуулж буй аж ахуйн нэгжүүдэд том боломж болж, төслийг хэрэгжүүлэх хугацаа богиносох давуу талтай. Мөн нийслэл хотод зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь дэд төвөө түшиглэн, орон сууцны барилгын ажлаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох юм.
Б.СҮХБААТАР: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН 80-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэдэн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна вэ. Үүнээс хамгийн том талбарыг онцолбол хаана вэ?
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 43 байршил эзэнтэй болчихсон, ямар нэгэн байдлаар ажил нь эхлээд байна. Хамгийн сүүлд шалгарсан байгууллагууд иргэдтэйгээ гурван талт гэрээ байгуулахаар айл айлын хаалга тогшоод явж буй бол зарим нь эхнээсээ барилгаа барьчихаад хүлээлгэн өгч байх жишээтэй. Нэмээд таван байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар тендер зарлаад байна. Нийтдээ 48 талбар гэсэн үг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе үеийн Засаг дарга нар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байсан. Тэр бүхэн алдаа оноотойгоо бидэнд ирсэн. Бид алдааг давтахгүй зөв явахаар зорьж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршил сонгож байгаад судалгаа хийж үзлээ. Дүүрэг бүрд гэр хорооллын иргэдийн 80-аас дээш хувь нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл, орон сууцны дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй 220 мянган өрхийн 120 мянгыг нь л дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамруулахаар байгаа. Үлдсэн 100 мянгад инженерийн шугам сүлжээ хүрэхгүй. Энэхүү инженерийн шугам сүлжээ хүрэх 120 мянган айлыг орон сууцжуулахын тулд дэд бүтцийг нь татах ажлыг нийслэлээс зохион байгуулах юм. Бид гарах шийдвэрээрээ дэмжиж, дэд бүтэц, борлуулалтын дэмжлэг үзүүлж, дахин төлөвлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлнэ. Инженерийн шугам сүлжээ хүрэхээргүй газруудад “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт” хийж, хашаандаа сайхан амьдрах боломж олгож, шинэчлэн зохион байгуулалт хийх юм. Газрын үнэ цэнийг өсгөх хэлбэрээр төсөл хөтөлбөр зохион байгуулна.
Discussion about this post