Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани I улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, “Хармагтай” зэс алтны төслийн дараагийн шатыг эхлүүлэхэд бэлэн болсноо зарлав. Тус компани “Хармагтай” ордын нөөцийн үнэлгээг өнгөрсөн онд шинэчлэн тогтоож, оны эхний улиралд хараат бус техникийн тайланг хийж дуусгажээ. Ингэснээр энэ оны II улирлаас төслийн урьдчилсан байдлаарх ТЭЗҮ-ийг боловсруулахаар болсон байна.
2018-2021 онд “Xanadu Mines” компани 69 мянга 479 метрийн 120 цооногт алмазан өрөмдлөг хийсэн аж. Үүний үр дүнд шинэчилсэн нөөцийн тооцооллоор 0.3 хувийн зэсийн агуулгатай, тонн тутам 0.2 грамм алтны агуулга бүхий 664 сая тонн боломжит нөөцтэй гэж гарчээ. Уурхай ашиглалтад орсноор нийт 760 сая тонн хүдэр боловсруулж, 1.5 сая тонн зэс, 3.3 сая унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолсон байна.
Эхний таван жилдээ жилд дунджаар 37 мянган тонн зэс, 110 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Уурхайн хөгжүүлэлт, дэд бүтцэд 690 сая ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.
Тус компани БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй “Хармагтай” төсөлд хамтран ажиллах стратегийн түншлэл байгуулаад байгаа юм.
“Zijin Mining Group” компани “Хармагтай” төсөлд 35 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийхээр болсноо мэдэгдээд байна.
Discussion about this post