Амьд явахад үхэхээс бусдыг үзлээ… гэдэг билүү? Үхээд сэхсэн ч үзэж чадахааргүй тийм алиа марзан зүйл бас амьд явахад тохиолддог л юм байна. Тэр марзагнал нь төрийн түвшинд очихоороо бүр ямар гээч…
Өчигдөр шөнө дөлөөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай” УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад төсөл өргөн барьжээ. Цаадах нь “жаа” гэж тосч аваад, “май” гээд дэлгэчихсэн. Оройн 20 цаг 30 минутад УИХ-ын албан ёсны сайтад тавигдсан энэ мэдээллийг нүдээр хараагүй хүн бол итгэж чадахгүй, инээдээ бараад элэг нь хөшөөд ойчих байсан биз.
Учир юу гэвэл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал дэлгэгдсэнээс хойш хоёр сарын дараа буюу өнгөрөгч сарын 23-нд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авах тухай Засгийн газрын 124-р тогтоол гарсан. Тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын (ТӨХБЗГ) дарга Б.Цэнгэл цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайчлан очиж, “Цемент шохой” ХК-ийн оффисыг эзлэн авсан. Одоо ТӨБЗГ-аас томилсон шинэ захирал компанийг удирдаж байгаа.
Харамсалтай нь, хувийн өмчийг төрд хураан авах тухай Засгийн газрын тогтоол аль нэг шүүхийн шийдвэр, эсвэл хуулийн ямар нэг заалт ч биш, ердөө нэг АТГ-ын мөрдөгчийн бичсэн тэмдэглэлд үндэслэсэн байдаг юм.
Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу 2022 оны 03 дугаар сарын 22-нд АТГ-ын нэг “цоорсон” мөрдөгч “Хөтөлийн цемент шохой” ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ Бейзмент ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1 дэх хэсэгт заасан хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл байгааг шалгаж тогтоосон” тухай тэмдэглэл бичжээ. Энэ тэмдэглэлд үндэслэж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авсан байна.
Мөрдөгчийн тэмдэглэлийг прокурор хянаагүй, хууль зөрчигдсөн болон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар шүүхийн шийдвэр ч гараагүй. Энэ бол ердөө ч гүтгэлэг биш, Ц.Нямдорж сайд өөрөө өнгөрсөн шөнө өргөн барьсан төслийн танилцуулгадаа ингэж бичсэн байгаа. “Зүүдээ ярих гээд хулгайгаа” гэдэг билүү?
Анх ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл төрийн өмчид буцааж авах болсон шалтгаанаа танилцуулахдаа “Хөгжлийн банктай, өр зээлтэй холбоогүй юм шүү. Өв залгамжлагч байхгүй учраас эзэнгүй өмчийг төрд буцаан авч байна” гэж мэдээлсэн. Өв залгамжлагч нь гарч ирээд заргалдаад эхлэхэрээр “за тэгвэл хувьчлалыг чинь эргэж харъя” гэж байна л даа.
Анхнаасаа энэ ажиллагаа хуудуутай болчихлоо гэдгийг гадарласан учраас ч тэр үү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тухайн үед “Цемент шохой” ХК-ийг төрд шилжүүлэн авах ажлыг хууль эрх зүйд нийцүүлэн зохион байгуулах үүргийг доод хүмүүстээ даалгасан байдаг юм. Тэр нь очиж очиж Ц.Нямдорж шүү. Хууль жаахан гадарладаг хүн байсан бол 2015 онд батлаад, хэрэгжээд дуусчихсан УИХ-ын тогтоолыг өнөөдөр өөрчлөх тухай биш, ядаж л “алдагдалтай болсон байна аа” гэж гөрдөөд хүчингүй болгох, хохирол нэхэмжлэх тухай ярих ёстой биз дээ. Гэтэл бодож бодож олсон гарц нь энэ үү?
Нэмж хэлэхэд, 2015 онд “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн өмчийн 11 сая хувьцааг арилжааны банкууд болон харилцагч нартаа тавьсан өр, төлбөрийн хамт 41 тэрбум төгрөгөөр худалдаж авсан “Хөтөл” ХХК (хуучнаар “Бэйзмент” ХХК) нь хувьчлал явагдсанаас хойш үйлдвэрт 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хуурай аргаар боловсруулах үйлдвэр барьсан, технологийн шинэчлэл хийсэн, Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн гэж байна. Тэгвэл энэ үнэнийг УИХ-ын ямар тогтоолоор яаж өөрчлөх вэ? 41 тэрбумаар үнэлсэн үйлдвэрээ 200 сая доллар, одоогийн ханшаар 600 тэрбум төгрөг (ажилчдын цалин, хотын иргэдийг дулаанаар хангаж ирсэн энэ тэрийг ярихаа болъё) болгож өсгөөд хуульгүй дээрэмдэх нь төрийн ёс уу? Адгийн нэг муу АТГ-ын мөрдөгч хүртэл “Хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл байна” гээд аргыг нь зааж өгөөд байхад шүү дээ. Ядаж компани оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авч чадна.
Аль эртнээс “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг сайд нар нь нураана шүү” гэж мөн ч олон хүн хэлсэн дээ. “Залуу хүмүүст замыг нь тавиад өг өө” л гээд байсан. Одоо тэгээд хамгийн хөгшин, хамгийн зөнөгийнх нь хийж чадаж байгаа зүйл ердөө энэ үү?Инээдэмтэй, эмгэнэлтэй гэхээсээ илүү үзэшгүй муухай нь Ц.Нямдорж гэдэг хүнд Монголын хууль огтхон ч үйлчилдэггүй юм байна. Энэ хүн 30 жил ингэж амьдарсан байна.
“Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг энэ хэрэгтэй хамаатуулж цагдан хорьсны дараа Ц.Нямдорж сайд нэг яриа өгсөн байдаг юм. “Ер нь бол их аюултай сүлжээ дээ, олон ч оронд ийм зүйл гардаг л байсан. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон ийм тохиолдол их ховор доо” гэж. Манай Амараа (Либерти Д.Амарбаясгалан) энэ үгийг нь сонсоод ёстой “төмпөн төмпөнгөөр бөөлжмөөр” санагдсан гэсэн. Давтаад ч хэлмээр байна. Гучин жил төр барьсан намын хорин жил Хууль зүйн сайд байсан хүн ингэж ярьж болох уу?
Дээр нь нэмээд хэлчихэд, тавин жил хуулийн системд ажилласан, хорин жил Хууль зүйн сайд хийсэн хүн яаж зөнөглөлөө ч, яаж даврууллаа ч ингэж бүхэл бүтэн намаараа дарвиж болохгүй ээ, МАН дарга аа!!!
Б.ЗАЯА INEWS.MN
Discussion about this post