Ерөнхий сайд “нэгэн” хуулийн төсөл УИХ-д өргөн барьснаа мэдээлэх гээд нэлээд хэдэн тийш нь “зүү, жад” шидчихлээ. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нарын нүүрсний бизнестэй холбоотой далд бизнес, “Эрдэнэс Монгол”-ын охин компанитай холбоотой “мөнгө угаах” бизнесийн учгийн үзүүрээс атгаад авсан гэдгээ зарлав.
Хууль зөрчсөн эсэхээ ч үл мэдэн зориг, зорго хоёроороо “зэвсэглэсэн” залуу удирдагч Хөгжлийн банк, Хөтөл үйлдвэрийг хурааснаа бахдалтайгаар мэдэгдэхдээ “Хэн хэн ямар их цочиж байна аа” гэсэн нь цаанаа учиртай. Ерөнхий сайд “Хөтөлийг хураасан” тухайгаа ярихдаа Эрдэнэтийн 49 хувьтай холбож ярилаа.
Ингэхдээ “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал анх яригдаж байхад 470 орчим ам.долларын санхүүгийн схем гаргаад, хууль шүүхийн байгууллагын холбоотой хүмүүсийг зарлахад тийм ч амархан байгаагүй” гэсэн нь Хөтөл үйлдвэрийг талийгаач М.Бөх-Очирт “бэлэглэлийн гэрээгээр” шилжүүлэхээс өмнө эзэмшиж байсан гурван хүний нэг нь шүүгч Д.Мишиг юм. Харин “Тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга нь хүртэл 49-ийн хувийнхны талд байсан” гэдэг нь Б.Хурцыг хэлсэн болж таарч байна.
Ерөнхий сайд “ерөнхийдөө” зөв “оосроос” атгасан байх магадлалтай. Энэ талаар бяцхан тайлбар зүүе.
Б.Хурц яасан юм бэ?
Үүнийг одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайн мэддэг юм билээ. Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2017 оны аравдугаар сарын 26-нд буюу Б.Хурц ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа гэнэт зарласан хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талд тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа” гэж байв. Гэхдээ Ц.Нямдорж сайд В.И.Халановын талаар үүнээс цааш ярьдаггүй. Түүний Б.Хурцтай, ХХБ-тай хардаад байдаг В.И.Халанов тэр үед “Ростех”-ийн ерөнхийлөгч Сергей Чемезовын зөвлөхөөр ажиллах болсноор Эрдэнэт үйлдвэрт “савраа шургуулах” болсон гэдэг. Тагнуулын генералаараа, бизнес эрхэлдгээрээ Б.Хурцтай төстэй боловч ялгаатай нь түүний намтарт хувиараа бизнес эрхлэгч гэдгийг нуудаггүй. Түүнийг “КГБ-ын генерал учраас Б.Хурцтай нөхөрлөх болсон” гэхээс өөр сэжим бодит байдал дээр ч, Ц.Нямдорж гуайд ч ховор биз ээ.
“Хөтөл” Хөгжлийн банкийг тоносон уу, Хөгжлийн банк Хөтөлийг “дээрэмдсэн” үү?
Юуны өмнө талийгаачийн тухай ярих нь эмзэг асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэвч ээдрээг тайлахын тулд зөвхөн нэг талын мэдээлэл баримтлах аргагүйг ойлгоно биз ээ. Учир нь түүнийг үйлдвэрийн эзэн байх хэмжээний хувийн хөрөнгөгүй, сайн төсөлтэй байсныг аль аль талын эх сурвалжууд батлан хэлдэг. Тэгвэл ямар замаар түүний дангаар эзэмшиж байсан компанид Хөгжлийн банк их хэмжээний зээл олгов гэдэг асуудал урган гарч байна. Үнэхээр ч “Бейзмент” компаний хувьцаа эзэмшигч Г.Энхбаяр, Д.Мишиг, Р.Мөнхтуул нар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийнхаа бүх хувьцааг иргэн М.Бөх-Очирт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тодорхой учир шалтгаан заагаагүй ч сонирхоод үзвэл иргэн М.Бөх-Очир 2000 оноос хойш дээрх компанийг хүлээж авах хүртэлх хугацаанд “Мах Импекс”, ХХБ-ны зээлийн хөрөнгө оруулалттай “Бейзмент”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэгт ажиллаж байсан нь ХХБ-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэбилэгтэй холбож мэдээлэхэд хүргэсэн байж болох юм. Өөрөөр нарийн учир холбоос байхгүй л болов уу. Харин М.Бөх-Очирт уг компанийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээс өмнө болон цааш хөвөрсөн үйл явдлууд, тэдгээрийн цаг хугацааны дарааллаас харахад магадгүй М.Бөх-Очир “халхавч” байсан уу гэх таамаглалд хүргэж мэдэх юм. Тухайлбал, түүнд компанийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснээс 42 хоногийн дараа “Бейзмент” компани нэрээ сольж “Хөтөл” нэртэй болсон байдаг. “Хөтөл” нэртэй болсноос хойш гурван жилийн дараа М.Бөх-Очир нас барсан. “Хөтөл” болохоос өмнө буюу “Бейзмент” компанийн хувьцаа эзэмшигч Г.Энхбаяр, Д.Мишиг, Р.Мөнхтуул нарын үед юу болсныг сайн анхаарах хэрэгтэй!
Х.Баттулга ба ТӨХ-ны хувьчлалын хурд
2011 оны 1 дүгээр сарын 12-нд тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тендер зарлах Ажлын хэсэг байгуулсан. Ердөө маргааш нь “төрөөд хэдхэн цаг болсон” Ажлын хэсгийн дүгнэлт гарч Хятад, Хонконг, Герман, Унгар, Данийн компаниуд болон Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацитай өрсөлдсөн 3-хан настай үндэсний компани “Бейзмент” ялчихжээ. Ажлын хэсгийн дүгнэлт ингэж гарснаас хойш 4 хоногийн дараа 2011 оны 1 дүгээр сарын 17-нд Хөрөнгө оруулалтын гэрээ хийв. Сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар, Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-ийн захирал нар. Хөрөнгө оруулалтын гэрээ хийснээс хойш 1 жил 9 сарын дараа тэрхүү “нялхаараа” компанид Монгол Улсын Хөгжлийн банк 2012 оны 10 дугаар сараас эхлэн 2013, 2015 онуудад зээлийн гэрээг шинэчилсээр нийтдээ 61.2 сая ам.долларын зээл олгочихсон юм даа. Хүү нь: 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл жилийн 8.1 хувь, түүнээс хойш 2020 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэл 7.85 хувийн хүүтэй. Барьцаа нь: Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Бейзмент” ХХК бүтээгдэхүүний 90 хувийг өөрийн өртгөөр худалдаж авах онцгой эрх, зээлдэгчийн 200 мянган ширхэг хувьцаа, жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмжүүд, түүнийг засан сайжруулахаар оруулсан хөрөнгө оруулалтууд, Хөтөл компанийн Улаанбаатар банкин дахь төгрөгийн болон ам.долларын харилцах дансны бүх орлого оржээ. Мөн Зээлийн гэрээ байгуулах үед Хөгжлийн банкны тухай хууль нь УИХ-аас 2011 оны 2 дугаар сарын 10-нд батлагдсанаар хэрэгжиж байсан учраас энэ хуулийн 10.1.5-д заасан “Төсөл хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн хөрөнгөд тооцсон байх” гэж заасны дагуу дээрх хөрөнгүүдийг барьцаанд тооцжээ. Ийм нөхцөл байдалтайгаар Хөгжлийн банкны зээлдэгч болсон.
Хөгжлийн банкны өрөнд баригдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч тал буюу “Бейзмент” компанид худалдах гэрээ 2015 оны 10 дугаар сарын 14-нд хийгдэж хамгийн сонирхолтой нь гэж дээр дурдсанчлан тухайн үеийн “Бейзмент” компанийн хувьцаа эзэмшигч Г.Энхбаяр, Д.Мишиг, Р.Мөнхтуул нар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийнхаа бүх хувьцааг иргэн М.Бөх-Очирт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм даа. Үүний дараа Хөгжлийн банкин дахь “Бейзмент”-ийн зээлийн гэрээнд зээлийн гэрээ, нөхцөл өөрчлөгдсөн. Дээрх Худалдах, худалдан авах гэрээний дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад ХХБ-наас “Бейзмент”-ийн өрийг дарах “яруу уян ялдам хонгор ухаан” гарсан нь тэр ээ.
Ингэж М.Бөх-Очир өртэй компанийн захирал болж, одоо түүний хүү тус компанийн өвийг залгамжлах эрхээ нэхэж байна. Хуулиараа авах ёстой хэдий ч яагаад одоо гэж гэдгийг хардахгүй байхын учир ч дээрх цаг хугацааны хэлхээ, тухайн үеийн томчууд буюу сайд, дарга, шүүгч нартай нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй холбоосоор холбогдсоор яваа нь энэ биз ээ. Хөгжлийн банкны мөнгө ийм л замаар алга болжээ…
Discussion about this post