Саяхан гэнэт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир хэмээх залуу олны өмнө гарч сайтад зураг хөрөгтэйгөө ярилцлага өглөө. Хэвлэлийнхэнд нэр нь хэдийнэ танил болсон Э.Шижирийг зарим эх сурвалж “Эзэн” Эрдэнэбилэгийн хүү нь гэдэг. Гэхдээ далд амьдарч сурсан “эзэн” Эрдэнэбилэг энэ эгзэгтэй үед яавч олны өмнө ил гаргаж, “шидэхгүй” биз ээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага 2016 оны аравдугаар сарын 14-нд 2/294-16 тоот гэрээг шууд байгуулан ГОК-нд 136 тн-ын даацтай, өөрөө буулгагч “BELAZ” маркийн автомашиныг авсан байна. 2013 онд үйлдвэрлэгдэж, Монгол Улсад 2014 оны тавдугаар сард орж ирсэн, ашиглагдаж байсан энэ “BELAZ”-ыг уулын баяжуулах үйлдвэрт ХХБ-ны мэдэлд очоод удаж байгаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэр буюу “Кью-Эс-Си” компани 3 сая 304 мянга, 273 ам.доллараар буюу 8.2 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн байх юм.
Түүх сөхвөл, “Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир гэгч нь “Эрдэнэт”-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарт “130 тоннын даацтай дөрвөн ширхэг белаз машиныг тус бүрийг нь 1.817.350 сая ам.доллараар буюу нийт 7 сая 729 мянга 400 ам.доллараар нийлүүлэх санал хүргүүлсэн тухай баримт 2016 онд цахим ертөнцөд үзэгдэж байсан. Гэтэл тэрхүү албан бичиг биелэлээ олж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн “BELAZ”-аа 8.2 тэрбумаар “Эрдэнэт”-д шахаж амжсан аж.
ХХБ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан Монголын зэс компаниуд нэг эзэнтэй гэдэг нь нийтэд тодорхой болсон. Ийн тэд өөр хоорондоо шууд гэрээ байгуулан наймаа хийсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийнхээ хүсэлт, шахаасыг ингэж биелүүлсэн байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн хувийг худалдан авсан ХХБ-наас 49 хувиа эргүүлэн авч, тэдний үйлдвэрт тогтоосон эрх мэдлийг сааруулахаар УИХ, Засгийн газар хагас жил тойрон хэрэлдсээр төрд буцаан авсан юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан талууд ГОК хэмээх том агуулахын хөрөнгийг дур мэдэн тарааж байсан баримтаас энд өгүүлье.
2016 онд “Эрдэнэт” үйлдвэр Хангамжийн хэлтсээрээ дамжуулан бараа, түүхий эд материал, түлш шатахуун, ажил, үйлчилгээ худалдан авахаар дотоодын 306, гадаадын 79 ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулжээ. Мөн их барилгын чиглэлээр 80, нийтдээ 846 гэрээ байгуулж, зөвхөн барилгын чиглэлийн компаниудын гэрээний урьдчилгаа төлбөрт 3 тэрбум 354 сая, 947 мянга, 913 төгрөгийн төлбөр олгосон байна.
Зөвхөн их барилгын чиглэлээр хийсэн 80 компанийн гэрээний нийт төсөв нь 15 тэрбум, 576 сая, 532 мянга, 887 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна зөвлөлийн болон хянан шалгах ажлын хэсгийн зардалд 659.5 сая төгрөг, хууль зүйн үйлчилгээний зардалд 5.999.6 сая төгрөг, алданги хүү торгуулийн зардалд 122.9 сая төгрөг, соёл урлагийн арга хэмжээ, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэгтэй хамтран ажиллах зардалд 2.572.2 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. Эдгээр мөнгөн дүн “Эрдэнэт” хэмээх авдарнаас дөнгөж цухуйх хэсэг нь юм. Үүн дээр бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ, бэлэг дурсгал, хүлээн авалт, нийгмийн халамж, акталсан хөрөнгийн хэмжээ болон өөр бусад олон тооны зардлыг нэмнэ гэвэл тоонд дөмөгхөн хүн ч сандрахаар…
Сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага компаниудтай хийсэн гэрээнийхээ урьдчилгааг яаралтай шилжүүлжээ
Дээрх гэрээний ихэнх нь тендерийн баримтын бүрдэл муутай, зүгээр л Ерөнхий захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, ерөнхий инженер болон санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлуудын цохолт гарын үсгээр олгогдсон гэрээнүүд байсан аж. Ерөөс тус компани 2016 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нэгдсэн төлөвлөгөө батлаагүй, үүнийгээ олон нийтэд мэдээлээгүй юм байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнийг дагалддаг “Босго үнэ батлах тухай журам” дээрх гэрээнүүдэд үйлчилээгүй. Бүх асуудлыг Ерөнхий захирал Л.Даваацэрэн шийдэж байсан бөгөөд тэрбээр өөрөө тушаал гарган Сангийн сайдын 2012 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-аас давсан эрх мэдэлтэй өөр нэгэн журмыг зохиож, асуудлыг дур зоргоороо шийдчихдэг байсан талаар эх сурвалж хэлэв.
Нэмж хэлэхэд, ОХУ-ын тал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиа “Монголын зэс” компанид зарсан 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 27-нд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “Танан трейд”, “Ди Ти и Эм Строй”, “Жи Стар Констракшн”, “Хөх тэнгэрийн сум” зэрэг 12 компанитай 7 тэрбум, 274 сая, 245 мянга, 352 төгрөгийн гэрээ хийж, 2.4 тэрбумыг нь урьдчилгаа болгон яаралтай шилжүүлсэн байна.
Эрдэнэтийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ГОК-ын хөрөнгөөр “Lexus-570”, “Land-200” автомашин авахуулсан байна
УИХ, Засгийн газар хоёр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” компани болон ХХБ-тай ид маргаан өрнүүлж байсан 2016 оны наймдугаар сарын 18-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Л.Даваацэрэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нараас нэгэн албан бичиг очсон байна. Тэд ГОК-оос албан хэрэгцээндээ Lexus-570, Land-200 маркийн хоёр автомашин шийдэж өгөхийг “шаардсан” байх юм. Дарга нар хөрөнгийг хоорондын төлбөр тооцоогоор барагдуулна гэжээ.
Уулын баяжуулах үйлдвэр болон орон нутгийн удирдлагуудын хооронд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамтран ажиллах боломж нээлттэй. Гэхдээ энэ үеэр шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат төрийн албаны зардлыг багасгана хэмээн мэдэгдэж, том, жижиг тушаалын дарга нартаа албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авахгүй байхыг зөвлөж, захирамжаа гаргачихсан байсан. Ийм үеэр Эрдэнэт хотын шинэ дарга П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёр Ерөнхий сайдынхаа захирамжаа юман чинээ тоолгүй, ГОК-ын захирал Л.Даваацэрэнг шаналгаж суусан аж.
Эрдэнэт хотод дөнгөж засаглалаа тогтоосон П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёрын хүсэлт, тулгалт алин болохыг үл ялгах албан бичгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүлээж аваад тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар луу шилжүүлчихэж. Үр дүнд нь тэд шинэ машинтай болцгоосон ба үүнийг нь “Таван богд” ХКК нийлүүлсэн байна.
Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 9-нд 185 сая төгрөгийн нэг ширхэг нэхэмжлэлийн баримтаар Б.Шинэбаатар, ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат нар Худалдаа хөгжлийн банкин дахь “Таван богд” ХХК-ийн дансанд хоёр машины үнэ 370 сая төгрөгийг шилжүүлжээ.
Discussion about this post