Монголчууд маань Украйн улс, Бандерагийн тухай ямар ч ойлголт алга. Зарим монголчууд “Орос улс Украйнд дайн хийх нь зөв, бендер,бандарчуудыг алаад өг, нацистуудыг алаад өг” гэх мэтээр буруу зөрүү ярих юм. Украйны Харьков хотын нэрийг Харькоов гээд л буруу дуудах юм. Ийм учир Бандера гэгч хэн бэ гэдгийг жаахан өгүүлье.
Украйны улс төрийн зүтгэлтэн, Украйны үндэсний хөдөлгөөний удирдагч Степан Бандера 1909 онд католик шашинтны санваартны хүү болон төрсөн. 3 эрэгтэй дүү, 3 эмэгтэй дүүтэй байсан. Степан хүүхэд байхаасаа эхэлж гуравдугаар ангид 11 настайдаа үндэсний үзэлтнүүдийн нууц байгууллагад элсэн орж байсан. Хүүхэд байхдаа цагдаад баригдвал өөрийгөө наана нь хатуужуулна гээд гараа зүүгээр хатгаж өөрийгөө алгаддаг байжээ. Тэр Львов хотын Политехникийн дээд сургуульд 6 жил сурчээ. 1934 онд тэрбээр Украйныг эзэлсэн Польшийн эсрэг хөдөлгөөнд оролцож Польшийн цагдаад баригдаж шоронд орж цаазаар авахуулах ял авч байжээ. Гэвч алах ялыг бүх насаар нь хорих ял болгожээ. Польшийн шоронд 1939 он хүртэл байжээ. 1939 онд Польшийн шоронгоос гарсан. 1939 онд Герман улс, Зөвлөлт улс хоёр Польшийн хоёр талаас нь зэрэг довтлов. 1940 оны 12 дугаар сард Зөвлөлтийн НКВД украйны үндэсний үзэлтнүүдийн эсрэг ажиллагаа явуулан 1000 шахам бандерчуудыг баривчилж, ихэнхийг нь цаазлан буудан алжээ.
Бандера 1941 онд Зөвлөлтийн улаантнуудын эсрэг зэвсэгт бослого гаргаж 10 000 гаруй бандерчууд 2100 улаантан большевикуудыг хөнөөв. Герман Зөвлөлт руу 1941 оны 6-р сард довтлов. Германы гестапо Бандераг 1941 онд Краковт баривчилж германы хорих лагерт хорив. Германчууд түүний 3 эрэгтэй дүүг баривчилж Освенцемийн хорих лагерт хорьж хөнөөсөн аж.
Германы СС-ийн генерал Бергер Бандераг байцааж түүний талаар “Энэ Бандера гэгч их эвгүй, зөрүүд, өөрийн үндэсний үзэлдээ үнэнч, оросуудыг ч үзэн яддаг, немцүүдийг ч үзэн яддаг аюултай хүн байна” гэсэн дүгнэлт өгч байжээ. Бандераг немцүүд 1944 онд шоронгоос гаргажээ. Бандера 1945 оны 2-р сард Австрид очив. Дараа нь тэр Америкийн армид эзлэгдсэн германий Бавари мужид очсон. Тэр тэнд Мюнхен хотод дайны дараа эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байсан юм. Гэтэл Бандераг 1959 онд зөвлөлтийн КГБ-ын тагнуул Богдан Сташинский гэгч гэрт нь отож байгаад ажлаасаа гэртээ буцаж ирэх үед нь цианы калитай хорт сумаар нүүрэнд нь буудаж хөнөөжээ. Бандера ийнхүү 50 настайдаа КГБ-ын зандалчны гарт алагдав. Бандера бол бүх амьдралаа Украин эх орныхоо тусгаар тогнолын төлөө зориулжээ. Бандера бол Польш, Зөвлөлт, Германаас огт хамаарахгүй эрх чөлөөт Украин улс байгуулахын төлөө тулалдаж явсан эх оронч хүн юм. 2010 онд Украины ерөнхийлөгч Ющенкогийн зарлигаар Степан Бандераг Украин улсын баатар цолоор шагнажээ. Түүний тухай олон ном, киног бүтээсэн байдаг. Бандерагийн товч намтрыг өгүүлэхэд ийм л байна.
Доржийн СҮХБААТАР
Discussion about this post