Монголчууд эрт үеэс л өвлийн сардаа айл хотол, ахан дүүсээрээ хуран цугларч үлгэр, тууль сонсож хайлдаг байсан уламжлалтай. Хэдэн зуун шад мөртэй туулийг долоо, арав хоног, сараар үргэлжлүүлэн хайлж үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн түүхтэй ард түмэн.
Жонон баатар эрийн тухай үлгэр, туужийг хамтдаа дуулан шүлэглэснээр байгаль дэлхийгээ уяраан магтан аргадаж байсан төдийгүй бидний өв соёл тэр чигээр үлгэр туульсаар дамжигдан уламжлагдан ирсэн. Эдүгээ Богд хаант музейн ард байрлах том цагаан гэрт 2015 оноос жил бүр өвлийн саруудад тууль хайлсаар ирсэн хэдий ч олноороо цугларч даган баясахад зай бага хүндрэлтэй байдаг.
Тэгвэл Яармагт сүндэрлэх Монголын соёлын өвийн төв дотор гэр хэлбэртэй бага театр байгуулагдсанаар биет бус соёлын өв тээгчдийг илрүүлж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт, судалгаа хийж, баримтжуулан, тоглолт, үзэсгэлэн гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах 162 мкв талбай бүхий 100 хүний багтаамжтай бага театрыг соёлын өвийг дээдлэгч Рио Тинто компанийн ивээн тэтгэлгээр 2022 онд Соёлын өвийн үндэсний төвийн барилга дотор шинээр байгуулах болсонтой холбогдуулан энэ сарын 17-ны өдөр Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт гэрээний тэтгэлэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Занабазарын музейд болсон юм.
Рио Тинто компани соёлын өвийн шинэ театрыг байгуулснаар жилд 40 орчим байгууллага, 2000 өвлөн уламжлагч, 10 мянга гаруй хүүхэд залууст соёлын өвийн боловсрол олгох сургалт, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус арга хэмжээнд Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Чингис хаан одонт, СГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Рио Тинто Монгол компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга,ШУ-ны доктор,профессор, ардын багш С.Дулам, Монголын Урлагийн зөвлөлийн захирал О.Одгэрэл, The Hu хамтлагийн гишүүн болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон юм. Морин хуурч МУСТА О.Баттөгсийн “Говийн жонон” хуурийн татлага, Баяд биелгээг өвлөгч Г.Баяртай хүүхдүүдийн хамт бий биелснээр уг арга хэмжээ эхэлсэн юм. Монголын Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нээж үг хэлсэн юм.
Тэрбээр “Тууль хайлдаг өвлийн сардаа уламжлалаа хадгалсаар явна. Бидэнтэй байнга хамтарч ажилладаг туульч Баатаржав, Балдандорж болон Ховд, Увс аймгийн туульчидынхаа урын санг бичиж авах үйл ажиллагааг шинээр байгуулах бага театртаа хийнэ. Тууль хайлна гэдэг нэг өдөр хийдэг ажил биш бага багаар нэг сар, хэдэн сараар үргэлжлүүлэн хийж бүх урын санг бүргэлжүүлнэ. Бичиж авсан урын сангаа шавь сургалт хэлбэрээр ирээдүй хойч үедээ сургах, сургалтын байгууллага авч ашиглах зэргээр театраа ашиглана. Биет бус соёлын өвийг тээх, үлдээх хадгалах, хамгаалах бага театрын санхүүжилтыг шийдвэрлэсэн Рио Тинто группт Монголчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье” гэв.
Х.Амаржаргал: Рио Тинто 35 улсад соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр ажилладаг
– Өндөр гэгээн Занабазарын гайхамшигтай бүтээлүүдийг хадгалж олон түмэнд түгээн таниулж байдаг түүхэн музейд гурван талт хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаад сэтгэл хөдөлж туйлын их баяртай байна. Анх 10 настайдаа уг музейд орж ирээд Өндөр гэгээн Занабазарын цуу бүтээлүүдийг үзээд ихэд сэтгэл хөдөлж байсан мэдрэмжээ санаж байна. Рио Тинто групп 35 улсад төрөл бүрийн соёлын өвийг хадгалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Соёлын яамны харьяа Соёлын өвийг хадгалах үндэсний төв, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтарч бага театрыг шинэчлэн засварлаж ажиллах болсонд баяртай байна. Энэ театраар дамжуулан Монголынхоо биет бус соёлын өвийг цаашид үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Одоогоор Рио Тинто группийн зүгээс Оюу толгой компаниар дамжуулан Өмнөговь аймгийн Шарцав хэмээх газарт үлэг гүрвэлийн олдвор болон бусад дурсгалт зүйлүүдийг хадгалах хамгаалах, соёлын өвийн менежментийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүгээр дамжуулан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлөхөөс гадна түүхэн ховор олдворыг нээх, дэлхий нийтэд таниулах ажилд хувь нэмрээ оруулна. Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран олон ажлыг хийсээр ирсний нэг нь жил бүр улсын наадмаар “Соёлын наадам”-ыг хамтарч зохион байгуулдаг. Ингэснээр гаднаас ирэх жуулчдад соёлын биет бус өвийг түгээн таниулах, сурталчлахад тодорхой хувь нэмрийг оруулсаар ирсэн. Бага театр байгуулах манай гурван талт хамтын ажиллагаа цаашид улам баттай оршсоор байх болно.
С.Дулам: Монголын урлаг соёлын суварга өндийж босно гэдэгт найдаж байна
– Монголчууд нүүдэлчин ард түмэн. Суурин ард түмэн цайз, шилтгээн, харш, сүм хийдийг олноор барьдаг. Тэгвэл нүүдэлчин ард түмний нүдэнд үзэгдэх бараанд торойх зүйл нь суурин иргэншилтэй ард түмнээс багахан мэт боловч тэр их соёлоо цээж эрдэмдээ агуулдаг. Монгол хүний цээж бол эрдмийн цээж. Тиймээс ч цээж эрдэм хэмээн нэрлэсэн. Энэ нь нүдэнд харагдахгүй мэт боловч илрүүлээд гаргах юм бол нэг сар хайлдаг тууль, долоо хоног хайлдаг тууль зэргээр агуу их урлагийг бүтээсэн байдаг. Энэ урлаг ялангуяа орчин үед их эмзэг хэврэг байгаа. Тиймээс энэ эмзэг, хэврэг урлагийг хойч үедээ болон ирээдүйн дэлхийн дахинд үлдээх ариун буянт үйлс биднийг хүлээж буй. Энэ буянт үйлсийн нэг нь өнөөдөр бид бүхний эхлүүлж буй соёлын биет бус өвийг өвлөн дэлгэрүүлэх гурван талт гэрээ, хэлэлцээр яах аргагүй мөн юм. Гурвалсан байгууллагын гэрээ нь нэг талаас Монголын Улсын Соёлын яам, Монголын соёлын өвийн төв, Монголын Урлагийн зөвлөл зэрэг ТББ, бизнесийн талаас Рио Тинто групп гээд зүйрлэх юм бол гурван талт пирамид босгож Монголын соёлын өвийг хөшөө дурсгал болгон үлдээх гэж байгаа нь судлаач миний хувьд таатай байна. Үнэндээ соёлын биет бус өвөө хэрхэн хадгалж хамгаалах тухайд өөрсдийн нөөц боломжоо ашиглаж байгаа хэдий ч төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй нь олон бэрхшээлтэй холбоотой. Харин гурван талт байгууллагын энэ гэрээ эдгээрийг үр дүнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Одоогоор Монголын соёлын өвийн төв зөвхөн чулуун байгууламж төдий л байна. Тэгэхээр эртний грекчүүдийн хэлдгээр ганц чулуун байгууламж юу ч бүтээж эс чадна гэдэг. Тэгвэл энэ чулуун байгууламжийг амилуулах, зүрх сэтгэлтэй болгох театрын тайз дэлгэцийг орчин үеийн техник, технологийн эрэмбэд гаргах шаардлага тулгарсан энэ цагт Рио Тинто группийн зүгээс санхүүгийн тэтгэлэг үзүүлж буй нь талархаад баршгүй. Тодорхой хугацааны дараа бид үр дүнд хүрсэн байхыг ерөөж биет бус соёлын өвийг тээгчдийн гэр орон болсон театр болоосой гэж хүсэн ерөөе.Эцэст нь эртний Египетийн гурван талт цац суварга шиг Монголын урлагийн гурван талт суварга өндийнө гэдэгт найдаж байна.
О.Одгэрэл /Монголын Урлагийн зөвлөлийн захирал/: Театр соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээхээрээ ялгарна
-Соёлын өвийг хамгаалахад төр хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагаа дэлхий нийтэд үр дүнтэй жишиг болоод байгаа энэ цагт Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөл ТББ, Рио Тинто соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд театрын тайз, гэрэлтүүлэг, дуу дүрсний тоног төхөөрөмжөөр хангах, театрын интерьер дизайн, дотоод заслын ажилд ийнхүү Рио Тинто нь 440 сая төгрөгийн санхүүжилт олгон Соёлын өвийн салбарт томоохон хөрөнгө оруулахаар боллоо. Соёлын өвийн театр нь үндэсний соёлын өвийг өвлөн уламжлагч “Хүн Эрдэнэ” ардын авьяастнуудын тоглолт, үзүүлбэрийг тогтмол толилуулж, соёлын өвийг язгуур шинжээр нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэдгээрээ мэргэжлийн театр чуулга, урлагийн сургуулиас ялгарах юм.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 10849 ардын авьяастны 71 хувь нь ардын язгуур урлаг, 26 хувь нь уламжлалт гар урлалыг өвлөн уламжлагчид байгаа нь соёлын өвийн шинэ театрын гол хэрэглэгчид болох юм. 150 орчим жилийн түүхтэй Рио Тинто групп нь соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого, хөтөлбөртэй байдаг бөгөөд энэ хүрээнд соёлын өв дээдлэхийг нийгмийн хариуцлагынхаа тэргүүлэх чиглэлээ болгон соёл урлагийн байгууллагуудтай хамтран ажиллаж хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)
Discussion about this post