Монголд түр саатсан Халимагийн шашны тэргүүн Дилов хутагт өнөөдөр Наро Банчэн Гэгээнтний урилгаар Амарлихуй хийдэд морилж Нароба Институтийн шавь нарт сургаал айлдав.
Дилов хутагт хурсан олонд хандаж зарим хүмүүс өөрийгөө Бурханы шашинтай гэдэг. Яагаад бурханы шашныг шүтдэг вэ гэхэд миний аав ээж шүтдэг учраас хэмээдэг. Бурханы шашин шүтнэ гэдэг эцэг эхийн генийг дагаж ирдэг зүйл бус. Учир шалтгааныг мэдэж Бурхан, Ном, Хувраг гурван эрдэнэд итгэл одуулснаар Бурханы шашинтан болно.
Та бүхэн өөрийгөө шинжээд үз. Өдөр тутмын амьдралдаа амгалангийн шалтгааныг их үйлдэж байна уу. Зовлонгийн шалтгааныг их үйлдэж байна уу.
Зарим хүмүүс өдөрт нэг хайрцаг тамхи татдаг ч жилд хэдхэн удаа бурхан шүтээнээ арц хүжээр тахидаг. Тэгээд зүрх өвдлөө бие өвдлөө гэдэг. Цэвэр өөрийн хариуцлагын асуудал хэмээн онцлов.
Дилов хутагт сургаал айлдсаны дараа институтийн шавь нарт бясалгалын өмнөх амьсгалын дасгал, язгуурын гурван бурханыг сэтгэлд ургуулан бясалгах аргыг товч айлдаад институтийн шавь нарын асуусан асуултад дэлгэрэнгүй хариулснаар номын айлдвараа өндөрлөв.
Discussion about this post