Монголчууд эрт үеэс хоол хүнсээ улирлын байдалтайгаа зохицуулан хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд энерги их алддаг учраас мах, махан бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хоолыг, зуны улиралд хөнгөн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр бэлтгэсэн аяганы хийцийг өргөн хэрэглэдэг байжээ. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэж ирсэн хоол унданд бага овортой хөнгөн зууш, аарц, ааруул, бяслаг, ээзгий, өрөм, шар тос зэрэг цагаан идээ, боов боорцог, замбаа, хуурсан хурил, чанасан болон утсан мах, жимс жимсгэнэ ордог байна.
Уламжлалт анагаах ухааны онолоор өвөл хүний биеийн шар үсны сүв хаагдаж, биеийн хүч тамир мууддаг тул голдуу илчлэг ихтэй айраг цагаа, үхрийн мах хэрэглэвэл сайн. Харин өвлийн адаг, хаврын улирлын эхэнд ходоодны үйл ажиллагаа мууддаг учраас буудай, тараг, шар тос, хонины мах хэрэглэвэл зохилтой. Хаврын дунд болон адаг сард нарны илч ихэсч, биеийн хүч тамир буурах тул хөнгөн, тослог цагаан идээ илүүтэй хэрэглэх хэрэгтэй. Зуны улиралд хур ус элбэг, чийглэг уур амьсгалтай болох тул голдуу айраг, сүү ууж, адууны мах, борц, сонгино, сармистай хоол хүнс хэрэглэдэг байна. Намрын цагт халуун болох тул сэрүүн чанартай үнээний сүү, тараг, шинэ тос, хоормог, хурууд, хатаасан өрөм, ямааны мах зэргийг хэрэглэвэл зохино.
Мөн ходоодны дөрөвний хоёрт хоол, дөрөвний нэгд нь унд байлгаж, үлдсэн дөрөвний нэгийг хоосон үлдээх байдлаар хэт цаддалтаа идэхгүй байх нь чухал юм. Хүн өдөрт идэх хоол хүнснийхээ 25-30 хувийг өглөө, 45-50 хувийг өдөр, 25 хувийг орой хэрэглэх нь зүйтэй.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин
ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Discussion about this post