УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Олон улсын Парламентын холбооны /ОУПХ/ Эмэгтэй парламентчдын форумын Эмэгтэй парламентчдын Удирдах товчооны гишүүнээр санал нэгтэй баталж, сонголоо.
ОУПХ-ны 143 дугаар чуулган Испанийн Вант улсын Мадрид хотноо болж байгаа бөгөөд энэхүү чуулганд цахимаар санал хурааж ийнхүү Монгол Улсын парламент дахин нэг төлөөлөлтэй боллоо. Ази-Номхон далайн геополитикийн бүлэгт 36 гишүүн орон байдаг бөгөөд дээрх товчоо нэг гишүүнийг томилох квоттой байсан. УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, хэрэгжүүлж буй төсөл, санаачилсан хуулийг нь Ази-Номхон далайн геополитикийн бүлгийн гишүүн орны төлөөлөл судлаад тэгш боломж олгох, жендерийн асуудалд анхаарал хандуулдаг, боловсролын реформ хийх ажилд идэвх санаачилгатай ажиллаж байгаа хэмээн үзжээ. ОУПХ-ны Байнгын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн болсоноор эх орноо болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг хангах, харилцан туршлага судлах гэх мэт маш олон давуу тал үүсдэг аж.
Монгол Улсын парламентаас ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар ажилладаг юм
Discussion about this post