БААБАР
Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс эдийн засаг бол хувааж иддэг бялуу гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд ч зүгээр олдохгүй. Хэрвээ төр нь бизнисчидийг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнес эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. Идэх бялууны хэмжээ багасаж, нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнес эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломжийг хязгаарладаг юм.
1996 онд “Эвита” хэмээх кино дэлгэцэнд шилжин дэлхийг шуугиулж байлаа. Аргентин улс төрийн албан ёсны популист бодлогод шилжин орж байсан эмгэнэлт үеийг харуулсан бүтээл. Популизмын “ээж” Эвита Перон нас барахынхаа өмнө “Don`t cry for me, Argentina” гэж дуулна. Гэвч түүнээс хойш 80 жилийн турш Аргентин уйлсаар. Эдийн засгийн гүн хямралаас гарч чадахгүйдээ тэд уйлсаар.
Саяхан Аргентинд Ерөнхийлөгчийн сонгууль болж өөрийгөө либератари үзэлтэн гэж заралсан Хавиэр Милэй ялалт байгууллаа. Либертарианизм гэсэн онол Америкт нэлээд дээр үед буй болжээ. Одоо ч нэлээд америк маягийн үзэл юм. Нэрийн хувьд мөнөөх л “чөлөөт” гэсэн үгийн нэг хувилбар. Алив түрэмгийлсэн хүчирхийллийг үгүйсгэн үздэг улстөрийн философи урсгал гэж тайлбар тольд тайлбарладаг. Төрийн зүгээс зорилгодоо хүрэхийн тулд алив хүчирхийлэл хэрэглэхийг тэд хурцаар шүүмжилдэг. Төр иргэддээ эцгийн ёсоор халамж үзүүлэхийг зөвшөөрдөггүй. Хүн өөрийн өмчийг бусдад саад болохгүй л бол өөрийн дураар ямраар ч ашиглаж болно гэж үзнэ. Төрийн албадлага, хууль журмаар далайлгахыг эсэргүүцдэг. Татварыг албадлагаар биш сайн дураараа өгөх ёстой гэж үзнэ.
Гэхдээ өдгөө либератари үзэлтэнгүүд төрийн эрхэд гарсан ганц ч тохиолдол үгүй байна. Милэй үнэхээр либератари үзэлтэн мөн эсэх нь тодорхойгүй. Юутай ч тэрээр олон арван жил популизмд баригдан эдийн засгийн дампуурсан хямралын үлгэр жишээ болсон Аргентинийг засаж янзлахаар шийджээ. 2000 оноос дефольт заралсан Аргентинд Олон улсын валютийн сан зээллэг өгөхөөс татгалзах болсон ба гадаадын банкууд тэдэнтэй зөвхөн доллароор наймаа хийхийг шаардаж, урьд песогоор хийсэн зээллэг, наймаагаа одоо хатуу валютаар эргэж төлөхийг тулгах болов. Инфляц хэдэн зуун хувь хүрч, ажилгүйдэл 25% хүрчээ. Нэг л үгэндээ Аргентин төлбөрийн чадваргүй болсон юм.
Энэ бүхэн бол сүүлийн наян жил Аргентинд ноёлсон популист бодлогын үр дүн билээ. Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.
Дайны дөнгөж дараа Аргентиний Ерөнхийлөгчөөр хурандаа Хуан Пэрон гэгч гараад ирлээ. Тэрээр үндэсний энэ их хуримтлагдсан баялагийг шударга хуваарлах тухай номлож, гол нь энэ үзэл бодолд нь маш ихээр автсан Үйлдвэрчний эвлэлийн халуун дэмжлэгээр төрийн эрхэнд гарсан юм. Үзэсгэлэнт эхнэр нь уран гоё ярьдаг болохоор ард түмэнд ч их таалагдана, тэр л дэмжлэгээр эхнэрээ дэд Ерөнхийлөгч болгосон юм. Мадоннагийн тоглосон “Эвита” хэмээх кинонд уул хүүхний дүр тод гардаг.
Эхнэр нөхөр хоёр нийгмийн баялагийг ёстой нэг цацах шиг боллоо. Ердөө хэдхэн жилийн дотор тэр их хуримталсан баялагийг нийт ард түмэнд цацаад дуусгав. Цалинг байнга нэмнэ, шагнал урамшуулалд гар татахгүй, арван гурав дахь сарын цалин гэж анх тэнд гарчээ. Хүүхдийн, хуримын, төрсний, сурсны, өвдсөний, тэтгэвэрийн, ядуурсны гэх мэт үй олон тэтгэмж бодож олсноос гадна тарьсны, ургуулсны, өсгөсний, хөрөнгө оруулсны, ажлын байр буй болгосны, шинэ санаа олсны гэх мэт өч төчнөөн урамшууллыг буй болгов. Ард түмэн ч Ерөнхийлөгчдөө болон эхнэрт нь талархаад ханадаггүй.
Алив сайхан юм төгсгөлтэй байдаг болохоор тавиад оны эх гэхэд Аргентины мөнгөний авдар хоосорч, улс орон дампуурлын ирмэгт ирэв. Ард түмэн хайрт удирдагчдаа дургүйцээд эхэллээ. Ингэнгүүт Пэрон энд тэндгүй ард түмний дайсан илрүүлж гарах нь тэр. Католик сүм, сөрөг хүчин, ротари клуб, нэр бүхий сэтгүүлчид… Засгаа авч үлдэхийн тулд тэрээр эгшин зуур харгис дарангуйлагч болсон, гэвч цэргийнхэн эргэлт хийж мань хүн Европ руу зугтаав.
Үүнээс хойш Аргентин өөдлөөгүй. Ядуурал, гуйранчлал, өр зээл… Ард түмэн Пэроны тостой үеийг санагалзсаар, Пэрон л эргээд ирвэл бүх юмыг янзлаад өгнө гэсэн горьдлого. Гадаадад цагаачилсан өвгөн 1973 онд эзгүй мөртөө сонгуульд ялж Ерөнхийлөгч боллоо. Ард түмэн тэгтлээ санажээ, түүнийг. Гэвч тэр настай хүн Ерөнхийлөгч болонгуутаа үхсэн, орыг нь гурав дахь эхнэр Мариа нь эзэлсэн боловч Аргентин улам ядуурав. Цэргийнхэн, эсвэл популистууд төр ээлжлэн эзэрхийлдэг үлгэр жишээ орон. Популизм хийж хүмүүсийн ядуу байдлыг өөр тийш нь татахын тулд Англитай байлдаж үзлээ, дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн зохион байгуулж үзлээ, эхнэр нөхрийг ээлжлэн сонгож үзлээ, ингэсээр улс нь төлбөрийн чадваргүй болсноо зарлах шив.
Ийнхүү Латин Америкийн популизм гэсэн улс төрийн ухагдахуун буй болсон юм. Үүнийн сүүлийн үеийн жишээ нь Венесүэл. Ерөнхийлөгч Уго Чааваас үхэхэд энэ ард түмэн нийтээрээ уйлж унжихыг зурагтаар харсан монголчууд шүтэн биширсэн. Ард түмэндээ хайрлагдсан удирдагч гэдэг чинь ийм л байдаг юм байна, бид хэзээ нэг ийм удирдагчтай болно доо хэмээн гаслан толгой сэгсрэх олон хүн байсныг санаж байна уу? Нефтний үнэ тэнгэрт хадахад Америк тивийн хамгийн их газрын тостой Венесүэл мөнгөндөө хахаж хаданд гаран олсноо хайр найргүй ард түмэндээ хүртээсэн учраас л тэд хайрт Ерөнхийлөгчөөсөө хойш яана даа хэмээн уйлж унжиж буй нь тэр. Чааваас их мөнгө үзүүтээ дэлхий даяар латин америк маягийн социализм байгуулна хэмээж олсон долсноо Америк тив бүү хэл алс Европын Беларуст хүртэл цацав. Ирээдүйн мөнхийн амгалан дэлхийг гардан байгуулж энх тайвны Нобелийн шагнал хүртэх санаа. Социализмын дайсан нь мэдээж АНУ учир харааж загнах битгий хэл хөрөнгө оруулагчдыг нь хөөж гаргав. Коко колаг хүртэл хорьсон гээ. Гэхдээ азтай золиг, нефтийн үнэ унаж хямрал эхлэхийн дөнгөж өмнө урьтаад үхчихсэн. Улсын сан хоосорлоо, тостой үе өнгөрч ядуурал гуйранчлал эхлэв. Мэдээж нийгмийн ухамсар дорой ийм газар Чааваас биш амьд байгаа түүний залгамжлагч л буруутаж таарна. Энд тэндгүй эсэргүүцэл, тэмцэл, жагсаал. Залгамжлагч нь ч таарсан амьтан, Пэроны нэгэн адил дарангуйлал руу хальтарч эхлэв. Барааны хомсдол үүсмэгц албаар ийм байдалд хүргэлээ хэмээн үйлдвэрлэгчдийг дарамтлана, дэлгүүрийн гадаа оочир үүсмэгц зориуд ингэлээ хэмээн эзнийг нь баривчлана. АНУ-ын захиалгаар дэлгүүрийн эзэд зориудаар кассчингаа цөөлснөөс болж байна хэмээн Ерөнхийлөгч Мадуро мэдэгдлээ.
Гэвч энэ нь АНУ-аас ч биш, кассчингаас ч биш, харин хамаагүй цацаж популизмдсан учир түүхий эдийн үнэ унахаар модоо барьж байгааг тайлбарлахад заавал эдийн засагч байх албагүй л дээ.
Аргетиний Ерөнхийлөгчөөр сая сонгогдсон Милэй Дэлхийн эдийн засгийн форумд өөрийн үзэл бодол болон Аргентинд ямархуу реформ хийх гэж байгаа зараллаа. Түүний ярьснаас эш татвал:
Өрнөдийн ертөнц ноцтой аюулд өртөж эхэлснийг хэлэх гэж өнөөдөр би энд зогсож байна. Учир нь Өрнөдийн ертөнцийн үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй хүмүүс дэлхийн хэтийн зорилго гэх социализм, ядуурал, эдийн засгийн дампууралд хүргэх аюултай үзэл санааны хамсаатнууд болжээ.
Харамсалтай нь сүүлийн хэдэн арван жилд Өрнөдийн ертөнцийн удирдагч нар эрх чөлөөний үзэл санааг умартаж, коллективизм гэж нэрлэдэг хамтач үзэл санаанд автсан байна. Тэдний зарим нь өөрсдийгөө бусдад тусалдаг нинжин сэтгэлтнүүд гэж үздэг бол зарим нь эрх дархтнуудын эгнээнд элсэхийг мөрөөдөгчид болжээ.
Хамтач үзэл нь дэлхийн ард түмнүүдэд тулгарсан асуудлын шийдэл хэзээ ч байгаагүй. Харин ч эсрэгээрээ асуудлын уг шалтгаан байсан. Та бүхэн надад итгээрэй. Аргентины ард түмэн үүнийг гэрчилнэ.
Аргентин улс уг нь эрх чөлөөний үзэл санааг хүлээн авснаасаа хойш 35 жилийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг үндэстнүүдийн нэг болсон байсаан. Гэтэл өнгөрсөн 100 жилийн туршид хамтач үзлийг хэрэгжүүлсний уршгаар манай иргэд системтэйгээр ядуурч, дэлхийд 140 дүгээр байр хүртэл ухарчээ.
Чөлөөт зах зээлийн капитализм нь дэлхийн ядууралд цэг тавих хамгийн боломжит системээс гадна, ёс суртахууны хувьд хамгийн хүсүүштэй систем болохыг баримт нотолно.
Та нар нийгмийн шударга ёс гэж их ярьдаг. Хөгжингүй улс орнуудад тархаж буй нийгмийн шударга ёсны тухай ойлголт нь миний эх орон Аргентин улсад 80 гаруй жил зовлон тарилаа. Учир нь нийгмийн шударга ёс нь хүмүүсийн элбэг хангалуун амьдралыг бусниулдаг.
Нийгмийн шударга ёс гэгч нь шударга ёсонд харшилдаг үзэл санаа юм. Учир нь төр шударга ёс тогтоох нэрийдлээр татвар тогтоож, татвараа албадлагаар цуглуулдаг. Та бүхэн өөрсдийгөө сайн дураараа татвар төлдөг гэж хэлэхгүй биз дээ? Төр бол албадлагаар санхүүждэг тогтолцоо юм. Татварын дарамт, төрийн албадлага байгаа цагт хүний эрх чөлөө ямагт хумигддаг.
Нийгмийн шударга ёсыг номлодог хүмүүс “эдийн засаг бол хувааж иддэг бялуу” гэж ярьдаг. Гэвч бялуу хэнд ч зүгээр олдохгүй. Хэрвээ төр нь бизнис эрхлэгчдийг шийтгэж, эрэл хайгуулд нь хөндлөнгөөс саад учруулж эхэлбэл бизнис эрхлэх хүсэл сэдэл нь унтарч, улмаар үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний хэмжээ буурах болно. Идэх бялууны хэмжээ багасахаар нийгэм бүхэлдээ хохирох болно. Хамтач үзэл нь эрэл хайгуулд нөлөөлж, бизнис эрхлэгчдийн гарыг хумьснаар илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хямд үнээр худалдах боломж хязгаарлагддаг.
Харамсалтай нь яагаад дэлхийн хүн амын 90 хувийг ядуурлаас гаргаж, эдийн засгийг тасралтгүй өсгөж буй чөлөөт зах зээлийн тогтолцоог сэхээтнүүд, олон улсын байгууллагууд, эдийн засгийн онолчид, улстөрчид ад зэтгэр мэт үзэх болов оо?
Чөлөөт зах зээлийн ачаар хүн төрөлхтөн хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Хүн төрөлхтний түүхэнд өнөөгийнх шиг хөгжингүй үе хэзээ ч тохиож байгаагүй. Өнөөгийн дэлхий ертөнц илүү эрх чөлөөтэй, илүү баян, илүү тайван, илүү хөгжингүй болжээ. Эдийн засгийн хувьд илүү эрх чөлөөтэй, өмчийн болон хувь хүний эрх чөлөөг хүндэтгэдэг улс үндэстнүүд илүү баян байна.
Эрх чөлөөт улс орнууд дарангуйлалд нэрвэгдсэн улс орнуудаас 12 дахин баян байна. Эрх чөлөөт улс орнуудын хүн ам нь дарангуй дэглэм дор зүдэрч буй улс орнуудын хүн амын 90 хувиас нь чинээлэг амьдарч байна. Эрх чөлөөт орнуудад ядуурал 25 дахин бага, нэн ядуурал 50 дахин бага байна. Эрх чөлөөт улс орнуудын иргэд нь дарлагдсан улс орнуудын иргэдээс 25 хувиар урт насалж байна.
2024.2.19 НИЙТЛЭЛЧ БААБАР BAABAR.MN
()
Discussion about this post