МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Цар тахлын үед дэлхийн эдийн засаг нийтээрээ унасан. Манай улсынх ч гэсэн хасах үзүүлэлттэй байсан. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Манай эдийн засаг төрөлжөөгүй. Уул уурхай, эрдэс баялгийн экспортоос хамааралтай. Энэ төрлийн орлого нэмэгдэхээр дагаж тэлдэг. Буурахаар нь эргээд агшдаг эмзэг эдийн засагтай байгаад байна. Энэ байдал сүүлийн 10 жилийн хугацаанд маш тодорхой харагдаж байгаа. Үүнд хамгийн том асуулт нь газрын доорх баял гаа хэрхэн газрын дээр тогтвортой, өсөлттэй, хүртээмжтэй эдийн засаг болгох вэ л гэдэг байна. Дэлхий нийтээрээ сүүлийн 4-5 жил маш амаргүй, хэцүү байдалтай байсан. Ер нь эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал. Гэтэл цар тахлын үед илүү тодорхойгүй, таамаглах боломжгүй болгосон. Үүний ул мөр нь бүрэн арилаагүй байтал Орос, Ук раины дайн, бүс нутаг хоо рондын мөргөлдөөн нөлөөлсөн. Мөн байгалийн гэнэтийн аюул, гамшгийн давтамж нэмэгдсэн нь эдийн засагт улам л тодорхой бус байдлыг бий болгоод байна. Үүнээс шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ өссөн. Тийм болохоор инфляци дорвитой буурахгүй байна. Төв банкууд нь мөнгөний бодлогоо хатууруулсан нь эдийн засгийн өсөлтийг сааруулах, хөрөнгө оруулалтыг хязгаарлах том хүчин зүйл болсон. Энэ нь гадаад эх үүсвэр татах, хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжийг хязгаарласан. Түрүү нь хэлсэнчлэн бид байгалийн баялгаа хүртээмжтэй, өсөлт тэй болгох дэд бүтэц нь санхүүгийн салбар юм.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Их хурлаар хэлэлцэж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ хуультай холбоотой зарим судалгааны ажлыг би сонирхож үзсэн. Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 69 оронд хийсэн судалгаагар санхүүгийн тогтолцоо либералч лаг даагүй, сан хүүгийн зах зээл сайн хөгжөөгүй үед гадаадын хөрөнгө оруулалт нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ-ий өсөлтөд эерэг биш сөргөөр нөлөөлсөн бол санхүүгийн салбар нь хөгжсөн орнуудад эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн.
Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт татах нь чухал ч дотоодын санхүүгийн зах зээлээ хэр зэрэг хүчтэй байлгах вэ гэдэг түүнээс илүү чухал гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Засгийн газрын өрийг ч гэсэн аваад үзвэл манайх эрсдэлтэй, эмзэг улсдаа ордог. Манай Засгийн газрын гадаадаас авсан зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан байдаг. Тэгэхээр ханшийн эрсдэл давхар нөлөөлдөг гэсэн үг. Хэрэв ма най дотоодын хөрөнгийн зах зээл маань хөгжчихсөн байсан бол бид ийм эрсдэлд орохгүй. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, санхүүгийн зах зээл нь чадавх сул байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байна.
-Санхүүгийн зах зээл гэдэгт юуг ойлгох юм бэ?
Санхүүгийн байгууллагууд нэг талаасаа хөрөнгө, мөнгө хайж байгаа хүмүүст зээл олгоно. Эсвэл хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ уялдааг хангаж өгдөг эдийн засгийн чухал салбар юм. Санхүүгийн хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт, валютын арилжаа гээд мөнгөн төрлийн бүх үйлчилгээг санхүүгийн зах зээл дээр явуулдаг. Энэ утгаараа эдийн засагт санхүүгийн зах зээл амин чухал сүнс нь юм. Манайд 1990-ээд оны төгсгөлд арилжааны банкууд үйл ажиллагаа явуулаад хүмүүсийн орон сууцыг барьцаа хөрөнгө болгосноос шалтгаалж тэр нь амьд хөрөнгө болж эхэлсэн. Ингэж байж эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Энэ систем дотор арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд маш хүчтэй үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд зөвхөн арилжааны банкны систем гэхээсээ илүүтэй хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны тэнцвэр нь адилхан хангагдаж явдаг. Харин манай санхүүгийн зах зээл дээр байгаа нийт хөрөнгийн 90 гаруй хувь нь банк, үлдсэн хувьд бусад нь явж байгаа нь өрөөсгөл бүтэц болчихоод байна. Том эдийн засагтаа уул уурхайн давамгайлчихсан байгаатай адилхан санхүүгийн салбарт банк гэдэг дан ганц хөлөгтэй байна гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн сал барыг чадавхжуулах, либ ралчлал явуулж, энэ бүхнийг зөв хөгжүүлэхийн тулд хүртээмжтэй, ногоон санхүүгийн үйлчилгээ, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах зэргийг хийх хэрэгтэй. Дотоодын санхүүгийн зах зээл тааруу байгаа учраас л гадна талаасаа хэт хамааралтай, өрийн эрсдэлд өртөх магадлал өндөр байгаа юм.
-Санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, чадавхжуулахад юун дээр анхаарах ёстой вэ?
Би өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан. Монгол Улсад 2016 онд 500 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 700 орчим тэрбум төгрөг байсан. Харин даргаар нь очоод хоёр сарын хугацаанд судалгаа, шинжилгээ хийж үзээд ББСБ-уудын дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байлаа. Шинээр ББСБ байгуулах юм бол 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байна. Харин үйл ажиллагаа явуулж байгаа бол дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэхээр болсон. Тухайн үед маш их галтай шийдвэр байсан. Тэгвэл энэ шийдвэр гарснаар гурван жилийн дотор ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 2.3 их наяд төгрөгт хүрсэн бол ноднин жилийн гуравдугаар улирлын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн. Мөн тэдгээр байгууллагуудаас хөрөнгийн зах зээл дээр гарч, IPO гаргах ажлыг хийж эхэлсэн. Гэхдээ тухайн үед байсан 500 гаруй ББСБ-уудын тоо өнөөдрийг хүртэл огт өөрчлөгдөөгүй. Ингэж дүрмийн санг нь нэмэгдүүлснээр ББСБ ууд банкуудтай өрсөлдөх боломжийг олгосон. Мөн 2016 онд үнэт цаасны зах зээл нэг их наяд төгрөг хүрэхгүй зах зээлийн үнэлгээтэй, 87 хувь нь Засгийн газрын бонд арилждаг байсан. Нэг ёсондоо бирж дээр борлуулах бараа бүтээгдэхүүн бараг байгаагүй. Харин хоёр жилийн хугацаанд 10 гаруй компани анхдагч хувьцаагаа олон нийтэд санал болгож, зах зээлийн үнэлгээ маань гурван их наяд төгрөгт хүрсэн. Өнөөдөр арилжааны банкууд IPO гаргаж, хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Ноднин жилд л гэхэд 7.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Үүнээс харахад тооцоо судалгаатай шийдвэр гаргаад түүнээ тууштайгаар хэрэгжүүлэх нь хэрэглэгчийн зан үйлд хүртэл нөлөө үзүүлдэг. Нобелийн шагналт Мухаммед Юнүс гэж хүн 1970аад онд Бангладешийн Грамеен банкаар дамжуулан эмэгтэйчүүдэд зориулан итгэл дээр суурилсан, барьцаагүй зээл олгосон байдаг. Харин энэ зээлийнх нь эргэн төлөлт 98 хувьтай гарсан. Энэ санаачилгыг Дэлхийн банк хөгжиж буй олон оронд хэрэгжүүлсэн. Тэдний нэг нь манай улс. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд манайд барьцаа хөрөнгөгүй, эмэгтэйчүүдэд зориулсан зээл өгөхөд эргэн төлөлт нь ердөө 30 гаруйхан хувь байсан. Их ялгаатай үр дүн байгаа биз.
-Бизнесийн зээлийн эргэн төлөлт их тааруу байдаг нь арилжааны банк болон ББСБ-ууд нь ломбардын шинжтэй буюу хүү өндөр байдаг. Мөн зээл аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зах зээл нь жижиг учраас тэгсгээд үйлдвэрлэл нь зогсдогтой холбоотой юм уу гэж хардаг?
Эдийн засагт уул уурхай ноёлж эхэлсэн нь бусад салбаруудаа шахан гарах хандлага ажиглагдаж байна. Ур чадвартай, мэдлэгтэй хүмүүс нь уул уурхайн салбарт ажиллаж, өндөр цалин авахыг хүснэ. Эдийн засгийн маань бүтэц бусад аж ахуйг эрхлэх боломжийг улам бүр хязгаарлаж байна л гэсэн үг. Өнөөдөр манай улсын өрхийн зээл ДНБ ийхээ 30 гаруй хувьтай тэнцэж байна. Хэрэглээний зээл ч гэсэн сүүлийн жилүүдэд өсч байгаа. Энэ нь бизнесийн орчин хумигдаж байгааг харуулж байгаа юм. Магадгүй үүн дотор шийдэх хамгийн чухал асуудал нь хүний капитал. Манайх шиг байгалийн баялаг ихтэй улс “Баялгийн хараал”, “Голланд өвчин” зэргээс зайлсхийх арга нь хүндээ хөрөнгө оруулах. Хүнд боловсрол, эрүүл мэнд гэсэн хоёр сувгаар л хөрөнгө оруулалт хийнэ. Эрүүл байх тусмаа урт хугацаанд боловсрол эзэмших боломжтой болдог. Боловсрол өндөртэй хүн өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг. Бид цөөхүүлээ учраас монгол хүн хамгийн үнэтэй капитал юм. Тухайн хүний мэдлэг, ур чадвар, туршлагыг эдийн засагт үнэлдэг. Эдгээр нь сайн байх тусам хүний бүтээмж өсдөг. Ингэж байж эдийн засаг нь тогтвортой хөгжинө. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн баялгаас орж ирсэн нэг ам.долларын 99 центийг нь хэрэглэчихсэн.
-Арилжааны банк, ББСБ-уудын хүү өндөр байгаа гэдэг дээр ямар байр суурь илэрхийлэх вэ. Мөн гадаадын банкууд оруулж ирэх яриа их гарч байна?
Ер нь ББСБууд, банкууд, даатгал, хөрөнгийн зах зээлийн асуудал ярихаар иргэдээ шулдаг, өндөр хүүтэй гээд ярьдаг. Зээлийн хүү нь өндөр байгаагийн нэг том шалтгаан бол манай зах зээлд тодорхой бус байдал өндөр, тогтворгүй байдаг. Тэгэхээр энэ бүхнээ тооцоод явахаар зардал өндөр гардаг. Харин гарсан зардлаа шингээхээр зээлийн хүү өндөр байх шалтгаан болж байгаа юм. Эдийн засгийнхаа өрөөсгөл бүтцийг нь сайжруулаад уул уурхайн салбарынхаа орлогын тодорхой хувийг хүндээ хөрөн гө оруулаад явах юм бол сан хүүгийн салбарын чадавх, эмзэг байдалд эергээр нөлөөлөх боломжтой. Зээлийн хүүг төрөөс шууд бууруулах, хүүгийн дээд тааз тогтоож зохицуулах гэж оролдож байсан. Энэ нь тэгээд шийдэгдэх асуудал биш. Зах зээлийн өөрийнх нь эрэлт, нийлүүлэлт гэж байна. Харин гадаадын банк оруулж ирэх тал дээр хүмүүс янз бүрийн л бодолтой явдаг. Сингапур улсад 60 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, тэдгээрийн гурав нь өөрийнх, бусад нь гадаадын банкууд байдаг. Хамгийн чухал нь тэнд санхүүгийн систем нь маш сайн.
-Санхүүгийн систем тааруу байгаа үед гадаадын банк оруулж ирэх нь ямар нэгэн эрсдэл дагуулах уу?
Санхүүгийн систем нь сайн байх тусмаа гадаадын хөрөнгө оруулалт болон ДНБ ий өсөлт хооронд маш хүчтэй эерэг хамаарал байдаг. Гэтэл тааруу үед нь гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБд эерэг биш харин сөрөг үр дагавар авч ирдэг гэсэн судалгааны үр дүнгүүд бий.
-Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар давж, валютын нөөц өссөн. Гэтэл эргээд валютын ханш яагаад сулрахгүй байгаа юм бэ?
Тийм ээ, манай улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ өссөн. Гэтэл гадаад валютын цэвэр нөөц гэж тусдаа байгаа. Манай зах зээл дээр ам.долларын эрэлт хэрэгцээ их өндөр байгаа учраас ханш нь өндөр байна гэсэн үг. Мөн өнгөрсөн оны төгсгөлд 23 том зээлийн эргэн төлөлт хийсэн. Импортын ба раа, бүтээгдэхүүний хэрэг лээ, үйлчилгээ өндөр. До тооддоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, гаднаас их авдаг, түүнийгээ дагаад ам.доллароор төлбөрөө хийдэг нь ч нөлөө үзүүлдэг.
-Манай бирж өнөөдөр хэр байна вэ. Дэлхий дахинд ховор эмийн ургамал зэргээс эхлээд зарж болох бүхнийг биржээр арилжаалдаг. Манай хувьд саяхнаас л нүүрсээ биржээр борлуулж эхэлж байна?
Дэлхийд биржийн зах зээл хөгжөөд 100 гаруй жил болж байна. Харин манайд хөрөнгийн бирж гэхээр л барилгаар нь төсөөлдөг үе саяхан байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа ч байнгын үйл ажиллагаатай, дэлхийд өрсөлдөхүйц байдлаас хол, сул хэвээр байна. Харин дэлхийд бол Хонконгийн, НьюЙоркийн биржүүд гэхэд аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн, Австрали, Торонтогийн бирж уул уурхайн бүтээгдэхүүн гээд төрөлжсөн. Манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн үед өсөхөд арилжааны банкуудын IPO, биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нөлөөлсөн. Түүнээс биш бирж дээр арилждаг бүтээгдэхүүний төрөл цөөн, биржийн арилжаанд оролцогчид олон биш, цаашлаад гадагшаа хөрөнгийн зах зээл дээр гарсан компаниуд маш цөөн, манай биржийн арилжаанд оролцогч гаднынхан ч бага байна.
-Та түрүү нь хүмүүн капиталдаа хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн. Тэгвэл иргэдээ санхүүгийн өндөр мэдлэг боловсролтой болгохын тулд юу хийх ёстой юм бэ?
Долоо хэмжиж нэг огтол гэсэн үг бий. Түүн шиг төрийн бодлого, шийдвэрийг гаргахдаа маш сайн нягталж, олон талын судалгаа хийж байж гаргах хэрэгтэй байгаа юм. Нэгэнт гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх ёстой. Боловсролын салбарын бодлогоо байс гээд солиод байж болохгүй. Боловсролын салбарыг хөгжүүлэхэд алсын хараа, тогтвортой, тууштай байдал чухал. Хэнийгээ эхлээд бэлтгэх вэ, дараа нь хэрхэн зааж сургах вэ гээд олон чухал ажил бий. Энэ бүхнийг зарлах бол амархан. Харин яг хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх чадавх, тууштай, тогтвортой байдал маш чухал.
()
Discussion about this post