Манжийн сүүлчийн хааны хатан Ван Рун нь Чин улсын засгийн газрын Дотоод хэргийн сайдын охин, Манжуурын хамгийн баян овгийн тэргүүний үр сад байжээ. Тэрээр Тяньжин дахь Америкийн номлогчийн сургуульд суралцаж, христийн шашинд орж Элизабет гэдэг нэрийг авсан.
Ван Руныг 17 настайд Манжийн сүүлчийн эзэн хаан Суантун (Пу И) гэрэл зургийг нь харж, ирээдүйн хатнаар сонгогдон, Хориотой хот руу нүүжээ. Пу И насанд хүрэх үед тэдний хурим болсон. Эзэн хаан Пу И Ван Руныг сүйт бүсгүйгээр хүлээн авсан боловч хэзээ ч хайр сэтгэлээ өгсөнгүй. Ван Руныг үл хайхарч, татвар эм Вэнь Шиуг хатнаасаа ямагт илүүд үздэг байв.
Пу И, Ван Рун хоёр гэрлэсэн ч хүүхэд төрүүлээгүй. Түүгээр ч барахгүй зарим түүхчид тэдний хооронд бэлгийн харьцаа огт байгаагүй гэж үздэг. Хаан Пу И дараагийн таван эхнэрээс хүүхэдгүй байхаар бодоход түүнийг үргүй байх магадлал маш өндөр гэж үздэг. Түүгээр ч барахгүй Пу И Манж-Го тоглоомын улсын “хүүхэлдэй”, эзэн хаан байж Чанчунд амьдарч байх үед түүнийг бага насны хөвгүүд сонирхдог тухай цуурхал гарч байсан ажээ.
Нэгэнт хаан эзэнд хайрлагдаагүй, ордонд хоригдсон Ван Рон өсвөр насандаа тэр үеийн “моод”-ны дагуу хар тамхи хэрэглэж эхэлжээ. Тухайн үед язгууртан гаралтай охид хар тамхи татах нь түгээмэл байв. Цаг үеийн нөхцөл хурцдаж, хаан 1924 онд Хориотой хотоос дүрвэхэд залуу эзэн хаан, хатнаа дагуулан Тяньжин руу нүүж, Японы хамгаалалтад суурьшин суужээ. Энэ үеэс эхнэр, нөхөр хаан хатан хоёрын харилцаа улам дордов. Хатан Ван Рон ч нөхрөө үл тоомсорлодог байв. Хатан нь лесбиян хандлагатай гэдгээрээ алдартай Хятад гаралтай Японы тагнуулын ажилтан Ёшико Кавашиматай үерхэж байсан нь одоо олонд мэдэгдэж байна. Мөн Ван Рун хатан 1940 онд эзэн хааны хувийн хамгаалагч, жолоочоосоо жирэмсэн болсон гэх цуу яриа байдаг. Манжийн сүүлчийн хаан Пу И жолоочдоо мөнгө өгч, Ван Рунгийн төрсөн охиныг үхэлд хүргэх тариа тарьсан гэх хууч яриа бий. Юутай ч Манж Чин улсын Дотоод хэргийн сайдын охин Манжийн сүүлчийн эзэн хаантай гэрлээд жаргасангүй. Цаг үеийнхээ золиос болж, үр удам нь тасарч, хэдий үзэсгэлэнтэй төрсөн ч эмгэнэлт амьдралаар амьдарч 39-хөн насалжээ.
()
Discussion about this post