Энэ түгшүүрийн харанга улам хүч авсаар тэнэг монголчууд ах дүү хамаатан садангаа ч танихгүй ил далдаар хоорондоо хурьцан эргүү маанаг хүүхдүүд үйлдвэрлэснээр Үндэсний аюулгүй байдал нэн аюулд ороод монгол үндэстэн мөхлийн ирмэгт тулсан болоод явчихлаа. Аюулгүй байдал хариуцсан төрийн инстүүцэд ийм асуудлаар мэргэшсэн шинжлэх ухаанч гэх нэг авгай байсхийгээд л зурагтаар ярина. График тоо баримт үзүүлээд л. Ярианаас нь үзэхэд энэ талын ямар ч ойлголт боловсрол, мэргэшил үгүй нь илт. Дээр нь бас худалч. Харин ч өөрийг нь сэжиглэмээр. Эдэнд ямар ч судалгаа байхгүй, нэн түгшүүр үүсгэх нэг сэдэв барьж авчихаад тэрийгээ мөнгө цаас болгох гэж яваа амьтас. Хятадын Глобал таймс сонин мэдээлэхдээ “Монгол эрдэмтэн Энхмаа хэлэхдээ, түүний баг Монголын хүн амын дунд цус ойртолтын үр дүнг тооцож, улмаар энэхүү итгэлцүүрийн 97.24 хувь нь шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувь нь алсын цус ойртолт байгааг тогтоосон.” Аймаар байгаа биз, бүгдээрээ ах эгч, үр хүүхэд, аав ээжтэйгээ бэлгийн харилцаанд орж хүүхэд цувуулсаар нийт үндэстнээрээ эргүү болчиж, айн? Шууд цус ойртоно гэхээрээ төрсөн ах дүү, төрүүлсэн эх эцэгтэйгээ л үзэж тарсан байх нь. 97.24 хувь нь шууд, үлдсэн 2.76% алсын цус ойртолт гэхээрээ цаана нь хүн үлдээгүй байгаа биз? Юутай ч шинжээч болон энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэгсэд бүгд цус ойртож тэнэг болсон болж таарах нь.
Гэтэл 2008 онд Сөүлийн Үндэсний их сургуулийн Эпидэмологийн танхимаас “Азийн хүн амын генетик судалгаа (GENDISCAN)” төслийн хүрээнд Монголд цус ойртолтын судалгаа хийжээ. Эрдэнэт хот, Дашбалбар сум зэргийн сонгон хийсэн судалгаагаар Монголд цус ойртолт 0,1 хувиас бага буюу энэ үзүүлэлтээр дэлхийд хамгийн эрүүл саруул үндэстнээр ДЭМБ-д бүртгэгдсэн байна. Хойд Америк, Баруун Европ дахь цус ойртолтоос илүү цэвэр, лалын орнуудынхтай зүйрлэх ч аргагүй.
Хуурамч түгшүүр газар авсаар УИХ-ын хурц хараанд өртөж, тэндээс түгшүүрт автсан ухаалаг хүмүүсийн дэмжлэг аван хуульчлах болоод явчихлаа. Гарсан мэдээ нь энэ байна:
Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод угийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, удамшлын өвчин, эрт оношилгоо, эмчилгээний чадавхыг дээшлүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүн амын өсөлт, хөгжлийг дэмжинэ гэж тусгасан.
Ажлын хэсэг байгуулаад бүр ахлагчтай болоод авч. Малаасаа ялгагддаггүй монголчуудыг шинжлэхийн тулд генетик оношилгооны лаборатори байгуулах гэнэ. Цус ойртолтын шинжилгээг нийт гэрлэгчдэд хийх гэнэ, зөвхөн үүний тулд жил бүр 16 тэрбум төгрөг нэхэж байна. Төсөвт суулгаснаар эрүүл монгол хүнийг бүтээх гэнэ (Гитлерийн мөрөөдөл). Монголчуудын хүн амын өсөлтийг дэмжих гэнэ, өөрснөө завхайрцгаах гээд байгаа юм уу, эсвэл бэлгэвч хориглох гээд байгаа юм уу? Генийн банк байгуулах, монгол хүний бие махбодид өвөрмөцөөр чиглэсэн эмчилгээ, оношилгооны салбар бий болгох гэнэ. Яриа хүний тухай биш монгол малын тухай хэлэлцээд байна уу гэмээр. Гэтэл мал ч өгөгдсөн зөнгөөрөө цус ойртолтоос зүйлээ хамгаалж чаддаг.
Генийн банк гэдэг нь мал ургамлын био материалыг шингэн азотод хадгалж селекц үржилд ашигладаг сав. Сүүлийн үед мал ургамал гэлтгүй эр хүний үрийн шингэнийг худалдан аваад хүссэн эмэгтэйчүүдэд зохих үнээр зохиомолоор жирэмслүүлдэг бизнис бий болсон. “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” ажлын хэсэг баахан точго цуглуулж яах гэж байгаа юм бол? Гар хангалгаар цуглуулдаг юм шүү дээ! Монгол хүний бие махбод бусад үндэстнийхээс юугаараа өвөрмөц болоод өөр маягаар эвцэлдүүлэх болоод явчив? Манайд яг одоо ДНХ дахь нуклейтидийн дарааллыг автоматаар тодорхойлдог ДНХ сэквэнатор хэмээх үнэтэй багаж 11 ширхэг байна. Хоёроос бусдыг нь ашигладаггүй. 500 мянган доллароор худалдаж авчраад 110 вольтын оронд шууд 220-д залгаад цоо шинээр нь эвдээд хаячихсан нь ч байна. Их бодож ийм багаж л нэмж худалдан авна биз. Гэтэл үүгээр цус ойртолтыг тодорхойлж болдог юм болов уу? Болдог юм гэж үзэхэд нэг шинжилгээнд орох урвалжийн өртөг хамгийн наад зах нь мянган доллар, нарийвчилсан шинжилгээний өртөг 5-10 мянган доллар.
Тухайн популяцид эзлэх оюуны хомсдолтой хүний тоо 2 хувиас давбал үүнийг аюултай үзэгдэл гэж үздэг. 1980-аад онд Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар 5 аймгийн нийт 8 суманд энэ үзүүлэлт хязгаараа давсан байна гэж тодорхойлжээ. Үүний хоёр нь угсаатны сондгойролоос, бусад нь газар зүйн хавчигдмал байдлаас шалтгаантай аж. Хомсдол Монголын нийт нийгэмд түгшүүртэй биш байсан. Нэгд, маш цөөн хүн амтай ердөө найман суманд, хоёрт төвлөрсөн газарт жишээ нь Улаанбаатарт оюуны хомсдол 0.7 хувиас ч бага байсан. Гэхдээ нийт оюуны хомсдолд цус ойртолтоос шалтгаалсан хувь процент тун бага байдаг.
Өнөөгийн Монголд төрсөн эцэг охин, төрсөн ах дүү үзэж тараад л үр хүүхэд цувуулсаар байгаад Үндэсний аюулгүй байдалд нэн хор учруулж байна гэдэгт итгэх хүн бий юу? Ганц нэг тийм тохиолдол илэрвэл генийн лаброторид биш Шар хаданд эсвэл шоронд аваачдаг байгаа даа. Үеэл хаяалын холбоо бол эмгэг гэхээсээ этик моралийн асуудал. Ийм холбоог ч монголчууд сайшаадаггүй заншил, уламжлалтай. Нэг үгэндээ ийм холбоо нийгмийн даралттай учирдаг, үнэхээр ийм холбоотой хүмүүс үүнээ чанадлан нууцалдаг болохоор “би үеэл дүүтэйгээ үсэрдэг учраас намайг шинжлээд өгөөч” гэж Чинбүрэн дээр очих хүн олдох уу, ямар хөлөө хугалчихсан биш? Үр хүүхдийнх нь эрүүл мэнд нь ч төдийлөн элбэг дэлбэг аюул учруулдаггүйг мянган судалгаа харуулсан. Тэр дундаа тэнэгрэх өвчин бүр цөөн. Ер нь тэнэг байх эрх ганцхан гишүүдэд л байдаг юм биш шүү.
“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах” сайн санаатнууд юун түрүүн өөрсдийгөө шинжлүүлмээр юм. Идэж уудаг, авилгад живэгсэдийн арга улам нарийсч дээрмээ хуульчилдаг болсон нь шинэ юм биш. Гэхдээ нийт хүмүүсийн нэр төрд халдах, гутаан доромжлох, шившиглэх зэрлэг арга хэрэглэлгүй тэрүүхэндээ идэж уугаад аятайхан явж болдоггүй юм уу?
Цус ойртох асуудлыг хуульчилахаар УИХ-д сая авч хэлэлцлээ. Хомсдолтой хүмүүсийг нэг дор цуглуулаад мэдэхгүй сэдвээр нь чөлөөтэй яриулахад инээдэм гэхээсээ эмгэнэл болдог юм байна. Юутай ч ихэнх нь ДНХ гэдэг гурван үсэг цээжилчихсэн нь бахдууштай. Бүх хүнийхээ ДНХ-г судлах гэнэ. Тэр нь их амархан, хүнээс ДНХ-г нь огтолж аваад томруулдаг шилээр харах юм байна. Тэгэнгүүт далд хэрэгтэн этгээдийн ДНХ-дээр “төрсөн охин дүү рүүгээ өмдөө шувтлаад дайрдаг”, “эцэгтэйгээ явалдаад маанаг хүүхэд төрүүлсэн”, “төрсөн ах дүү хоёр зальдаад гэрлээд хуримын ордонд гэрэлснээ бүртгүүлчихсэн” гээд дурайтал гараад ирэх аж. Тэгэнгүүт өөрөө цус ойртсоноос болж маанаг болсон гишүүн шууд зарга үүсгэн гэрлэлтийг цуцлан хүчингүй болгох гэнэ. Цааш нь яах юм бол, аягүй бол “чи бид хоёр цус ойртоогүй юм чинь нэг үзчих үү!” гэж давхиж очих юм болов уу? Юутай ч төсөвд сууж буй жилийн 16 тэрбум төгрөгийн хүч ч орсон л байх.
Хөдөөнийхөн гэж гишүүдээсээ дор ард түмэн байдаг бололтой. Тэдний яриагаар ах дүү эцэг эхээ таньдаггүй дайрч дарж аваад байдаг, дундаас нь маанаг хүүхэд цуваад байдаг гэнэ. Хоороороо хөдөөнийхнийг их өрөвдөцгөөж тусламжийн гараа сунгахаар тохиролцов бололтой. Үнэндээ хөдөө суманд биенээ хэдэн үеэр нь мэддэг учраас холын ч байсан хамаатан хүмүүс хоорондоо учир ургуулах төдийд бөөн шившиг болж, хэдэн жил ярьж шоолж зэвүүцэх сэдэвтэй болцгоодог. Хотошсон гишүүд харин биенийхээ удам судрыг мэдэхгүй учраас яасан ч байж магадгүй.
Хориод жилийн өмнө монголчуудыг иодын онц дутагдалтай учир хавтгайгаагаараа бамбай булчирхайтай (найлзуурыг эмч нар орчуулсан царай нь) болсныг судалгаа шинжилгээгээр илрүүлээд баахан иотой давс идүүлэв. Авчирсан иодоо борлуулаад дууссан бололтой, тэгэсхийгээд чимээгүй болсон. Хүүхдийг зөвхөн хөхөөр хооллоно, тэжээлээр хооллох болбол эмчийн бичигтэй яг тодорхой зааж зөвшөөрсөн тухайн тэжээлийг эмийн сангаас авна гэсэн хууль гарсан. УИХ-аар батлагдсан хууль шүү дээ. Харвард гэж нэг нохойд барьдаг мод байнаа. Тэр сургуулийн нэр барьсан нэг хүүхэн (Рекламаа духан дээрээ наачинсан гишүүнээс өөр хүүхэн шүү) нутагтаа ирээд эцэг эхээс нь зөвшөөрөл авалгүй баахан хүүхдэд “шинжилгээ” хийгээд, монголчуудын 97 хувь нь “Д витамины онц дутагдалтай” гэсэн дүгнэлт гаргаваа. Хэрэв тийм бол үндэстнээрээ тахир дутуу баймаар? УИХ-аас дэмжигч гэх универсал эрдэмтэн олсон нь үүнийг хөөцөлдөн хуульчиллаа. Бүх хүнс үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ Д витамин хольж байхыг төрийн хуулиар албадан шаардах болсон. Мэдээж ийм юмны араас шуналдаа хөтлөгдсөн Мэргэжлийн хяналтын газрынхан тэргүүлээд рэкэтэнд мордоцгооно. Энэ бол угаасаа тэдний амьдрах цор ганц гаршсан арга нь. Мөн эмч нартай тохирсон бололтой, тэд өвчтөн болгоныг Д-ийн онц дутагдалд орсныг хэлж, яагаад өдий хүртэл амьд явааг нь гайхан, бушуухан доод давхарт байгаа аптекаас олон арван мянган төгрөгийн үнэтэй витамин авч уу гэж зөвлөж байгаа царай гаргаад айлгах болов. Сүүлийн үед генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох тухай яриа өрнөх боллоо. Хүнсний бүтээгдэхүүний ген нь өөрчлөгдсөн эсэхийг хүн амьтны ходоод таньдаггүй маанаг гайхал шүү дээ. Монгол гэлтгүй ямар ч хүний ходоодонд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хэсэг” огт байдаггүй.
Хэрэв цус ойртолт гэсэн сэдвээр үүнээс арай илүү мэдээлэл авъя гэвэл жилийн өмнө baabar.mn-д гарсан “Цус ойртолт” гэсэн өгүүллийг http://baabar.mn/article/inbriding хаягаар орж харж болно. Мөн жинхэнээсээ энэ талын мэргэжлийн хүмүүс энэ тэнэглэлийг шүүмжилж арга барагдан өгсөн ярилцлагууд ч сонин хэвлэл болон сайтуудад байгаа.
()
Discussion about this post