Хар алтны сургамж ба таримал алтны судсыг боомилохын учир
Геополитикийн бодлого инфляцыг бий болгодог хүчин зүйл болж байхад эсрэгээрээ инфляц нь геоэкономик бодлогын зэвсэг болон хувирах боломжтой. Олон улсын харилцааны түүхэнд энэхүү үзэгдэл санаатай болон санамсаргүй байдлаар олон удаа болж өнгөрсөн.
Шинэ Кейнсийн эдийн засгийн онолд инфляцын шалтгааныг Эрэлтээс үүдэлтэй, Нийлүүлэлтээс үүдэлтэй, Төрлөхийн хэмээн 3 ангилдаг. Эдгээрээс нийлүүлэлтээс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт явагдах үзэгдлийг “Зардлаас үүдэлтэй инфляц” гэж нэрлэдэг.
Эл үзэгдлийг энгийнээр тайлбарлавал “Аливаа бараа бүтээгдэхүүнийг хийхэд ашиглагддаг гол түүхий эд хомсдож, тухайн барааг орлуулах өөр хувилбар байхгүй үед үнэ нэмэгдэх” үзэгдэл юм. Нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжлэх аваас иргэд үнийн дарамтад орж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа саатаж, нийтээрээ хямралын ангал руу урууддаг. Үүн дээр орчин цагт улс гүрнүүдийн эдийн засгийн харилцаа нэгнээсээ нягт хамааралтай болсон тул нэг улсад бий болсон нийлүүлэлтийн шок зөвхөн тэр улсын хил хязгаарт хазаарлагддаггүй. Товчхондоо “А” улсад түүхий эд хомсдож эрэлт нэмэгдэхэд “Б” улсад тухайн түүхий эдийн авах үнэ дагаж нэмэгддэг. Харин энэ үнийн өсөлт хүний өдөр тутмын зайлшгүй хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд дээр явагдаж байгаа цагт бодит геоэкономикийн бодлого болон хувирдаг.
Үүний хамгийн ойрын тод жишээ бол 1973-1974 онд болсон геополитикийн шалтгаантай хар алтны хямрал юм. Түүхийг эргэн харвал 1973 онд АНУ-ын конгресс Израйлд 2.2 тэрбум ам.долларын яаралтай тусламжийг үзүүлэх талаар хэлэлцэх үеэр Арабын нефть экспортлогч орнуудын байгууллага (OAPEC) эсэргүүцлээ илэрхийлэн АНУ-д газрын тосны хориг тавьсан.
Хориг зөвхөн АНУ-ын нефтийн импортыг тасалдуулаад зогсохгүй, экспортлогч талуудыг олборлолтоо танахад хүргэснээр дэлхийн зах зээл дээр нийлүүлэлтийн шокийн давлагаа болсон. Үр дүнд нь хоригийн өмнө баррель тутамдаа 2.90 ам. доллароор зарагдаж байсан газрын тос 1974 оны 1 дүгээр сард 11.65 ам.доллар болж бараг 400 гаруй хувиар өссөн[1]. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл түгээлтэд ашиглагддаг гол түүхий эд болох газрын тосны үнийн өсөлт дэлхийн өнцөг булан бүрт бараг бүх барааны үнийг өсгөсөн. Тус хямралын үеэр геополитикийн бодлогоор бий болсон инфляц геоэконимикийн зэвсэг болдог гэх онол биеллээ олж олон яриа хэлэлцээний дараа хоригийг 1974 оны 3 дугаар сард хоригийг албан ёсоор цуцалж байжээ.
Украины хямрал таримал алтны сувгийг тасалдуулав
2022 оны 2 дугаар сараас хойш өрнөж буй Орос Украины дайн инфляц геоэкономикийн зэвсэг болж болох хамгийн ойрын жишээ болох төлөвтэй. Учир нь ОХУ Украины дайн эхэлсэн даруйдаа Украины Хар тэнгист байрладаг боомтуудыг хааж эхэлсэн. Украинд Хар тэнгис, Азовын тэнгис, Дунай мөрөнд нийт 18 далайн боомт байдгаас 12 нь Хар тэнгист байрладаг. Эдгээр боомтуудаас Одесса, Чорноморск, Пивденный боомтууд нь тус улсын далайн худалдааны ихэнх хэсгийг бүрдүүлдэг хамгийн чухал боомтууд юм. Нэр дурдагдсан Хар тэнгисийн боомтуудаар олон төрлийн экспортын бүтээгдэхүүн Украинаас гардгаас хөрсөн дээрх таримал алт болох үр тариа дэлхийн хүнсний нийлүүлэлтийн сүлжээний гол бүтээгдэхүүн юм.
Хямрал эхэлж Оросын усан онгоцнууд Хар тэнгист эргүүл хийн Украины боомтуудад хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг бүрэн хорьсноор Украины олон сая тонн үр тариа дэлхийн зах зээлд гарч чадахгүй болсон нь дэлхийд хүнсний хямралын эрсдэлийг бий болгов.
Дэлхийн хүнсний хямрал гэдгийн цаад шалтгаан бол Украины үр тарианы шууд хэрэглэгчийн тоо 400 сая гаруй хүнээр тоологддог байдал юм[2]. Уг тоо шууд утгаараа өлсгөлөн, шууд бус утгаараа дэлхийн өнцөг булан бүрт үр тарианы үнийн өсөлтийг авчрах эрсдэлийг харуулна. Европын комиссын статистикаар Украин нь дэлхийн улаан буудайн зах зээлийн 10%, эрдэнэ шишийн зах зээлийн 15%, арвайн зах зээлийн 13%, наран цэцгийн тосны зах зээлийн тал гаруй хувийг нийлүүлдэг гол тоглогч юм. 2020 оны дүнгээр Украины үр тарайг хамгийн өндөр дүнгээр дараах улсууд худалдан авч байжээ[3].
Украины 2019-2020 тайлант хугацаанд экспортолсон улаан буудай, эрдэнэ шиш, арвайн хэмжээ 54.9 сая тонн, 2020-2021 онд 44.9 сая тонн тус тус байсан ба хямрал эхлэхээс өмнө 2022 онд 63.7 сая тонн үр тариа экспортлох төлөвтэй байсан[4]. Харамсалтай нь дайнаас үүдэлтэй Украины үр тарианы экспорт гацаж ердөө 33 сая тонн үр тариа экспортлов. Украины тариалангийн салбарын дээрх тоонууд зөвхөн Украины эдийн засагт нөлөөлөх шууд сөрөг нөлөөг харуулж байгаа бол эсрэг талд Украины үр тариаг худалдан авагч улсууд ихээхэн хохирол амссаар байгааг анхаарах хэрэгтэй.
Украины хямрал гурилын үнийг огцом өсгөв
2022 оны 2 дугаар сард Украины таримал алтны нийлүүлэлт хаагдсанаас үүсэх бодит эрсдэл зах зээл дээр тооцоолсноос түргэн хугацаанд биеллээ олж үр тарианы үнэ огцом өссөн. Гурилын үнэ гэхэд л олон улсын зах зээл дээр 3 сарын дотор тонн тутамдаа 60 гаруй хувиар өссөн[5]. Энэ нөлөөлөл бусад зах зээлийн хүчин зүйлстэй нэгдэн дэлхийн хүнсний үнэд огцом нөлөөлөв. Украины хямрал эхэлсэн 2 дугаар сараас хойш нэг сарын дараа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний үнийн индекс 13%-иар дагаж өссөн[6] нь үүний нотолгоо байв. Мэдээж энэ өсөлтөд эрчим хүчний үнэ өссөн, цар тахлын үеэр мөнгөний нийлүүлэлт ихэссэн зэрэг бусад нөлөө байгаа ч нийлүүлэлтийн тасалдал хамгийн хүчтэй нөлөө байсан нь маргаангүй юм.
Судсыг нээлттэй байлгах Турк, НҮБ-ын санаачилга талаар болов
Украины хямрал эхэлсэн даруйд НҮБ, Туркийн зуучлалаар Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр байгуулагдаж, талууд таримал алтны урсгалыг бүрмөсөн хаахгүй байхад талаар тохиролцоонд хүрч байв. Хэлэлцээрийг анх 2022 оны 7 дугаар сард байгуулж, Хар тэнгис дэх Украины боомтуудаас Хар тэнгисээр дамжих үр тарианы тээвэрлэлтэд аюулгүй нэвтрэх боломжийг олгосон. Дөрвөн удаа сунгагдсан уг гэрээний ачаар нэг жилд 33 сая тонн үр тариа Украины боомтуудаас гарсан бөгөөд 61 орчим хувь нь бага, дунд орлоготой орнуудад экспортлогдож үр дүнд нь үр тарианы үнэ тогтворжсон[7]. Гэтэл уг гэрээний хүчинтэй хугацаа 2023 оны 7 дугаар сарын 20-нд дуусгавар болохтой зэрэгцэн ОХУ гэрээг сунгахгүй гэдгээ илэрхийлсэн нь дахин нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн хөөргөдөл бий болох эрдсдэлийг авчрав.
Оросын тал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэрээг сунгахгүй болсон шалтгаанаа “Украины тал гэрээний дагуу үр тариагаа ядуу буурай орнууд руу явуулахгүй байгаа”, “Хар тэнгисийн маршрут аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй болсон” гэх мэт олон талаар тайлбарлаж байгаа боловч хөшигний цаана геоэкономик байх магадлал өндөр.
Энэ явдлын дараа ОХУ өөрийн РоссельхозБанкыг[8] SWIFT системд дахин холбох шаардлагыг тавиад амжсан[9] нь үүний нэг илрэл бас эхлэл юм. Өөрөөр хэлбэл геоэкономикийн нөхцөл байдлыг ашиглан дэлхийн санхүүгийн зах зээлээс бүр мөсөн тусгаарлагдсан банкны системээ буцааж нээх оролдлого байж болох юм.
Хар тэнгисийн үр тариаг сунгахгүйгээс үүдэх сөрөг үр дагавар
Украины хар тэнгисээр дамжих үр тарианы худалдаа тасалдах болсноор Украин хохироод зогсохгүй дэлхийн хүнсний зах зээлд нийлүүлэлтийн шинжтэй шок бий болж өргөн хэрэглээний үнэд дам нөлөөлсөн. 2022 оны 3 дугаар сарын үнийн өсөлтийг амжилттай саармагжуулж чадсан Хар тэнгисийн үр тарианы гэх гэрээ 2023 оны 7 дугаар сарын 17-нд албан ёсоор хүчингүй болж цааш хэрхэх нь тодорхойгүй болсноор хамгийн багадаа 33 сая тонн үр тарих дэлхийн зах зээлд нийлүүлэгдэхгүй гэсэн үг. Экспортын зогсолтын шууд үр дагавар нь онолын дагуу дараах 2 байдлаар илэрнэ.
-Хүнсний үнэ өсөх: Хэлэлцээрийн хугацаа дуусах нь дэлхийн зах зээлд үр тарианы үнийг өсгөж цаашлаад 2022 оны 2 дугаар улиралд болсон шиг дэлхийн хүнсний үнийн индексийг өсгөнө.
-Хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлнө: Хэлэлцээр сунгагдахгүй байснаар Украинаас хамааралтай улсуудын хүнсний хямрал нүүрлэнэ. Энэ нь зарим ядуу буурай орнуудыг хоол тэжээлийн дутагдалд хүргэж болзошгүй талаарх судалгаануудаар батлагддаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) дэлхийн 41 орны 181 сая хүн хүнсний хямралд нэрвэгдэх эсвэл өлсгөлөнгийн түвшин улам дордох магадлалтай хэмээн тооцоолсон[10].
Дээрх хоёр эрсдэлийн эцсийн хүрэх зогсоол бол гарцаагүй улс төрийн тогтворгүй байдал юм. Чухамхүү энэ л үед инфляц бүрэн утгаараа геополитикийн хэрэгсэл болж эхэлдэг. Хар тэнгисийн гэрээнээс ОХУ гарах болсноо зарласнаас хойш ердөө 10 гаруй хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Санкт-Петербургт болсон Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хэлсэн үгэндээ ОХУ-аас Африкийн зургаан улсад 25,000-50,000 тонн үр тариаг үнэ төлбөргүй өгөхөд бэлэн байна гэж мэдэгдлээ[11]. Цаашид ямар үйл явдлууд болж ХӨРСӨН ДЭЭРХ ТАРИМАЛ АЛТ-ыг тойрсон геоэкономикийн бодлого хэрхэхийг Украин, ОХУ-аас гадна дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Аюулгүй Байдал Судлалын хүрээлэн бэлтгэв
()
Discussion about this post