Оросын бизнесмэн, тэрбумтан Павел Антов Энэтхэгт зочид буудлын цонхоор унаж, нас баржээ. Тэрээр 66 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр Энэтхэгт ирж, 5 одтой тансаг зочид буудалд байрласан байжээ. Павел Антовыг нас барахаас ердөө 2-хон хоногийн өмнө түүний найз Владимир Буданов мөн зочид буудлын цонхоор унаж нас барсан байна. Тэд хамтдаа Энэтхэгт хамтдаа аялж явжээ.
Павел Антов нь Нэгдсэн Орос намын гишүүн бөгөөд 2018 оноос хойш Москвагийн ойролцоох бүс нутгаас сонгогдон парламентын гишүүн, ДУМ-ын депутатаар ажилласан. Улс төрд орохоосоо өмнө тэрээр Владимирскы “Стандарт” хүнс үйлдвэрлэлийн компанийг үүсгэн байгуулжээ. 2019 онд Форбес сэтгүүл Оросын хамгийн баян депутатуудыг шалгаруулахад Павел Антов жагсаалтын эхэнд бичигджээ.
Тэрээр 12 дугаар сарын дунд үед Энэтэхэгийн Одиша мужид найзуудын хамт иржээ. Тэд Энэтхэгээр аялж, Раяагада дахь “Sai international” зочид буудалд буужээ. Ингээд найз нь харамсалтайгаар амиа алдаж, 2 хоногийн дараа депутат цонхоор унан амиа алджээ. Түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж байна. Одишагийн цагдаа нар камерын бичлэгүүдийг шалгаж, нарийвчилсан шинжилгээ хийхэд Антовын үхлийг сэжигтэй гэх ямар нэгэн сэжүүр олдоогүй гэнэ.
Юутай ч Павел Антов дайныг эсэргүүцэж үх хэлсэн баячуудын нэг. Киев хотын Шевченковский дүүрэг дэх орон сууцны хороолол зун Оросын пуужингийн цохилтод өртөхөд Антов “Үүнийг терроризм гэхээс өөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна” гэсэн утгатай үг “WhatsApp” платформд бичиж байжээ. Гэвч дараа нь тэр үүнийгээ эрс няцааж, “Өөр хүн миний өмнөөс бичсэн байна. Би бол эх оронч ерөнхийлөгчөө дэмждэг хүн” гэж мэдэгдэж байжээ.
()
Discussion about this post